О.Үйтүмэн дөрвөн жилийн дараа дахин түрүүлэв
Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Жамбул мужийн Тарас хотын “Тарас арена”-д боллоо. Манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр гэсэн таван тамирчин хүч үзсэн юм. 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн алтан медалийн эзэн болж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Үйтээ Тарасын дэвжээнд эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азамат Даулетбеков, өсвөр үеийн дэлхийн болон залуучуудын Азийн аварга Эльхан Ассадов нарыг тус тус ялж, дөрвөн жилийн өмнөх амжилтаа (2014 онд түрүүлсэн) давтаж, тус тэмцээний хошой аварга боллоо. Зургаа дахь удаагийн уламжлалт тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Тажикистан, Беларусь, Кыргызстан, Узбекистан гэсэн долоон орны 150 гаруй бөхчүүд 10 жинд өрсөлдөв. Тэмцээний нийт шагналын сан 75 мянган ам.доллар байсан бөгөөд түрүү бөх 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 “ногоон”-ы эзэн болжээ.
URL: