Ядуу орнуудыг Хятад зээлээр урхиддаг уу?
Хөгжил буурай орнуудад Хятад улс бага хүүтэй зээл олгож, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Гэвч олонхи улсын хувьд их хэмжээний зээлийг ямар ч төлөвлөлтгүй зарцуулдаг учраас эргэн төлөхөд хүндрэл учирдаг байна. Ийнхүү зээлээ эргэж төлөх боломжгүй болоход Бээжингийн зүгээс санхүүгийн дарамт үзүүлдэг тухай гадаадын цахим сайтад мэдээлсэн байна. Номхон далайн бүс нутагт орших ядуу буурай орнуудад Хятад Улсын зүгээс олгох зээлийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Хятадад өртэй улсууд цөөнгүй бий. Тодруулбал, Фүжи улс хагас тэрбум, Тонга 160 сая долларын өртэй байгаа юм. Тонга улсын удирдлагууд Хятадын зээлийн бодлогыг эсэргүүцэж, бусад ядуу буурай орнуудыг ч хамтдаа тэмцэхийг уриалж байсан юм. Шинжээчдийн зүгээс хөгжил буурай орнууд их хэмжээний зээл авах нь эдийн засгийг нь савлуулж байна хэмээн үзсэн байна. 2011 онд Тажикстан улс Хятадаас авсан зээлийнхээ төлбөрт газар нутгийнхаа тодорхой хэсгийг өгсөн юм. Хятадын бага хүүтэй зээл дэд бүтцээ сайжруулах, улс орны хөгжил дэвшилд чиглэгдэж байгаа ч хяналт, төлөвлөгөөтэй зарцуулахгүй бол “урхи” болж байгаа аж.
Эх сурвалж: www.abc.net.au
Ц.Анир
URL: