Эрчүүдийг хүртэл дурлуулж явсан алаг нүдэн ОНОН
“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр. Оюутан байх даа.
“X-ТҮЦ” хамтлагийн ахлагч Н.Ононтой ярилцлаа.
-Шинэ он хаяанд ирсэн байна. Уран бүтээлч хүний хувьд ямар ололт амжилттай шинэ оныг угтаж байна?
-Би продакшнаа толгойлдог ухаантай юм. Тиймээс миний хувийн амжилт гэхээс илүү продакшн маань өнгөрсөн жил ямар уран бүтээл хийсэн тухай ярих нь зөв болов уу. Бид өнөө жил “Болсон явдал” нэртэй кино хийлээ. Энэ бүтээл маань амжилттай болж, эрэлт хэрэгцээтэй киногоор шалгарах шиг болно лээ. “Х-ТҮЦ” энэ жил хоёр дахь гавьяатаа өлгийдөж авлаа. Уран бүтээлүүд маш амжилттай явж байна. Ерөнхийдөө сэтгэл хангалуун байна.
-Хувь уран бүтээлчийнхээ хувьд та юу амжуулав. Тэр бүр кинонд тоглож харагддаггүй Н.Онон “Аравт” кинонд баатрын дүр бүтээсэн сураг байсан?
-Би дэлгэцийн кинонд бага тоглодог. Дургүйдээ ч биш л дээ. Сайн кинонд тоглочих юмсан гэдэг үүднээс киноны урилга болгоныг хүлээж аваад байдаггүй. “Аравт” киног түүхэн сэдэвтэй гэдэг үүднээс тоглосон.
-Түүхэн кинонд дүр бүтээх сонирхол жүжигчин бүрт байдаг шиг байгаа юм. Баатрын дүр бүтээхсэн гэдэг далд бодол танд байсан л байх?
-Би энэ тухай огт боддоггүй байсан. Тэгсэн сэтгэлийн мухарт байдаг юм байна. (инээв). Сайн кинонд л тоглоно гэж бодож байснаас заавал түүхэн кинонд тоглох юмсан гэж бодож байгаагүй. Мэдээж хэрэг жүжигчин хүн гайгүй дүр бүтээх юмсан л гэж бодно. Гэхдээ түүхэн кинонд тоглосноороо сайн жүжигчин болчихгүй. Түүхэн кино нь харьцангуй ховор хийгддэг учраас уран бүтээлч, жүжигчид тийм кинонд тоглох хүсэл байдаг байх. Миний хувьд түүхэн дүр бүтээж, хайр дурлалын баатарт тоглох хүсэл төдийлөн төрж байгаагүй. Над шиг царайтай, над шиг намхан бие хаатай хүн түүхэн баатарт тоглох юмсан гэж бодоод ч яах юм. Монгол орон над шиг баатартай байснаас байгаагүй нь дээр. Ер нь жүжигчин хүнд байгалиас заяасан фактур гэж бий. Надад бол эмэгтэй хүний дүрд хувирах их наалддаг. Гудамжинд алхаж байвал ер нь боломжийн тарган авгай байна даа гэж харахаар хувирдаг хүн чинь баатарт тоглоно гэж бодогдохгүй биз дээ. Оюутан байхад Доржсамбуу багш маань нэг түүхэн жүжиг найруулж би олны хэсэгт тоглох санаатай баатрын хувцас өмсчихсөн толинд өөрийгөө хараад зогсож байтал багш хажуугаар өнгөрөхдөө инээгээд шоолоод өнгөрсөн. Би ч өөртөө итгэлгүй эмэгтэй хүнд баатрын хувцас өмсчихсөн юм шиг ичээд зогсож байсныг хэлэх үү, улам ичээд багшаа та яагаад инээгээд байгаа юм гэхэд. Тэгсэн багш “Ийм цэрэгтэй хаанаас ямар дайсан айхав дээ” гээд хөхрөөд байсан.
-Гэхдээ л та баатрын дүрд тоглочихлоо шүү дээ. Байж болмоор санагдаж байна уу?
-Байж болмоор санагдсан. Найруулагч баатрын дүрд тоглох санал тавихад анхандаа би нэг далжигар дүрд тоглуулах гээд дуудаад байгаа юм байх гэж бодсон чинь арван цэргийн нэг гэхээр нь гайхаад “Та нар сайн бодоорой. Хүмүүст наалдахгүй байх вий. Яаж ч тоглоод үнэмшигдэхгүй царай байвал наалдахгүй шүү” гэсэн. Тэгээд миний царай төрхийг эртний хүмүүсийн төрхөд хувиргаж зурж үзүүлсэн. Тэрийг хараад байж болмоор санагдсан. Сураг сонсох нь ээ, энэ кино нь он гараад нээлтээ хийх юм шиг байна.
-Оюутан байхдаа кино зураг авалтад оролцож байхдаа эрчүүдийг дурлуулж явсан гэдэг юм билээ. Тийм эмэгтэйлэг байсан гэж үү?
-Үнэхээр болсон явдал л даа. Одоо энэ А.Энхтайван гуай Чингэс болдог “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бид нарыг оюутан байхад хийгдсэн юм. Олны хэсэгт оюутнуудыг тоглуулахаар авчраад бүгд баатрын хувцас өмсчихсөн зураг авалтын газар иртэл нэг өндөр биерхүү хар залуу ирээд “Ачааг тань майханд чинь оруулаад өгөх үү” гээд хүрээд ирсэн. Би ч нэг их юм бодолгүй өөрөө өргөөд явчихгүй юу. Гэтэл нөгөө залуу чинь “Манайхаан зураг авалт дуусахад энэ охин минийх болсон байна” гэсэн байгаа юм. Дараа нь бид хоёр танилцаад бөөн инээдэм болж байлаа. Яг тэр зураг авалтын үеэр дүр гарвал найруулагч “Оюутнуудаа дүр гарлаа шүү” гээд хашгирдаг. Тэгэнгүүт оюутнууд пир гээд л гүйдэг. Тэр дунд ороод гүйхээр Доржсамбуу багш Онон буц л гэдэг байсан. Найруулагч нь Балжинням гуай байсан. Багш яагаад намайг тоохгүй байгаа юм бол Балжинням найруулагчийн нүдэнд өртчих юмсан гээд морь унаад л зураг авалтын талбай дундуур давхиад юм шүүрээд л давхиад байв. Нүдний булангаараа найруулагчийн зүг харахаар намайг огт анзаарсан шинжгүй. Хэд хэдэн удаагийн үйлдэл хийгээд нэг хартал ашгүй над руу заагаад хоорондоо юм ярьж байна аа. Дотроо баярлаад за нэг дүрд тэнцчихэж гээд бодож амжаагүй байтал Доржсамбуу багш дуудаж байна. Хүрээд очтол юу ч билээ нэг юм асуугаад би хариултал “Тээр эрэгтэй л байгаа биз дээ” гэхээс өөр юм хэлсэнгүй. Гэтэл Балжинням найруулагч юун эмэгтэй хүүхэд морь унаад давхиад байгаа юм. Эмэгтэй хүүхэд морь малнаас унаад бэртчихнэ болиул гэтэл манай багш эрэгтэй хүүхэд гэсэн итгэхгүй дуудсан нь тэр юм билээ. Тэр зураг авалтаас би эмэгтэй хувцас өмссөн нэг зурагтай л үлдсэн дээ. Хүн болгон эмэгтэй гээд байхаар нь эмэгтэй хувцас зориудаар өмсч зураг авахуулсан юм.
-Хамтлаг байгуулж урлагийнхнаас өрх тусгаарлаж гарснаараа та мэдээж хожсон л байх. Барын сүүл байснаас батганы толгой байх гэсэн хүмүүс олон болж. Энэ ер нь хэр зөв юм бэ?
-Барын сүүл байх муу биш. Бар чинь сүүлэндээ л хамаг учир утга нь байдаг юм биш үү. Сүүлгүй бар яавч тийм хүчтэй, хурдан хөдөлж чадахгүй. Монголчууд бүгд батганы толгой болох гээд дайраад байгаа нь үнэн. Үүнийг буруутгах аргагүй ч барын сайн сүүл байх нь заримдаа дээр байж болох л юм. Миний хувьд анх энэ продакшнаа өөрөө хөтөлж удирдаж гараагүй юм. Тухайн үед Одноо, Аглуу бид нар УДЭТ-т ажиллаж байсан. Театрт байхад Одноо бид хоёр хамтарч тоглолт хийж үзье гэж ярилцаад Найдандорж найруулагч найруулаад “Х-Түц” нэртэй тоглолт хийж байсан. Дараа нь нэг намар тоглолт хийх гээд реклам сурталчилгаа цацчихсан байсан чинь театрын найруулагч Баатар хурал хийгээд биднийг “Театрын жүжигчний хажуугаар тоглоод байж болохгүй. Тийшээ явах юм бол шууд театраас зайлаарай” гэсэн. Би тэр үедээ театрт ганц хоёр гол дүрд тоглочихсон, Одноо маань ихэнх уран бүтээлийн гол дүрд тоглочихсон, Аглуу театрт ороод таван жил шахам болчихсон байсан үе. Нэгэнт тоглолт хийнэ гээд реклам сурталчилгаагаа цацчихсан болохоор бидэнд сонголт хийх л үлдсэн. Тэгээд театраасаа нүүр будгаа аваад шууд гарсан даа. Tеатраасаа гарлаа шүү ч гэж хэлээгүй. Театраасаа явахад Одончимэг хамгийн их эсэргүүцэж байсан. Аргагүй л дээ. Одноо алдах юм ихтэй байсан. Шударгаар ярихад надад бол алдах юм байгаагүй. Харамсах юм байхгүй учраас, бас эр хүн учраас азаа үзмээр санагдаад л явсан.
-Танай хамтлаг хошин урлагийн хамтлагуудаас хамгийн олон гавьяаттай нь. Та хэзээ гавьяат болох гэж байна даа?
-Гавьяат гэдэг бол их хүндтэй цол. Төр хишгээ хайрлаж байгаа том хэлбэр. Энэ том хүндтэй цолыг заавал хүн болгон авах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юмуу. Орчин үед ялангуяа манай урлагийнхан өвчин тусчихсан байна шүү. Урлагт олон жил ажилласан л бол гавьяат авах ёстой гэсэн ойлголттой болсон байна. Үгүй шүү дээ. Урлагт үр бүтээлтэй ажилласан хүнд л өгдөг. Энэ чинь тэтгэвэр биш шүү дээ. Хүн болгон л үр бүтээлтэй ажилласан гэж боддог байх. Гэхдээ онцгой үр бүтээлтэй ажиллах ёстой биз дээ. Тийм хүнд өгч байгаа шагнал гэж ойлгодог. Гэтэл нөгөө хоёроо дагаад би заавал авах шаардлага байгаа ч юм уу, мэдэхгүй.
-Та өөрийгөө хэр үр бүтээлтэй ажиллаж байна гэж ойлгодог вэ?
-Миний үр бүтээл гэдэг бол продакшны үр бүтээл. Надад миний гэсэн ойлголт байхгүй болчихсон. Продакшн муу явбал тодорхой хэмжээгээр надтай холбоотой. Сайн явбал мөн л надтай холбоотой. Манайхаас хоёр гавьяат төрчихнө гэдэг би авснаас ялгаа юу байна.
-Дуучин Д.Болд төрийн ордонд тоглолт хийж, араас нь Чинбат тоглолоо. Төрийн ордонд тоглолт хийх нь зөв, буруу гээд л ярьж байна. Та аль талд нь байна?
-Би Төрийн ордонд тоглолт хийсэнд баярлаж байгаа. Яагаад тэнд тоглолт хийж болдоггүй юм. Иргэний хөдөлгөөний Батзандан билүү нэг нөхөр “Болд тоглолт хийлээ. Одоо хошин шогийнхон хийх нь л дээ” гээд ярьж байна лээ. Хийсэн ч яадаг юм. Төрийн ордонд яагаад урлаг ханхалж болдоггүй юм. Болд тэнд дуулснаараа, гоё хөгжим эгшиглүүлснээрээ жавар нь үргэж байгаа юм биш үү. Хааяа урлагийнхныг аваачаад тоглуулчихаж байг л дээ.
-2011 оны он солигдох мөчид Ерөнхийлөгч сүү өргөж, ард түмнээ архигүй баяр тэмдэглэхийг уриалсан. Манай сонин бас архигүй шинэ жилийг тэмдэглэхийг уншигчдадаа уриалдаг. Энэ жилийн тухайд байгууллагуудын шинэ жил ямархуу хандлагатай байх шиг байна?
-Би тэр болгон байгууллага, албан газруудын урилгад очоод тоглолт хийгээд байж амждаггүй. Тиймээс ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сүү өргөдөг муухай санагдаагүй. Яагаад өмнөх Ерөнхийлөгч нар үүнийг сэтгээгүй юм. Сэтгэсэн нь мундаг байна. Миний л анзаарснаар монголчууд ерөнхийдөө архи дарснаас холдчихсон юм биш үү. Аргагүй л амьдрал нь хэцүү, амьдралд нь гэрэл гэгээгүй болчихсон цөөн тооны хүмүүс гутарсандаа уудаг байх. Ер нь хүн ажилтай л байх юм бол ажилдаа нухлагдаад архи уух манатай болдог. Хүмүүсийг битгий архи уу гэж хэлэхийн оронд бүгдийг нь ажил төрөлтэй болгохын төлөө энэ төр засгийнхан юм хийх ёстой. Архи уух завгүй болго л доо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байгаль дэлхийгээ хайрлая, архи биш сүү өргөж амьдаръя гээд хоёр зөв мессеж хүмүүст өгчихлөө. Бас төр ард түмэн бид нартай ойрхон байх ёстой юм байна гэдэг ойлголтыг өгч чадаад байгаа юм болов уу. Ерөнхийлөгч рүү утасдаад “Би Онон гэдэг жүжигчин байна. Тантай цаг авч уулзаад санал бодлоо хэлье” гэхэд байж болмоор ч юм шиг. Тийм сэтгэгдэл хүмүүст төрүүлчихсэн нь том гавьяа юм болов уу. Яг нарийндаа би энэ Ерөнхийлөгчийн эсрэг байсан хүн шүү дээ. Би Н.Энхбаярт санал өгчихсөн байхгүй юу. Одоо бол би буруу санал өгсөн байна гэж бодож байгаа.
-Баатрын дүрд тоглосон тухай ярьж байхдаа та “Над шиг намхан хүнээр яах юм” гэлээ. Өөрийнхөө гадаад үзэмжинд тийм ч сэтгэл хангалуун байдаггүй бололтой?
-Би өөрийгөө доош нь хийгээгүй шүү. Тэр дүрд тохирохгүй бие хаа л гэсэн үг. Би өөрийгөө намхан, мяа гэж бодож байгаагүй. Намхан нуруундаа гутарч явсангүй. Энэ бие хаа, энэ царайгаараа л явж ирсэн. Үнэндээ би царай муутай эр бас биш. Хэн ч намайг хараад үзээрийн царайтай гэж хэлэхгүй.
-Таны өндөр хэд вэ?
-Би Том Крузтэй өндрөөрөө ижил гээд л бод. Том Крузыг киноноос хараад өндөр том залуу гэсэн ойлголттой байсан чинь саяхан интернэтээс надтай адилхан өндөртэй болохыг олж хараад гайхсан. Тайз хүнийг тийм гоё харагдуулдаг. Би ч тайзан дээр өндөр том харагддаг. Хүмүүс тайзнаас өөр газар намайг харчихаад ийм намхан юм уу гээд байдаг. (Том Круз 172 см өндөртэй. сурв)
-Махлаг байх нь таны бараг имиж болчихож. Турах оролдлого хийдэг үү?
-Турах хэрэгтэй. Залуу 20-21 настай байхад анзаардаггүй л байж. Одоо бол турах хэрэгтэй гэдгийг ойлгох болсон. Ер нь би нэлээд жин хасчихаад байгаа. Тарга гэдэг өвчнийх байж болно. Өвчнийх биш бол арчаагүйнх л болоод байна. Махлаг мариалаг байсан үеийнхээ бичлэгийг одоо үзээд “Онон чи ямар үзээрийн байсан юм бэ” гэж бодогддог.
-Аав ээжийнхээ тухай яриач. Ононгийн ах, дүү гээд хүмүүс ер сонсогдохгүй юм. Урлагт лав байхгүй байх аа?
-Би эцэг эхээс хоёулаа. Дээрээ нэг эгчтэй. Эгч маань гадаадад амьдардаг. Аав, ээж хоёр маань хоёулаа эмч улсууд. Аав маань Нанжид гэж Анагаах ухааны доктор зүрхний эмч хүн. Насаараа гуравдугаар эмнэлэгт ажилласан. Сүүлдээ хувийн эмнэлэг байгуулж ажиллаж байгаад өнгөрсөн дөө хөөрхий. Ээж маань хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ сууж байна. Миний аав Хэнтийн Батширээт сумын хүн. Б.Нямаа гуайн “Арандлынхан” гэдэг роман дээр манай өвөг эцгийн тухай гардаг. Би удам судраараа бахархдаг. Миний өвөг эцэг Буян гэж харуул занги хүн байсан юм билээ. Өвөг эцэг Хэнтийн буриадуудыг тэнд суурьшихад их чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэж надад ойлгуулсан. Миний аав морь уядаг, моринд хачин их хорхойтой хүн байлаа. Мотоцикльтой уралдааны морь дагаж яваад мотоцикль нь эвдрэхээр хаячихаад уралдаж байгаа морины араас гүйчихдэг хүн байсан. Манай хөгшин аав ялгаагүй. Суга таягтай, үстэй дээлтэй гаансаа нэрж сууснаа морь ирэнгүүт галтай гаансаа өвөртлөөд таягаа хаяад хоёр хөлөөрөө гүйгээд морио хусаад дууссаны дараа гэнэт таягаа санаж доголж байсан тийм хүмүүс. Цусанд нь байдаг шиг байгаа юм.
-Та морь уядаг уу?
-Би морь уяж байгаад сүүлдээ эдийн засагтаа боомилогдоод больсон. Манай аав 2000 онд өнгөрсөн. Ааваас хойш 7-8 жил морьтой ноцолдлоо. Одоо морь уях гэдэг чинь хөрөнгөний асуудал болчихож. Моринд мөнгө өгч байхаар үр хүүхдүүдийнхээ боловсрол руу мөнгө хийе дээ гэсэн бодлоор больчихсон.
-Шинэ жилээр танай хамтлаг үзэгчдэд ямар шинэ уран бүтээл үзүүлэх гэж байна?
-Манайх ТВ-9, UBS телевизтэй хамтран шинэ жилийн нэвтрүүлэг хийж байгаа. Уламжлал болчихсон зүйл. Энэ жил UBS-тэй “Орших уу, эс орших уу” нэвтрүүлгийг хийж байна. ТВ-9-тэй “Эх хүү” хоёрын харьцааны тухай инээдэм гэхээсээ илүү ухаарлыг харуулсан нэвтрүүлэг хийж байгаа.
Д.ЦОГЗОЛМАА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: