У.Хүрэлсүхийн “тэмцэгч” болж тоглож буй жүжгийн төгсгөл ойртож байна
Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдож байлаа.
Энэ үеэрээ тэрээр: “Оюутолгой Дубайн гэрээг шалгаж үзнэ. Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн байвал илрүүлж ажиллана. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Эгийн голын усан цахилгаан станц хөдлөхөд бэлэн байгаа…
Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ…Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.” гэх мэтээр амлаж, энэ нь ч иргэдэд тодорхой хэмжээгээр таалагдаж байв.
Гэсэн ч бодит байдал дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн байдал мэдэгдэхүйц дордож, төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж, бензины үнэ түүхэнд байгаагүйгээр өсөөд байна. У.Хүрэлсүх ч амласан шигээ тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмж өгсөнгүй.
Хамгийн гол нь У.Хүрэлсүх сахилга хариуцлага дэг журмыг тогтоох ажилдаа ч ямар нэгэн ахиц гаргасангүй.
Тодруулбал Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн асуудал огт шийдэгдсэнгүйгээр үл барим харин ч У.Хүрэлсүхийн туслах байж байгаад “МИАТ”-ийн дэд захирлаар ажиллах болсон залуу авилгын хэрэгт холбогдов.
Тэр бүү Монголын түүхэнд анх удаа яамны дарга нар өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа.
Гэтэл нөгөө сахилга хариуцлага ярих дуртай У.Хүрэлсүх маань хамгийн гол хариуцлага тооцох ёстой Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн даргыг өөрийнхөө зөвлөх болгож, дэвшүүлэх нь тэр.
Мөн хамгийн гол нь ЖДҮ-ийг Хөгжүүлэх Сангаас зээл авсан МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, танхимынхаа хоёр сайд, УИХ-ын гишүүн, өөрийнх нь фракцийн нөхөд болох Н.Учрал, Х.Нямбаатар, Т.Солтан, А.Сүхбат, Ж.Энхбаяр тэргүүтэнд ямар ч хариуцлага тооцохгүй өнөөг хүрснээр үл барам : ” ЖДҮ-гийн зээл буюу 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй” гэсэн тайлбар хийгээд иргэдийг тохуурхаад сууж байна.
Ийнхүү хууль бус зүйлийн эсрэг тэмцэх нь бүү хэл нэгэнт алдаа нь ил болсон нөхдөд хүртэл хариуцлага тооцож чадахгүй явсан Хүрэлсүх харин сүүлийн сар гаруйн хугацаанд гэнэт муу муухайн эсрэг тэмцэгч “Сүр Данзан”-гийн дүрд тоглож эхэллээ.
Энэ бүхний шалтгаан нь их энгийн аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах нь зөв гэсэн байр сууринд нэгэнт нэгджээ. У.Хүрэлсүх ч өөрөө огцорсон нь дээр юм байна гэж үзэж буй бололтой.
Учир нь нэгэнт эдийн засгийн мэдлэг тааруу У.Хүрэлсүхэд Монголын ард түмний амьдрал ахуйг өөд нь татах ямар нэгэн бодлого, төлөвлөсөн зүйл үгүй. Өнөөдөр л гэхэд төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж, бензины үнэ түүхэнд байгаагүйгээр өсөөд байна. У.Хүрэлсүхэд үүнийг тогтоон барих ямар ч чадвар, мэдлэг, төлөвлөгөө алга.
Иймээс ч Ерөнхий Сайд хэвээрээ байвал бараг хоёр, гуравхан сарын дараа л түүний нэр хүнд нь илт унаж, иргэдийн хараал, зүхлийн бай болох нь тодорхой.
Иймээс ч хаа хамаагүй Д.Хаянхярваа мэттэй тэмцэж яваад огцорсон хөөрхий баатрын дүрд тоглож, өрөвдүүлэхээр төлөвлөн, сошиал хөөсрүүлэлт хийж байж мэдэх тухай улс төрийн аналистууд дүгнэж байна.
Ийнхүү Ерөнхий Сайдаар бүтэн нэг жил ажиллаад ямар ч бодитой алхам хийгээгүй атлаа өөрийг нь огцруулах болонгуут гэнэт тэмцэгч болон тоглож буй У.Хүрэлсүхийн инээдмийн эмгэнэлт жүжгийн төгсгөл энэ долоо хоногт болох бололтой.
У.Отгонбаяр
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/97402
URL: