Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан, эрх баригч МАН-ын хэрүүл тэмцэл хурцадсан долоо хоног
Өнгөрч буй 7 хоногийн улс төрийн хамгийн гол үйл явдал бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж, УИХ дахь тус намын бүлгийн хагарал тэмцэл улам гүнзгийрч байгааг харуулсан үйл явдал байлаа. Ийнхүү эрх баригч МАН-хан бие биенийхээ эсрэг сөрөн зогсон нь монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал улам ужиграх тал руугаа орсны шинж тэмдэг болж байгаа бөгөөд үүгээрээ өнгөрч буй долоо хоногийн хамгийн гол үйл явдалд тооцогдлоо.
Мөн өнгөрсөн долоо хоногийн нэгэн чухал үйл явдал бол 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх явдал байлаа. Харамсалтай нь уг асуудал холбогдох байнгын хорооны ирц хүрэлцэхгүй шалтгаанаар хойшилсон бөгөөд мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 40 орчим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцортол УИХ-ын ажиллагаанд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь ноцтой гэмээр үйл явдал боллоо.
Харин УИХ-ын дарга М.Энхболд уг үйлдлийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан бөгөөд эцэст нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж гишүүдийн 82,6 хувь нь үзлээ.
Сүүлийн үед хэрүүл маргааны гол сэдэв болоод байгаа ЖДҮЗС –ийн асуудал мөн өнгөрсөн долоо хоногийн гол онцлох сэдвүүдийн нэг байлаа. Үүний нэг сонирхолтой үйл явдал бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй гишүүд ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан явдал болсон юм. Харамсалтай нь өдгөө энэ асуудал ямар нэгэн гарц шийдэлгүй улс төрийн хэрүүл алим болсон хэвээр л байгаа нь байдлыг улам даамжруулсаар байна.
Мөн өнгөрсон долоо хоногийн нэг онцлох үйл явдал бол Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИХТ-ийн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал байлаа. Гэвч уг асуудал НИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн саналаар дахин хойшилж ирэх долоо хоногт хэлэлцэгдхээр болов.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон бас нэгэн чухал үйл явдал бол Тавантолгойн нүүрсийг боловсруулж жилд 600 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх чадалтай үйлдвэр ашиглалтад орсон үйл явдал бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна хэмээн тооцжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногийн өөр нэг дуулиантай үйл явдал нь “Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал БЗД, Чингэлтэй, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн үйл явдал бөгөөд тэдэнд шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноолоо.
URL: