Дарга нарын хүүхдүүдийг өмөөрье
Төрийн томчуудын хэрүүлийн хоморгонд үр хүүхдүүд нь өртдөг боллоо. Хоорондоо хэрэлдэх мөрөөрөө хэрэлдэхгүй хүүхдүүдээ хавчуулдаг нь бас юу вэ гэж эмзэглэх хүн олон байна. Хэрэлдэх мөрөөрөө хэрэлдэж, өөр хоорондоо алалцахгүй үр хүүхэд, гэр бүл рүү нь дайрч, нэгнийхээ ор хөнжлийг сөхөх шиг муухай юм байхгүй.
«Өргөө» зочид буудлын хувьчлалын асуудлаар шалгагдаж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын талаар нэгэн хэвлэлд мэдээлсэн. Харин маргааш нь өөр нэгэн хэвлэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том хүү Э.Оргил, Ерөнхий сайд С.Батболдын хүү Б.Баттүшиг нарын талаар дараалан нийтэлж орхисон билээ.
Н.Анхбаяр
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн том хүү Н.Анхбаяр. 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан Н.Анхбаяр хүү аавынхаа туслахаар ажиллаж улс төрд хөл тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хөтөлж оруулсан юм билээ.
Харин Н.Анхбаярын эхнэp нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж, улмаар бусдын хэл амнаас төвөгшөөсөн хүү удалгүй ааваасаа «салсан». Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд атташе хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллах болжээ.
Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэрээ Монголчуудын хамгийх ихээр төвлөрөн амьдардаг хэсэг болох Баруун Эрэгт Консулын газар нээхээр болсон юм. Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал Н.Анхбаярыг АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон юм.
Н. Анхбаяр Төрийн ордонд «тонгочдог» шигээ аавынхаа атгадаг хуулийн байгууллагын салбарт ч хөрвөдөг. Энэ жил гэхэд л анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ойгоор ГХЯ, БХЯ-тай хамтран Таван толгой дахь Олон улсын энхийг сахиулагчдын сургалтын төвд марш тактикийн тэмцээн зохион байгуулсан. Энэ үеэр сайдын маань хүү бас л «томорч» энхийг сахиулагч цэнхэр дуулгатан болж байсан юмдаг.
Э.Батшугар
Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар. 1987 онд төрсөн. Туулай жилтэй. Гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Э.Батшугар «Ремиф» компанийн захирал гэх албан тушаалтай. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирсэн аж. Э.Батшугар өдгөө АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байдаг юм байх.
Тэрбээр сүүлийн үед уул уурхайн салбарыг сонирхох болсон гэнэ. Мөн багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг, шатар сайн тоглодог байж. Э.Батшугарыг аавтай нь хамт «Өргөө» зочид буудлын хувьчлалын асуудлаар АТГ-т шалгаж байна.
Э.Оргил
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргил. 1986 онд төрсөн. Бар жилтэй. Мөн л гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Виржиниагийн их сургуулийн докторантурт суралцаж төгсчээ. Э.Оргил нь өдгөө Монголд амьдардагч бусдыгаа бодвол хэтэрхий нууцлаг, далд амьдралтай Э.Оргилыг Ерөнхийлөгч маань бусад аавуудын адил битүүхэн улстөрд сойж байгаа гэлцэх юм билээ.
Б.Баттүшиг
Ерөнхий сайд С.Батболдын хүү Б.Баттүшиг. 1985онд төрсөн. Үхэр жилтэй. Бусад дарга нарын хүүхдүүдийн нэгэн адил гадаад боловсрол эзэмшжээ. 2005-2009 онд Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн Б.Баттүшиг өдгөө Харвардын их сургуулийн магистрантурт суралцдаг. 2013 онд төгсөх юм байна.
Чикагогийн их сургуульд суралцаж байхдаа буюу 2007 онд Олон улсын санхүүгийн корпорацид дадлагажигч, 2008 онд GSIP санд шинжээчээр ажиллаж байжээ.
Харин сургуулиа төгссөний дараа буюу 2009-2010 онд «Морган Стэнли» банканд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хийж байсан. Энэ үед түүнийг «Морган Стэнли»-д Монголыг төлөөлөн ажиллана гэх шуугиан дэгдэж байв. Гэвч Ерөнхий сайд С.Батболд болон Б.Баттүшиг нар уг мэдээллийг эсэргүүцэж, залруулга хүртэл хийж байсан.
Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: