Цалин гэж цам харайхын учир….?

Эрт урьдын цагт их хүрээ, томхон хүрээ хийдэд «Цам харайх» гэдэг баяр ёслол болдог байжээ. Тэрхүү баяр ёслолыг үзэх гэж хөлтөй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хэвтээ нь өндийж, суугаа нь босч, уулсын цаанаас бол сургий нь сонсоод баярлаж, усны наанаас бол салхий нь үнэрлээд сэтгэл ханадаг байж. Нүглээ ариусган арилгаж, буянаа арвитган баяжуулах сэтгэлийн их засал хийдэг баяр болохоор «Цам харайх», Майдар эргэхийг үзэх нь нэгэн насны бахдал бөлгөө гэж судар ном, тэртээх баярыг үзсэн, сонссон, хууч яриаг дуулсан өвгөд хөгшид, эмээ, өвөө, аав ээжий дурсах нь гайхалтай.
Түвдийн орноос Далай ламыг Нийслэл хүрээнд ирлээ, Заяын хүрээнд буулаа гэхийг Чулуутын хавцалд сууж буй өвгөс, Тариатын хүрээнд амь зууж буй хөгшид сонсоод баярлаж, үрчлээ нэгийг тэнийлгэлээ гэж бахдаж байсныг өгүүлэх юун. Түүн лүгээ «Цам харайх» нь их учир жанцантай байж уу?
Тэгвэл өдгөө цагт «Цам харайх»-тай дүйцэхүйц жагсаал , цуглаан хийх, тэмцэж босох зэрэг донж хэлбэртэй юмс өрнөх болов оо. Зарим нэгэн улс төржсөн «Цам харайлт» нь ужгиран бэтгэрээд «Өлсөлт», «Суулт» нэртэйгээр өрнөж байдаг бол зарим нь жагсаал цуглаанаа хэтрүүлж, хийрхэл болгон дэвэргэснээс «Долоон сарын нэгэн» хэмээх нэртэй «Буудалцаан», «Муудалцаан» болоод хэв төрхөө алдаж, хэм хэмжээгээ алгасаж, чухмаа нүглийн «Там харайлт» болсныг бид мартамгүй.
Харин саяхан хүйтрэлийн эхэнд, ес эхлэхийн өмнөх синдром юм уу гэлтэй «Багш нарын ажил хаялт» хэмээх «Цам харайлт» боллоо. Энэ цам харайлт өмнөхөөс арай ондоо, яах аргагүй нийгэмшсэн, яриад суухаас илүүтэй яс тооцоо гаргаж нэхэл үүсгэсэн үзэгдэл боллоо. Гол нь «Цалин нэмэх» гэсэн ганцхан үгтэй, ганцхан зорилготой. Аргагүй байдалд амьдарч байсан багш нар арчаагүй байдалд боловсролын төлөө зүтгэж байжээ, хөөрхий. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг боловсролын төлөө багш нар боож үхэлгүй л тэмцээд явж, эвий. Тэд нар үнэхээр хэцүүхэн цалинтай байж шүү дээ. Ядаж байхад үнэлгээгүй ажил гэж нэрлээд өдөр бүхэн хийдэг дэвтэр засалт, анги даалт гээд хүүхэд бүрийнхээ төлөө мачийдаг «хар ажлын зураг»-аар хүртэх ёстой хэдэн бор төгрөгийг нь хэмнэж буй нэрээр алга болгосноос авдаг нь татуу болж. Тийм болохоор багш нар дэвтэр засалт гээчийг хийхээ больжээ. Үүнийг гэрчлэх нь сүүлийн үесийн сурагчид зөв бичиж чадахаа байсныг яалтай. Нэгээс дөрөвдүгээр анги төгстөл багш нар дэвтэр засаад үг үсгийн алдааг ёстой эрээн цоохор болтол засч заадаг байгаагүй бил үү, бидний үед. Тэгвэл дэвтэр засалтын мөнгөгүй багш нар үг үсгийн засалт хийнэ гдээг ч гонжийнжоо буйз аа. Сурагчдын хэл найруулга муу байх нь үүнээс үүдэлтэй аж. За тэгээд багш нар сурагчдаа заагуур / заазуур биш шүү/ модоороо хүүхдээ чичилж ч болохоо байснаас хойш ёс зүй гэдэг юм бас алга болсон. Энэ бол цалин хөлстэй хамаагүй л дээ. Гэхдээ багш нар хамгийн өндөр цалинтай байсныг эрхбиш бага ангийн ч гэлээ багшийн хүүхэд байсан мань мэт мэдэх л дээ. Зуны гурван сар хамгийн их амардаг нь багш нар байлаа. Тэд нар гурван сарынхаа цалин, амралтын мөнгийг нийлүүлээд авчихдаг тул гурван сар байтугай цатгалан амардаг байж билээ. Хөдөөний багш нар бол амралтаараа мотоцикль худалдаж аваад шавь нарынхаараа айлчилж тогоо нэрүүлээд, мах чануулж, тос холиулаад зуны гурван сарыг зугаатай өнгөрөөчихөж байсан санагдана. Хотын багш «Москвич» аваад монголоороо аялаад давхичихаж чаддаг байлаа шүү дээ. Тэгвэл орчин цагийн багш нар тэгж чадахгүй болжээ. Энэ юуных вэ? Тэдний цалин үнэхээр «шаазгайн баас» шиг аяганы ёроол дүүргэхгүй шахвхруу төдий болсных гэлтэй. Харин багш нар яаж амьдарч, ажиллаж чадаж байсан байна аа? Хаврын төгсөлт, хонхны баяраар багш сурагчгүй «Цам харайж» байсны буянд л болж байж уу даа, хөөрхий. Сургуулиуд дээр анги даалт гэдэг арын хаалганы нэгэн «Ар даалт» бий. Зарим сүйхээтэй багш хоёр анги зэрэг даадаг ч явдал мөр бий. Анги даасан , анги төгсгөсөн багш нар эцэг эхийн буянаар цулайгаад яваад байдаг арга бий. Зарим сүүхэйтэй эцэг эхийн зөвлөл бүрдүүлж чадвал машин тэрэгтэй болж, зуслангийн байшин босгоод авах энүүхэнд. Хивс, хөргөгч, угаалгын машин, комьпютер бол наад захын хэрэг. Багш нарын баяр, хонхны баяр хөөрхий багш нарын жинхэнэ «Цам харайлт» болно. Энэ үеэр тэд баяжихыг шахна. Сүүлийн үед дүн засах, шалгалтаар дааж гарах гэсэн далд аргууд олон болсон. Багш нарын цалин, орлогоо нэмэх эдгээр аргуудыг дарж, хаах аргагүй. Жил бүрийн хавар ярьдаг ч хааж боож, зогсоож, хорьж чадаагүй. Цалин бага улс ингэхээс өөр яахсан. Цалин бага багш нараа ингэж өөд нь татахаас өөр яахсан. Иймэрхүү ил далд аргаар багш нараа угжиж, хөхүүлэн дэмжиж 20 жилийг ардаа орхилоо. Ужгарсан асуудал сая л ил гарч, хувхайрсан багш нар цалингаа голж жагслаа. Зөв ш дээ. Хэдэн ч сонгуулийн ард гарав даа, хөөрхий. Тэгэхээс тэг гэх шиг сонгуулийн байр засах, сонгуулийн хар ажил хийх ганц улс нь багш нар байдаг. тэдэнд цалин нэмнэ гэж ганц ч улс төрч хэлдэггүй. Харин санал сайн хураалгаад өгөөрэй, олон санал олоод өгвөл…гэж сэм хэлээд, шивнээд гар дээр хэдэн бор мөнгө хаясан удаа бий байх, манай улс төрчдөд. Тэр мөнгө нь сонгуулийн дараа ууш зууш болоод өнгөрнө. Багш нар амраад есөн сарын нэгэнд цэцэг бариад зогсохдоо мөнөөх бага цалингаа мартчихна. Хорин намрын өглөө цэцэг бариад зогсохдоо багш нар цалингаа голох тухай ганц ч бодож байсангүй. Харин энэ жилийн өвөл, есөн ес эхлэхээс өмнөхөн цалингийнхаа багыг мэдэж жагсав. Зөв. Яаж сард авдаг 200-300 мянган төгрөгөөр 21 дэх «Ардчиллын өвөл» -өө давах вэ?
Адууны нэг гуяыг 110 мянган төгрөгөөр авч дийлэх бил үү? Үхрийн хоёр гуяыг 200 мянга давсан мөнгөөр авч чадах бил үү? Өм цөм идэшний мах авахад 500 мянган төгрөг хүрэхгүй боллоо. Бүтэн идэшний мах авахад нэгэн сая төгрөг хүрэхтэй үгүйтэй боллоо. Тиймээс бага цалинтай багш нар босохоос яахав.
Тэд хоолны мөнгөгүйдээ боссонгүй. Ерөөс амин зуулга нь хэцүүдсэндээ бослоо. Тэднийг дэмжих төр засаг байсангүй тул Үйлдвэрчний байгууллагыг түшлээ. Үгийг нь тоохгүй байсан тул жагслаа. Шавь нар нь төрийн түшээ болсон тул төрийн ордныг тойрон алхлаа. Ура гэж хашгираагүй ч уриа лоозон бариад жагслаа. Нэг л хөдөлж өгсөнгүй. Ажил хаялт хийж эхэллээ. Долоо хоног ажил хаялаа. Гэхдээ сайд дарга нарын хүүхэд сурдаг сургууль ажил хаяагүй тул тэд сайн анзаарсангүй. Харин зарим нэг бизнес, хувийн эздийн хүүхэд сурдаг сургууль ажил хаясан тул хүүхдээ хичээл завсардахад хувийн хэвшлийнхэн багш нарын ажил хаялтыг анзаарав. Хүүхэд хэцүүдлээ гэж хэл үг гаргав. Зарим газар хэрүүл өдөөв. Багш нарын ажил хаялт улс орон даяар өрнөж эхэлсэн тул Засгийн газар анхаарч хэлэлцээний ширээний ард дургүйхэн гэвч суув. Аргалаад өнгөрөх гэтэл болсонгүй. Ерөнхий сайдыг хэд хэдэн сайдтай нь хэд дахин уулзаж баймааж жагсаалаа, ажил хаялт, ажил хаялтаа өлсгөлөн болгохын даваан дээр зөвшилцөл гэгчид хүрэв. Зөвшилцөл гэдэг зөөлөн арга. Гэвч багш нар ширүүсэх төлөвтэй. Багш нар дээр эмч нар, урлагийнхан нэмэгдэх янзтай. Эмч нар бас яаж бага цалинтай ажиллаж байсан байна вэ? Урлагийнхан бүүр ичмээр, 100 гаруйхан мянган төгрөгөөр бүжиглээд, дуулаад, жүжиглээд сууж байж шүү дээ, хөөрхий. Эмч нар тангараг өргөөд, түүндээ дулдуйтаад яваад л байж. Урлагийнхан сэтгэлийнхээ хөөрүүд автаад, итгэлдээ дэндүү итгэн хууртаад гүйгээд л байж. Цалин үнэхээр дорд очжээ. Сэтгүүлчид бас бага цалинтайгаа мэдээд ээлжит бус их хурал хийж, удирдлагаа солиод цалингаа ор тас мартчихсан тууж явна.
Багш нарын цалинг дэмжиж ганц сэтгүүлч ганхийсэнгүй. Ганц чучил нэмсэнгүй. Гэвч багш нарын ажил хаялтын хаялгаар Засгийн газар сүр дуулиантай НЭМНЭ ГЭЭД БАЙСАН ЦАЛИНГИЙНХАА НЭМЭГДЛИЙГ эргэн харахад хүрлээ. Сонгуулийн шоу болгож он гаргаад хоёр тасдаж нэмэх гэсэн Засгийн газрын бодлого хэрэгжихээсээ арай урьтаж Багш нарын шахаанд өртлөө. Засгийн газар цалин нэмнэ гэж ярьсаар суугаад инфляцаа хөөргөдөөд авсан. Дарж чадахгүй болчихсон.
Нээнтгэнд орчихсон Засгийн газар дахиад нээтгэнд орлоо. Давхар нээтгэнд ороод суухын аргагүй болов. Ерөнхий сайд С.Батболд багш нартай хэд хэд уулзаад бөөрөнхйи хариу өгөх аргагүй болов. Гэхдээ шууд үнэнийг хэлэхээс яахав. Хэллээ. «Хөлөө жийх гэхээр хүрэлцэж өгдөггүй хөнжлийн хэмжээгээ тооцохоос аргагүй» гэлээ. Үнэн ш дээ. АН-тай нэг хөнжилд орсноос хойш хөлөө жийх гэхээр хөл нь цухуйгаад байгаа нь үнэн. Оюутолгойгоор хөнжлөө уртасгах гэж үзсэн. Иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа. Тэр нь инфляцийг өсгөөд авсан, өгсөндөө арвигүй л байна. Засгийн газар, Ажил олгоч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл зөвшилцөөд ирэх оны төсөвт 140 тэрбум төгрөгийн тодотгол хийхээр боллоо. Хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1 -нд тус тус цалин нэмэх болов. Хоёрдугаар сарын 1-нд 80000 төгрөг нэмнэ. Тавдугаар сарын 1-нд 23 хувь нэмнэ. Хувийн хэвшлийнхэнд 53 хувь нэмнэ. Гурав, тавдугаар сард тэтгэврийг 53 хувь нэмнэ. Дээрх 140 тэрбум төгрөгөөр энэхүү цалин, тэтгэврийг нэмэх бололтой. Цалин ч яахав, нэмэх нь ээ. Үүний цаана инфляц, юмны үнийн хөөрөгдлийг яах вэ?
Цалин нэмдэг европ аргыг цаашдаа хэрэглэвэл яасан юм бэ? Европчууд цалин нэмнэ гэж шоуддаггүй. Хэрвээ тэгж шоудвал шууд «алуулна». Тэгж хэлсэн сайд огцрохоос аргагүйд хүрнэ. Тийм халгаатай сургамж бий. Цалингаа нэмлээ гэхэд сэмхэн нэмж, ажиллагсаддаа дугтуйтай мөнгө тараана. Тэр нь шулуухан. Цалинг нууцлана. Энэ нь ч шулуухан. Цалинг нь хүрэлцээтэй нэмсэн тул ажиллагсад дуугүй. Харин бишдээд ирвэл шууд ажил хаялт хийнэ. Цагийг нь олж ажлаа хаясан шиг хаядаг болохоор Засгийн газар айж, тэр дор нь хариу өгч амсхийлгэнэ. Манайд бол эсрэгээрээ. Цалин нэмнэ гэж төрийн нэг түшээ улсын их хурлын танхимд хашгирч, цалин нэмнэ гэж нэг сайд танхимдаа дураар орилсноос болоод юмны үнэ гудамжинд шууд хөөрөгдөнө. Чанга хашгирсан түшээ, сайд хоёр «Ардын баатар» болох шахна. Тэдэнд хариуцлага тооцох аргагүй. Тэр байтугай төсөв хэлэлцэх үед «Цалин нэмнэ» гэж ганц ганхийхгүй атлаа тансаг машины үнэ нэмье, татвар ихэсгэе гээд гонгиноод эхлэхээр наймаачид шатахуун, машин, мах, гурилынхаа үнийг нэмчихнэ. Цуурай хаана хангинана дагаад үнэ хангинана. Цалин нэмэлгүй татвар нэмчихээр олон хүний авдаг нь багасч, хувийнхны орлого багасч, зарим газар үүдээ барихад хүрдэг нь нууц биш. Төсөв дотор үйлдвэр барьж, ажлын байр нэмээд, алт, эрдэнэсээс ашиг нэмж орлого ахиулья гэсэн ганц санаа цухалзахгүй мөртөө амласан мөнгөө тараахын тулд гаднаас зээл авья гэсэн балай саналаа гар өргөөд баталчихыг нь яана.
Өнгөрсөн оны төсөвт цалин нэмэхтэй холбоотой ганц үсэг цухалзаагүй. Харин багш нарын ажил хаялтаар төсвийн тодотголд оруулж байж их бага нэмэх шийдэлд хүрлээ. Тэд төсөвтөө цалин нэмэх тухай оруулаагүй нь ч учиртай. Сонгуулийн шоу болгож цалинг зургадугаар сар дөхүүлж нэмье гээд хойш тавьсныг энэ удаагийн ажил хаялтын хаялгаар наашлуулж чадлаа. Төсөвт сох дутааж, оргүй хаячихсан байсныг нэхэж байж нэмж оруулахаар боллоо. Багш нарын цалин нэхэж «Цам харайсан» учир энэ. Цагаа олж «Цам харайлаа» багш нар минь. Буруу үед «Цам харайвал» буцаад «Там харайлт» болчихно. 12 сарын 12-ны ажил хаялт бус сонгуулийн будилаан шиг «7 сарын 1» болчихвол яана? Зөв үедээ «Цам харайвал» болдог л юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих