“60 тэрбум”-аар овоглосон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн балаг

d6ee34b07aa5e31f1a5facd55e36265dХулгай бол хулгай. Хулгайд том бага гэж үгүй. Цагаан захтанууд төсвийн мөнгийг тонон дээрэмддэг явдал дан ганц тусгай Сангуудад байдаггүй ажээ. Иргэний нисэхийн салбарт ч хулгай дээрэм цагаандаа гарчихсан байх юм. Энэ салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэгтэй ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн төсвөө тонож, салбарынхаа нэр хүнд, чанар үнэлэмжийг шороотой хутгаж байгаа талаар олон баримт ар араасаа хөвөрнө. Угтаа энэ асуудал зөвхөн Монголын нисэхийн салбарт хамаатай хэрэг бус. Дэлхийн авиа компаниуд хийгээд манайхаар үйлчлүүлдэг олон арван улс орны мянга мянган хүмүүсийн эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой ноцтой хэрэг юм. Баримт өгүүлье.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаалаар “…олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэл дээр зохион байгуулах…” тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Энэхүү сургалт нь 640 сая төгрөгийн төсөвтэй. Түүний байгуулсан үнэлгээний хороо хууль журмыг уландаа гишгэлэн байж “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулаадахав. Анхнаасаа хуудуутай болсон тендер шалгаруулалтыг шалгуулахад Үнэлгээний хорооны болон Аэрогавигацийн хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, “Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж нар “Цахим” дээд сургуулийг оролцсон мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн “Гүрэн” дээд сургуулийг тендерт ялуулсан байна. Л.Бямбасүрэнгийн балагт луйвар үүгээр зогсохгүй. 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоожээ.

Л.Бямбасүрэн дарга ганц далайлтаар л 600 сая төгрөгийг хамсаатнуудын хамтаар цавчиж орхижээ. Түүнийг энэ албанд 2016 онд анх томилоход төрийн албаны сонгон шалгаруулалт ч падлийгүй байв. Ингээд бодохоор ардаа асаалттай танк, ажиллагаа сайтай крантай нэгэн байна гэж салбарынхан шивэр авир ярилцдаг. Эсвэл өнөөх “60 тэрбум”-ын сүлжээгээр зөөлөн суудалд мөнгөө төлөөд заларсан байх ч гэж ярьцгаадаг, гайхдаг гэсэн. Сургалт нэрээр 596 сая төгрөг завшсан энэ хэргийг прокурорын даалгавраар хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилон бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, эсэхийг хүртэл шалгаж байгаа ажээ. Энэ талаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав Хууль зүй, дотоод хэргийн сайдад илтгэсэн байдаг.

ИНЕГ-ын аж ахуйн хашаанд саяхан 17 машин тавилга буужээ. Эдийн засаг хямралтай, цаг хатуу энэ үед 17 машинаар тавилга зөөлгөж байхыг бодоход ИНЕГ-ын дарга удирдлагууд салбараа боддог уу, ямбаа нэмдэг үү гэдэг нь харагдана. Улсын төсөвт хэмнэлт хийх нэрээр хүүхдийн мөнгийг хүртэл УИХ-ын танхимд танаж байна, өнөөдөр. Гэтэл ИНЕГ-ын хашаанд хагас тэрбум төгрөгийн өртөгтэй тавилга бөөн бөөнөөрөө буусан учраас ажилтнууд ч мэл гайхаж хоцорчээ. Энэхүү тансаглалаа шинээр ашиглалтад орох нисэх буудал, ИНЕГ-ын хашаанд барьж буй шинэ конторын тавилга хэмээн бултуулж, чулуу хөөлгөж байгаа мэдээтэй. Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлын тоног төхөөрөмж нэн чухал баймаар. Гэтэл төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхнэ гэгчээр дарга нарын тансаглалд зориулж 17 машин дүүрэн тавилга юуны учир, хэний шахаагаар ачуулж ирснээ ИНЕГ-ын удирдлагууд тайлбарлах өгөхийг олон нийт шаардах эрхтэй.

Өмнө нь Гадаад харилцааны хэлтсийн дарга байхдаа төрсөн дүүгээ төсвийн мөнгөөр гадаадад сургасан, Сөүл хотод сурдаг төрсөн ахынхаа хүүхдийн тэтгэлгийг 500 ам.доллар болгож 2.5 дахин нэмэгдүүлсэн гээд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хуульгүй авирыг тоочвол хэтэрхий их цаг зарцуулна. Хүн зоддог, агсам тавьдаг хэлтсийн дарга нараа хаацайлдаг, мөрийтэй тоглодог гэх зэргээр “Иргэний нисэхийн хяналт”, “Нисэхийн мэргэшсэн ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллагынхан Л.Бямбасүрэн даргын үйлдлүүдийг баримтжуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаад байгаа юм байна. Салбарынхаа нэр хүндийг унагаж, төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж байгаа Л.Бямбасүрэнг албан тушаалаас нь огцруулахыг тэд хүсчээ.

Л.Бямбасүрэн 2016 оны сонгуулийн дараа М.Энхболдын шууд дэмжлэгтэйгээр ИНЕГ-ын даргаар томилогдсон нэгэн гэгддэг. Түүнд төрийн албаны сонгон шалгаруулалт ч үйлчлээгүй, шууд л крандуулаад дарга болсон гэж бодохоор ардаа асаалттай танктай нэгэн байх. Эсвэл нөгөө алдарт “60 тэрбум”-ын гэх албан тушаал наймаалцдаг сүлжээнийх юм болов уу гэж салбарынхан нь харддаг гэсэн. Гэхдээ хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны суганд хавчуулагдсан гэдгээр түрий барьж төсвийн хөрөнгийг завшиж, хууль зөрчөөд сууж байдаг нь хаанахын ёс вэ. Жирийн иргэн зургаан сая төгрөг хувьдаа завшсан бол өдийд аль хэдийнэ өргөст тороор эрхээ хязшаарлуулж шоронд орчихсон байгаа. ИНЕГ-ын дарга бусадтай бүлэглэн 600 сая төгрөг завшсан нь тогтоогдчихоод байхад нэмээд хагас тэрбумын тавилга зөөлгөөд сууж байдаг нь шударга ёс яавч биш. Ерөнхий сайдад, Засгийн газарт сахилга хариуцлагын илд гэж үнэхээр байгаа бол түүнийгээ бариад ИНЕГ-т очиж хууль, шударга ёс тогтооох цаг болжээ.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих