Н.Номтойбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг УИХ-аас шалгах түр хороо байгуулжээ
УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас хамаарал бүхий этгээдээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг судалж шалгах, хариуцлага тооцох түр хороо байгуулж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярихдаа, “Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгон ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалгах түр хороог УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд нэр бүхий гишүүдтэй хамтран байгууллаа. Иймд өнөөдөр ЖДҮХС-гийн асуудлаар УИХ-аас шалгах түр хороог байгуулж, УИХ-д өргөн барилаа. Түр хороог байгуулах хэд, хэдэн шалтгаан бий. Өнөөдөр ЖДҮХС-тай холбоотой албан тушаалаа хэтрүүлэн ашигласан Засгийн газрын болон УИХ-ын гишүүд нэр холбогдоод байна. Энэ асуудлыг Сангийн яам шалгаж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Монголчууд хулгайч хулгайчаа шалгадаггүй гэдэг. Тиймээс хулгайчдыг шалгах түр хороо гэж ойлгож болно. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, үнэн бодитой мэдээллийг шаардаж буй энэ үед шалгаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, асуудлыг нуун дарагдуулах ажиллагаа явагдаж байна. УИХ дахь манай намын гишүүд уг асуудлаар АН-д санал хүргүүлсэн. АН-ын зүгээс эл асуудлыг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр түр хороонд зөвхөн нэг намын гишүүд орохгүй гэсэн үг” гэв.
Түр хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюун-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Ганболд, АН-аас Б.Пүрэвдорж нарын гишүүд багтжээ.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: