Хүүхдийг томчуудын адил ялладаг харгислал
Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, үүрэг амлалт авсан. Ардчилал хүний эрхийг үндсэн хуульд суулгахаас өмнө нэгдсэн атлаа тус конвенцийг зөрчдөг олон хүчин зүйлийг арилгаж чадаагүй л байна. Үүний нэг нь хүүхдэд оноож буй ялын бодлого юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлд хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дөрвөн хэсэг, 14 заалт баримтлахыг тусгасан байдаг. Харин манай улс тэдгээрийн дийлэнхийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Түүнээс улбаалан ял оноож буй хүүхдийн тоо буурахгүй байна. Ердөө сүүлийн гурван жилийн хугацаанд 342 хүүхэд хорих ялаар шийтгүүлсний дийлэнх нь буюу 70 хувь нь хулгайн гэмт хэргээр ял шийт гүүлжээ. Ийн насанд хүрээгүй ч томчуудын адил ял шийтгүүлдэг явдал манай хуулийн харгис бодлоготой холбоотой. Европын ихэнх оронд хүүхдийг шийтгэхдээ томчуудынхаас ялгаатай хуулиар шүүн шийдвэрлэдэг байх юм. Тухайлбал, Герман, Нидерланд, Хорватууд 21 нас хүрээгүй хүнийг насанд хүрээгүй гэж үзэн тусгай хууль хэрэглэдэг жишээтэй. Харин манайд 21 нас хүрээгүйг хүүхэд гэж үздэг нь сай шаалтай ч, томчуудын адил Эрүүгийн хуулиар зүйлчлэн ялладаг нь анхлан гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг хатуу ял эдлэхэд хүргэдэг. Ял авч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 14-17 насныхан байна. Тэдний дийлэнх нь аливаа үйлдлийнхээ үр дагаврыг ойлгох чадвар суугаагүй, сониуч, биеэ хянах чадвар сул байдгаас гэмт хэрэгт холбогддог аж.
Үүнийг хууль тогтоох байгууллага, мөрдөн байцаагч, шүүх прокурорынхон мэддэг хэрнээ насанд хүрэгсдийн адил байцааж, шийтгэх хууль баталж, хэрэгжүүлж байна. Өлсөхийн эрхэнд 10 мянган төгрөгийн гар утас хулгайлсан охинд хоёр жилийн ял оноож байсан тохиолдол ч манай хууль, шүүхийн түүхэнд гарч л байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг айлган дарамтлах замаар хэрэг илрүүлдэг манай уламжлалт тогтолцоо үеэ өнгөрөөснийг олон улсад мөрдөж буй хууль, тогтоомж батлаад зогсохгүй, НҮБ-аас хүртэл энэ тогтолцоог даруй халахыг шаардаж байна. Харамсалтай нь тэр стандарт, шаардлагад нийцүүлэх эрмэлзэл манайд алга гэж хэлэхэд дэгсдэхгүй ээ. Өнөөдөр цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх тасаг л байдаг болохоос хэрэгт холбогдсоны дараа эрхийг нь хамгаалдаг НҮБ-ын конвенцийг барьж ажилладаг хүүхдийн нэг ч байцаагч алга. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагад ч ийм байдалд орсон хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байдаггүй юм байна. Хүүхдийн гэмт хэргийг тусгай хуулиар, цагдаагийн бэлтгэгдсэн ажилтан мөрдөн байцаадаггүйн улмаас хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил байнга гардаг аж. Хүүхдийн эрхийг хангахын тулд олон стандартад нийцүүлж байж барууны жишигт хүрэх нь тодорхой. Наад зах нь хүүхдийг хорих, байцаах өрөөг томчуудынхаас тусгаарлах ёстой. Цагдаагийн байгууллага энэ оноос л харьяа 42 хэлтэст хүүхэд байцаах тусгай өрөөг тохижуулж бэлтгэжээ. Харин урьдчилан хорих байрны тухайд хүүхдийг томчуудын хорих байранд хорьсоор байна. 2018 онд гэхэд аймаг, орон нутгийн урьдчилан хорих төвд 72 хүүхэд эрх чөлөөгөө хасуулсан бол цагдан хорих 461 дүгээр ангид 53 хүүхэд хоригдож байна. үүнээс гадна Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад (хуучнаар хүүхдийн хорих) 2018 онд ял шийтгүүлсэн 100 гаруй хүүхэд хоригджээ.
Хүүхдийн гэмт хэргээр мэргэшсэн мөрдөн байцаагч алга
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг байцаан шийтгэх үйл ажиллагаанд ч НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенц, олон улсын жишиг зөрчигдөж буй тохиолдол олон байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдаагийн газарт аваачин, айлган сүрдүүлж мэдүүлэг авдаг практикийг одоо ч мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэдэг гэнэ. Европын ихэнх оронд хүүхдийн гэмт хэргийг мэргэшсэн ажилтан, энгийн хувцастай мөрдөн шалгах стандарт үйлчилдэг аж. Тэр бүү хэл, хүүхэдтэй найз нөхдийн журмаар, тэдний сэтгэлгээ, ойлгох чадварын түвшинд харилцаж, анхан шатны байцаалт мэдүүлэг авдаг аж. Харин манайд бол гэмт хэрэгтэн гэдэг үүднээс хандаж, архаг гэмт хэрэгтэн лугаа, айлгах ичээх байдлаар ажлын үзүүлэлтээ нэмдэг. Үүнийг засахаар анхаарч эхэлсэн ч олон улсын стандартад хүртэл өдий байна. Европын ихэнх оронд хүүхдийг яллахаас зайлсхийх аргуудыг өргөн хэрэглэдэг. Эцэг эхийн дэргэд амлалт өгүүлэх, зугаалах, зорчих эрхийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах гээд үйлдэлдээ гэмших олон сонголтыг санал болгодог. Эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцах харилцаа ч өөр түвшинд байдаг биз. Гэтэл бидний дийлэнх нь “манай үүнээс дандаа болохгүй юм гарна” гэх мэтээр тоншоод авах энүүхэнд. “Цагдаатай нийлээд зодож байж ч мэдэх л хүмүүс” гэдэг. Үүнийг засаж байж л хүүхдээ гэмт хэргийн цалмаас хөндийрүүлэх учиртайг эцэг эхчүүд ухаарах ёстой. Хүний эрх гэдэг хүүхдийн эрхийг хамгаалахаас эхэлдэг гэсэн афоризмыг зүгээр ч нэг зохиочхоогүйг хуульчид, эцэг эхчүүд мэддэг болов уу. Сониуч зан болон ар гэрийн аргагүй гачигдлаасаа үүдэн анх удаа гэмт хэрэг хийсэн хүүхдийг байцаахдаа шууд архаг гэмт хэрэгтнийг илрүүлдэг арга, техник хэрэглэхээр хилс хэрэг хүлээх нь олонтаа.
Уг нь хүүхэд гэмт хэргийнхээ тухай мэдүүлэг өгөхгүй байх, бүр юу ч ярихгүй байх эрхтэй. Энэ тухай тэднийг хамгаалсан НҮБ-ын конвенцид ч тодорхой дурдсан буй. Тус конвенцийн 40 дүгээр зүйлд “Мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугаа хүлээхгүй байх эрхтэй” гэж заажээ. Мөрдөн байцаагч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өөрийн ур чадвараар нотлох баримтаа цуглуулдаг “ноу хау”-г олон улсын түвшинд мөрдөж байна. Монголд эл арга барилаар ажилладаг цагдаагийн ажилтан тун ховор. Орон нутагт бүр ч сураггүй. Хэрэг хүлээлгэх процедурт айж дарамтлуулсан сэтгэлзүй шүүхийн шатанд очоод түүнээс ч их шархалдаг болохыг өмгөөлөгч нар ярьдаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүүхэд шүүхийн танхимаас хамгийн их айдаг болохыг олон улсын судалгаагаар тогтоожээ. Хуулийн нарийн учир шалтгааныг ойлгох насанд хүрээгүй хүүхэд шүүхийн шатанд очиход бас л архагуудтай ажиллаад мэргэшчихсэн шүүгч, прокурор хэргийг хүлээж авна. Хүүхдийн хэргээр дагнадаг, өсвөр насны хүүхдийн онцлог, тэдний орчинд өрнөж буй үйл явцыг мэдэрдэг прокурор, шүүгч хэрэгтэй танилцаж, шүүн таслах байтал хуульд ингэж л заасан хэмээн “хэвэнд цутгасан” хүйтэн сэтгэлээр ханддаг. Хүйтэн харьцаанаас хүүхэд ямар шархтай үлдэх нь ойлгомжтой.
Үүнээс гадна ял шийтгүүлсэн хүүхдийг нийгэмшүүлэх асуудал манай улсад хаягдсан сэдвийн нэг болжээ. Ял шийтгүүлсэн, хоригдож байсан хүүхдүүдийг нийгэм, сургуулийн орчин таатай хүлээн авдаггүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх цаашлаад архаг гэмт хэрэгтэн болох зам хүлээж байдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлж буй. Энэ тухай Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын багш Р.Уранчимэг “Хорих ял эдэлж байгаа хүүхдийн 20 хувь нь дахин гэмт хэрэгт холбогдож манайд ирдэг нь сургуулийн орчин, ар гэрийн тааламжгүй байдлаас гадна хяналт тавих байгууллага байдаггүйтэй холбоотой. Харин одоо цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах газрын хамтарсан багт хүлээлгэн өгдөг болж байгаа” хэмээн ярилаа. Хүүхдийг бүдрээд унахад нь аргаддаг шигээ алдаж, гэнэдэхэд нь хүлээгээд авах бүтцийг бий болгох шаардлага үгүйлэгдэж байна. Сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг нийгэмшүүлэх үүргийг өмнө нь нийгмийн ажилтан хүлээдэг байсан бол өнөөдөр тэд спортын тэмцээн, урлагийн уралдаан зохион байгуулахаас хэтэрдэггүй. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэр бүл хүүхэд залуучуудын газар ч бас таг чиг. Хүүхдийг томчуудын хуулиар нугачин ялладаг юм аа гэхэд хүмүүжээд гараад ирэхэд нь тосоод авдаг сэтгэлтэй байх сан.
П.Батбөх
Засгийн газрын мэдээ
URL: