Д.Төрбат: Ж.Мөнхбатад буруу мэдээлэл өгч, зодооныг улс төржүүлсэндээ уучлал хүсч байна
Сүүлийн үед болж өрнөсөн асуудлаар Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбаттай ярилцлаа.
- Сайн байна уу, Та?
- Сайн… Сайн байна уу, хүү минь…
- Сүүлийн үед таны шавь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, хүү Т.Зөнбилэг нартай холбоотой мэдээлэл тарах боллоо? Таныг Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож мэдээлэл өгсөн гэж яригдаад байна. Яг юу болсон юм бэ?
- 2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр буюу ням гаригт 14 цагийн орчимд хүүгийн утас салгаастай байхаар нь бэртэйгээ холбогдсон л доо би… Гэтэл бэр маань Зөнбилэгийг дагуулаад Гэмтлийн эмнэлэгт явж байна гэсэн. Би ч сандраад “Яав, юу болов” гэтэл “Урьд шөнө Зөнбилэг орцондоо хүнд боолгоод, тархи толгойгоо хагалуулж, зодуулсан байна” гэсэн. “Хэнд юунаас болоод тэгүүлчихвээ гэтэл, улстөрийн асуудлаас л болсон юм шиг байна” гэсэн.
Тэгээд манай гэр бүлийн хүн бид хоёр сандраад УИХ-ын гишүүн, өөрийн шавь Ж.Мөнхбаттай холбогдсон. “Цаад Зөнбилэг чинь урьд шөнө орцондоо хүнд боолгоод, тархи толгойгоо хагалуулж зодуулсан байна. Чиний хийж байгаа мэдэгдэл, улстөрөөс чинь болж ийм юм боллоо” гэж би Ж.Мөнхбатыг жаал загнасан юм.
Ж.Мөнхбат чинь аль оюутан байхдаа л надад хадаг барьсан миний яруу найргийн шавь маань байгаа юм. Тэгээд Ж.Мөнхбат Зөнбилэгтэй холбогдож болсон үйл явдлын талаар “Юу болсон юм бэ? Аавын чинь яриад байгаа зүйл үнэн үү” гэж асуусан юм билээ.
- Тэгээд юу болов?
- Манай хүү ч “Үнэн. Орцондоо хүнд боолгоод зодуулчихлаа” гэж хэлсэн юм билээ. Тэгсэн Ж.Мөнхбат “зургаа аваад явуулаадхаач” гэхээр нь хүү эхнэрээрээ зургаа авахуулаад вайбер ч билүү юу ч билээ нэг юмаар явуулсан гэсэн. Ж.Мөнхбат Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой яриад, фэйсбүүк, твиттерээрээ мэдээлэл гаргасан юм шиг байгаам.Тэгээд хүү Баянгол дүүргийн цагдаад очиж гомдол гаргасан юм билээ. Орой нь 20.00 цагийн орчимд Ж.Мөнхбат дахиж Зөнбилэгтэй холбогдож “Юу болж байна? Тархи толгой нь зүгээр үү. Ах нь очих уу, яах вэ?” гэхэд нь “Шүүх шинжилгээний эмнэлэг дээр явна. Хэрэггүй. Эндээсээ харилаа” гэж манай хүү хэлсэн гэсэн. Маргааш нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн, миний шавь Ж.Мөнхбат надаас авсан мэдээллийн дагуу, Зөнбилэгийн явуулсан тархи толгойных нь зургийг хараад хэвлэлийн мэдээлэл хийсэн.
- Одоо хүүгийн чинь биеийн байдал яаж байна?
- Тархи толгойгоо хагалуулсан хүн ямар олиг байх вэ дээ… Гэртээ хэвтэж л байгаа.
- Тэр өдөр яг юу болсон талаар хүүгээсээ тодруулж асуусан уу?
- Асуусан, асуусан. Хоёр хүнтэй нэг газар ганц хоёр шар айраг ууж суугаад улстөр яриад л хоорондоо маргасан юм билээ. Ж.Мөнхбатын их хурал дээр хэлсэн Засгийн газрыг огцруулна, УИХ-ыг тараана гэсэн талаар л ярьж маргасан юм шиг байна лээ. Тэр маргаан даамжирч тархи толгой хагалах хэмжээнд хүрсэн байна. Уулзаж суусан газраасаа гараад манай хүү шууд гэртээ харьсан. Гэтэл нөгөө хүмүүс хойноос ирээд гэрийнх нь орцонд бас уулзсан юмдагуу даа. Ийм л юм надад ярьсан.
-Танай хүү яагаад тэгж худлаа мэдээлэл хэлсэн юм бэ.
-Яахав дээ, пиво ууж зодоон цохион хийсэн гэж надад хэлэхээсээ айгаад л орцонд ингүүлчихлээ гэснийг нь хөгшин бид хоёр итгээд шавиа баахан загначихгүй юу. Тэгээд даргыгаа утасдаад асуухаар нь айж сандарсандаа “Үнэн” гээд хэлчихснээс болоод л ийм юм болчихлоо. Тэрнээс биш хэвлэл мэдээллээр яваад байгаа шиг УИХ-ын гишүүн, миний шавь Ж.Мөнхбат улстөрийн ашиг хонжоо хайж ийм мэдэгдэл, мэдээлэл тараагаагүй. Тийм юм хийх хүн биш гэдгийг би сайн мэднэ. Манай гэр бүлийн хүн бид хоёрын яаран сандран хэлсэн үг, миний хүүгийн болчимгүй алдаанаас болж ийм юм боллоо. Миний шавь Ж.Мөнхбат огцом хурц зантай хүн. Бидний хэлсэнд итгээд, тэр явуулсан зурагт нь бас итгээд л мэдэгдэл хийчихэж. Би эцэг хүний хувиар хүүгийнхээ гаргасан алдааны төлөө ард түмнээсээ болон өөрийн шавь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас албан ёсоор уучлал гуйж байна.
unen.mn
URL: