УИХ-ын 32 гишүүний шаардлагад албан ёсны хариу өглөө

c20ad4d76fe97759aa27a0c99bff6710Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. Уг бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Х.БАДЕЛХАН, Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД. Х.БОЛОРЧУЛУУН, Ж.ГАНБААТАР, Ц.ГАРАМЖАВ, Ц.ДАВААСҮРЭН, Б.ЖАВХЛАН, Г.ЗАНДАНШАТАР, Х.НЯМБААТАР, М.ОЮУНЧИМЭГ, Ш.РАДНААСЭД, Д.САРАНГЭРЭЛ, Я.СОДБААТАР, Г.СОЛТАН, Д.СУМЪЯАЗАР, А.СҮХБАТ, Д.ТОГТОХСҮРЭН, Ч.УЛААН, Н.УЧРАЛ, Ч.ХҮРЭЛБААТАР, Д.ЦОГТБААТАР, Н.ЦЭРЭНБАТ, С.ЧИНЗОРИГ, Л.ЭЛДЭВ-ОЧИР, Б.ЭНХ-АМГАЛАН, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД, Н.ЭНХБОЛД, Ө.ЭНХТҮВШИН НАРТ

Хариу хүргүүлэх тухай

Та бүхнээс ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

Монгол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “…Улсын Их Хурлын гишүүн … хууль санаачлах эрх эдэлнэ”, Дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гишүүнийхээ хувиар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12989 тоот саналд гарын үсэг зурсан.

Үе үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нар өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон саналаа өөрийн биеэр хүлээн авч байсан.

Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилсан хууль тогтоомжийг хүлээн авахыг хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй.

Таны албан бичигт дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан миний бие Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахаас татгалзаж, дэд дарга Я.Санжмятав удирдаж байсан. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд даргаар удирдуулах боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан тул Таныг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг хүсье.

УИХ-ЫН ДАРГА       М.ЭНХБОЛД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих