Дугаартайгаа шилжих үйлчилгээ хуультайгаа хамт ул болсон уу?
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлж ойрын үед УИХ-аар хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд нэн чухал сэдвийг хөндөж тавьсан нь өнөөдрийг хүртэл олон нийтийн хүсэн хүлээсээр байгаа дугаартайгаа шилжих үйлчилгээ байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “2014 оны долдугаар сард Харилцаа холбооны хууль батлахдаа гар утасны дугаар бол иргэний өөрийнх нь өмч юм аа гэж дэлхий нийтийн ойлголтын үүднээс авч үзсэн. Аль нэг үүрэн телефоны операторын барьцаалагдсан үйлчлүүлэгч байх нөхцөлийг халж хууль гаргасан шүү. Гэтэл одоо болтол хэрэгжүүлэхгүй юм.
Үүрэн холбооны компаниудаасаа болоод байгаа юм уу, төрөөсөө болоод байгаа юм уу. Төрийн байгууллага нь үүнийг хийхийг хүсэхгүй, үүний цаана лобби үйлчлээд байна уу, цаашдаа энэ хуулийг хэзээ хэрэгжүүлэх юм” хэмээн хатуухан асуусан ч чуулганы хуралдаанд оролцсон холбогдох мэргэжилтнүүд хариулт болохуйц зүйл нэгийг ч хэлж чадсангүй бөөрөнхийлөөд өнгөрөв.
Үнэхээр ч хэрэглэгчдийн зүгээс хүлээсээр байгаа ч тодорхойгүй шалтгааны улмаас гацчихаад буй дугаартайгаа шилжих үйлчилгээг ажил хэрэг болгож чадахгүй байж дараа дараагийн шинэ хуулиуд нь батлагдаад ч ажил хэрэг болох уу хэмээн ХХЗХ-ноос асууя.
2014 онд холбогдох дүрэм журмыг нь хуулийн хүрээнд баталгаажуулсан, 2016 онд “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-ний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь хэрэгжүүлэх дүрмийг шинэчлэн баталсан Засгийн газрын шийдвэр гарсан атал өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч таг чиг хэвээр. Үнэхээр гишүүдийн хардаж байгаачлан ХХЗХороо үүрэн холбооны салбарт монополь тогтоож байгаа, дугаартайгаа шилжих үйлчилгээ ашиггүй гэж үзсэн компаниудын лоббид автаад байгаа хэрэг үү. Энэ асуултын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг нар олон нийтэд өгөх цаг нь болжээ.
Харилцаа холбооны салбарт зохион байгуулагддаг аливаа форум, семинаруудад оролцохдоо салбар хариуцсан дарга нар нь байнга л технологийн ололт дэвшилтэй хөл нийлүүлэх шаардлагатай байгаа тухай, олон улсын жишгээс хоцрохгүй байхыг номлож, онолдож явдаг. Гэтэл хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олон улсад хэдийнэ нэвтрүүлээд энгийн асуудал болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө холбогдох хуулийг нь батлахдаа хангалттай л ярьсан, сонссон. Ядаж л энэ үйлчилгээ нэвтэрснээр “Үндэсний сүлжээ”, “Nation roaming” үйлчилгээг ч мөн ашиглах боломжтой болох аж.
Энэ нь “А” операторын хэрэглэгч сүлжээгүй болсон үед “Б” операторын сүлжээг ашиглаж болно гэсэн үг. Гэтэл аль нэг монополь компанид дугаартайгаа барьцаалагдсан хэрэглэгчдээ ч боддоггүй, хуулиа ч үл тоож байгааг нь харах юун шударга өрсөлдөөний зарчим ярих.
Уг нь дугаартайгаа шилжих “Мobile number portability” гэх энэ үйлчилгээг нэвтрүүлвэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар сайжирч, шинэ соёл төлөв шин бий болж, харипцаа холбооны салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гардаг болохыг гадаад улс орнууд баталчихсан л байгаа юм. Монголчууд шинэ технологи гэж том том ярих боловч хууль, журмыг нь батлаад өгсөн ч хөдөлж өгдөггүй гунигтай жишээг Засгийн газар, ХХЗХ хэзээ эцэс болгох вэ?
С.Сарнай
http://www.sonin.mn/news/culture/97365
URL: