У.Хүрэлсүх: Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзлээ. Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн үгэндээ би өнөөдрийг хүртэл үнэнч байсан гэдгээ хэлмээр байна. Ойрын хугацаанд нийгмийн бухимдал их байна. Ард түмэн маань надаас хоёр зүйлийг хүсч байгаа. Нэгдүгээрт шудрага ёс, Хоёрдугаарт, эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах. Сүүлийн үеийн судалгаагаар ард түмний хамгийн их хүсч байгаа зүйл шударга ёс юм гэдгийг тодорхойлоод байна. Шударга ёсны дараа ахуй амьдралын асуудлыг хэлэлцэж байна.
Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, амь насаа хайрлахгүй шударга ёсны төлөө тэмцэх. Хоёрдугаарт, бууж өгөөд албан тушаалаасаа зууралдах. Би нэгдэх замыг сонгоно. Би шудрага ёсны төлөө тэмцэхийг сонгоно. Зарим албан тушаалтан ажил албаа хүлээлгэн өгөх ёстой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд би мэдэрч байна. МАНАН гэж үнэхээр байдаг юм. Би МАНАН-тай тэмцэж байна. Нам нам дамжсан олгирахиуд, Монголын ард түмний мөнгөөр цадсан, үр хүүхэд төрд шургалсан байна. Энэ бүхэнтэй тэмцэхэд хуулийн болон эрх мэдлийн хүч хүрэлцээгүй байна. Харин надад сэтгэл санааны хүч хүрэлцээтэй байна. Би 60 тэрбумын бичлэгийг үнэн гэж хэлнэ. Монголын төрийн албан тушаалыг худалдсан уу, ярьсан уу гэдэг үнэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Мөн М.Энхболд бол газрын наймаачин гэдэг нь ч үнэн. Тиймээс би М.Энхболдыг огцруулах хүсэлт гаргасан. Мөн Д.Хаянхярвааг 60 тэрбумынханыг өмгөөлсөн, хууль бусын талд зогссон учир огцруулах саналыг гаргасан. С.Батболдыг ажлаа хийж чадаагүйнх нь төлөө огцруулах санал гаргасан. Үүнээс цааш газар үгүй гэдэг үг байдаг. Одоо төрийн эсрэг, түмний эсрэг байсан хүн бүрийн эсрэг шудрага ёсыг төлөвшүүлэхийн төлөө ажиллана. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулах ёстой. Энэ бүхнийг соргог мэдэрч цаг алдалгүй арга хэмжээ авна. Мөн ЖДҮ-тэй холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ ч хэлмээр байна” хэмээлээ.
URL: