Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
Ахуйн хэрэглээнээс гарч буй хатуу хог хаягдлыг ил задгай хаях, булах, устгах зэрэг нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог. Иймд иргэд хогоо ангилан хаяж сурвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт явагдаж байна. Аяны хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан болон дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхэлжээ. Тодруулбал, тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гарагт тогтсон байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх гэнэ. Эхний ээлжид дахивар хог хаягдал тээвэрлэх дараах цэгүүдийг тогтоожээ.Үүнд:
•Нэгдүгээр хороонд, Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв,
•хоёрдугаар хороонд, 65-р цэцэрлэг,
•гуравдугаар хороонд, дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, дөрөвдүгээр байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулжээ. Одоогоор эдгээр цэгүүдээс хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр шил, лааз, хуванцар, гялгар уут, цаасны хаягдлыг тээвэрлэж байна. Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 134 мянган тонн хаягдал төмөр, металл зэрэг хатуу хог хаягдал гардаг аж.
URL: