Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж шоучдын гарт байна

Гунигтай байна. Уншигчдадаа ийм таагүй мэдээ дуулгаж, санаанд багтамгүй заль мэх дэлгэхээр, хаана, юунаас эхлэх учраа олж ядан суугаадаа харамсаж байна. Манай сонин 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн №214 (3,168) дугаартаа “Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж” сурвалжилга, нийтлэл уншигчдадаа хүргэж байсан билээ. Манай нийтлэлийн дараа зургаан хүүхэдтэй, 35-тай ээжид туслах гэсэн халуун сэтгэлт хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилсэн.

Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж шоучдын гарт байна Arslan.mn

“ТВ-8” телевиз олон нийтэд мэдээлэх үүргийнхээ дагуу ажиллаж байсан бол цахим орчинд Ш.Нарангэрэл бүсгүйг дэмжигчдийн групп хүртэл нээгдэж олон зуун хүн мөнгөн тусламж үзүүлж сэтгэл санааны дэм өгч байлаа. Аян 2018 оны аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг.

Аян үргэлжилсэн 16 хоногийн хугацаанд Ш.Нарангэрэл бүсгүйд туслах хүсэлтээ илэрхийлсэн, түүн рүү утсаар ярьж сэтгэлийн дэм хайрласан иргэдийн тоо тоолшгүй олон. Мэдээж ямар ч зүйл сайн, муу хоёр талтай ч саар гэхээсээ сайн нь олон байсан энэ үйлсэд Удирдлагын академийн хамт олноос эхлээд Онцгой байдлын алба хаагчид хүртэл тусалсан.

Төрийн болон ТББ-ууд чадлаараа оролцож одонтой ээжийг олны хүч дэмээр орон гэртэй болгохоор шамдацгаасан. Өдөр бүр сайн мэдээ дуулдаж тэр хэрээр тус, дэм хайрласан иргэд жаргалтай, сэтгэл дүүрэн байв. Гэтэл энэ хугацаанд хандивын аяны мөнгөн дүнгийн захиран зарцуулалт, Ширчин Нарангэрэл, хамтран эзэмшигч Оюунсүрэн Бодьханд гэсэн ХААН банк дахь 5062260982 тоот дансны орлогын мэдүүлэг олон нийтэд төдийлөн ил байсангүй ээ.

Зургаан хүүхэдтэй ээж Баруун салааны шинэ эцэст буюу Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутагт хашаа байшинтай болсон гэх гэгээн сайхан, тойм мэдээлэлтэй л байлаа. Гэтэл аяны үйл явц бидний нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байсан шиг байсангүйг энд сийрүүлье.

ДАНСАНД 23 САЯ 994 МЯНГАН ТӨГРӨГ ЦУГЛАЖЭЭ

Ш.Нарангэрэл болон түүний бага насны зургаан хүүхдэд зориулж иргэдийн хандиваа цуглуулсан дээр дурдсан дансанд нийлүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ 23 сая төгрөг байна. Гэтэл үүнээс аяны зохицуулагч буюу мөнгийг нь захиран зарцуулсан Бямбаа гэх эмэгтэйн авч өгсөн хашаагүй байшин нь 11 сая төгрөгийн үнэтэй гэнэ.

Хамгийн гол нь Бямбаа гээд байгаа бүсгүйг Ш.Нарангэрэл тодорхой сайн танихгүй байгаа юм. Өөрийгөө Бямбаа хэмээн танилцуулж хандивын аяны мөнгийг хүссэнээрээ зарцуулж байсан гэх бүсгүйн цахим хаягийг бид мэдсэн ч мэргэжлийн ёс зүй гэж бий учраас энэ удаад нууцалъя. Харин түүний ааш араншин, зургаан хүүхэдтэй ээжид хэрхэн хандсаныг дэлгэх нь нууцгүй сэдэв мөн хэмээн сэтгэж байгаа тул Бямбаа гэх бүсгүйн даварсан үйлдлийг тоочъё.

БЯМБАА ИЙМ АРГААР Ш.НАРАНГЭРЭЛ ЭМЭГТЭЙГ “БАРЬЖ” АВЖЭЭ

А.Гантунгалаг гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйг бид манай өмнөх нийтлэлээс мэддэг болсон. Тодруулбал, энэ бүсгүй таксинд явж байхдаа Ш.Нарангэрэлийг бага насны гурван хүүхэдтэйгээ цасан шуурга дунд яахаа мэдэхгүй зогсож байхад нь гэрт нь хүргэж өгч олон нийтийн сүлжээнд мэдээллийг нь байршуулж бидэнд энэ тухай дуулгаж байсан буянтан. А.Гантунгалаг улмаар тусламжийн аяныг өргөжүүлж Ш.Нарангэрэлд туслах аяны групп нээснээр Бямбаа болон бусад 10-аад хүнтэй зөвшилцөн гар, сэтгэл нийлж бүсгүйд ая тухтай амьдрах орчинг бий болгохыг зорьжээ. Мэдээж мөнгөний ажил явагдаж байгаа учраас бүх мэдээлэл олон нийтэд ил, тодорхой байх ёстой гэдэг зарчим барина гэдгээ ч хэлжээ.

А.Гантунгалаг өөрөө бага насны гурван ч хүүхэдтэй, ийм олон нийтийг хамарсан ажил хийж байсан туршлагагүй учир бусдын өмнө хийсэн ажлаа танилцуулчихдаг, олон нийттэй харилцаад, энэ ажлыг нэр төртэй гүйцэтгэх чадвартай нэг нь оройлж ажиллаасай хэмээн хүссэн аж. Яг ийм байдал нь Бямбаа гэх залуухан бүсгүйд өгөөш болжээ. Өгөөш гэсний учир нь тэрбээр аяны мөнгөтэй холбоотой бүх мэдээллийг нууц байлгахыг хүсэж, мөнгөний зарцуулалтыг хяналтдаа авсан байна.

Улмаар бидний гол баатар Ш.Нарангэрэлд ч дансаа шалгах, хаанаас, хэдэн төгрөгийг үр хүүхдэд нь зориулж хэн өгч байгааг харах эрх байсангүй. Тэр талаар асуувал нүүр, нүдгүй загнаж, Ш.Нарангэрэлийн хэлсэн, ярьсан бүхнийг утсаараа бичдэг болсон байна.

Хорь ч хүрэхгүй хоногийн энэ хугацаанд Бямбаа гэх эмэгтэй оодорч хэрвээ “11 сая төгрөгөөр авч өгсөн энэ байшинд амьдрахгүй гэвэл чамайг хөөж гаргаад өөр ядарсан нэгэнд нь энэ байшинг өгчихөж чадна шүү. Тэгээд олон нийтэд чамайг арчаагүй хүүхэн. Ажилгүй хүүхэн. Гэрээс нь хүүхдийн нэг өрөөсөн 100 гутал гарсан. Мөн эрэгтэй хүний 40 ширхэг дотуур хувцас гарч ирсэн гэж хэлнэ. Тэгээд энэ аяныг чинь зогсооно” хэмээн дарамталжээ.

БЯМБАА ГЭХ БҮСГҮЙ ӨВӨРМОНГОЛ ХҮН ДАГУУЛЖ ИРЖЭЭ

Нэг ийм сэжигтэй ч гэмээр, сэтгэлд ер таатай санагдахгүй байгаа ганцхан зүйл болжээ, Ш.Нарангэрэлийнд. Аян, тусламж гээд ойрын өдрүүдэд хүн хөл тасрахгүй таатай сайхан байгаа ч нэг л тийм айдас төрүүлж сэрэмж, болгоомж хэрэгтэйг сануулсан үйл явдал болсон нь өнөөх Бямбаа гэх бүсгүй Ш.Нарангэрэлд ч хэлэхгүйгээр нэгэн хүн дагуулж шинэ гэрт нь буюу байшинд нь иржээ.

Бямбаа “Энэ бол өвөрмонгол хүн. Би байнга урагшаа ажил, хэргийн шугамаар явдаг болохоор энэ хүнтэй хамтарч ажилладаг юм. Танд тусалъя гэсэн юм” гэжээ. Монгол хүний ёсоор цай аягалж, идээ тавьсан ч ам хүртээгүйгээр барахгүй ямар ч үг хэлэхгүй 30 гаруй минут сууж байснаа гараад явцгаажээ.

“Тусалъя хэмээн орж ирчихээд юу ч хэлээгүй, байшинг нь тойруулж харж байгаад гараад явчихсан энэ хүн ямар учраас манайд ирснийг гайхаж байна. Магадгүй, миний хүүхдүүдийг нүдлэх, хулгайлах ч зорилготой байхыг үгүйсгэхгүй. Ер нь намайг харж хандах хамаатан садан, ах, дүү гээд байх хүн байхгүй учраас энэ талын эрсдлүүдээс айж байна. Ер нь энэ Бямбаа гээд байгаа эмэгтэйд би их олон талаараа “олз” болчих шиг санагдаж байна. Намайг байнга утсаар уурлаж, сүрдүүлдэг болсон.

Анхнаасаа А.Гантунгалаг эгч бүхнийг өөрийн биеэр зохион байгуулаад явсан бол ийм байдалд хүрэхгүй. Гэтэл өнгөтэй зүстэй, гадаад дотоод явж, олон хүнтэй харилцаж байсан хүн гэдэг утгаар нь Бямбаа гэх эмэгтэйг сонгосон нь алдаа боллоо. Надад зориулж мөнгөө өгсөн олон хүнд ийм таагүй мэдээлэл дуулгаж байгаадаа харамсаж байна. Намайг гэсэн хүмүүсийн итгэл хугарах ч үнэнийг зах зухаас нь хэлэхэд л ийм байна” гэлээ.

Юутай ч хууль хяналтын байгууллагынхан Ш.Нарангэрэл бүсгүйн нэр дээр цугласан хандивын мөнгөтэй холбоотой асуудлыг тодруулах бүрэн боломжтой байгааг дурдъя. Зутруухан амьдралтай нэг-нийг ашиглаж хувьдаа мөнгө завшдаг, зарцуулалтыг зүй бусаар захирдаг тохиолдол өмнө нь ч гарсан билээ. Зургаан хүүхэдтэй ээжийн санааг зовоосон хамгийн гол асуудал нь Бямбаа гэгч эмэгтэй ямар зорилгоор Өвөрмонгол эрийг тэдний гэрт аваачив гэдэг асуудал байна. Тэрбээр “Би удахгүй бас нэг өвөрмонгол хүн авчирна шүү” гэж хэлээд явжээ.Ш.Нарангэрэл бүсгүйг элэг барих эрх энэ мэт цахим хаяг нь тун ч тодорхой Бямбаа гэх эмэгтэйд бий юү. Үүнийг хэрэгсэх, авч хэлэлцэх, анхаарах хууль, хяналт, цагдаа сэргийлэх, хүүхэд хамгаалах эрх, үүрэгтэй байгууллагууд үүнд хяналтаа тавиасай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ТУСЛАМЖИЙГ Ш.НАРАНГЭРЭЛИЙН ХӨРШ ХҮРТЭЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид саяхан сайн үйлсийн аянд нэгдэж зургаан хүүхэдтэй ээжид хоёр портер нүүрс, хүүхэд тус бүрд 50 мянган төгрөгийн хадга-ламжийн дэвтэр нээж эд материалын тусламж үзүүлсэн. Манай сонин ч талархан “Онцгойнхонд баярлалаа” хэмээн талархал дэвшүүлсэн. Гэтэл Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйн өөрийн биеэр хүргэсэн тусламж эзэндээ хүрээгүй гэнэ.

Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж шоучдын гарт байна Arslan.mn

Учир нь Ш.Нарангэрэлийг гэртээ баярлаж онцгойнхонтой зураг татуулан, ТВ-8 телевизэд ярилцлага өгч байх зуурт өнөөх Бямбаа гэгч хоёр портер нүүрсийг хөршийнх нь үүдэнд буулгуулсан байжээ. Хамаг баяр хөөр дууссаны дараа амьсгаа авч нүүрсний хэмжээг харахаар гартал тусламжийн нүүрс Ш.Нарангэрэлийн гэрийн үүдэнд биш хөршийнх нь гадаа буучихжээ. Нүүрсийг яагаад энд буулгасан болохыг лавлатал “Танайх энэ айлтай хамт түлнэ. Тийм болохоор эндээс зөөж галла” гэсэн лүндэнг Бямбаа буулгасан байна. Энэ ариун явдал мөн үү.

Мөн дугтуйтай бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн хэд хэдэн байгууллага байгаа гэнэ. Гэвч харамсалтай нь, өнөөх л Бямбаа гэх эмэгтэй хүмүүс явсны дараа бүгдийг нь хурааж аваад “Дараа нь чамд өгөх болохоор хурааж авлаа” гээд нэг ч төгрөгийг бэлэн гар дээр нь тавиагүйгэдгийг гайхан ярив. Энэ бол өнөөх залилан, луйвар гээч нь мөн үү, хуулийнхаан. Энэ бол зургаан хүүхэдтэй ээжийн болгоомжлон байж ярьсан зовлонгийн хагас нь.

Бидний нүдэнд харагдаж байгаа сайн, сайхан мэдээлэл бол хөөс төдий зүйл байгаад зогсохгүй хандив, тусламж жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй, хэн нэгэн луйварчныг санхүүжүүлэх боломж болж байгааг харуулсан бодит жишээ боллоо. Бид зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээжийн цахим орчноос үсэрч гарч ирээд хандивын мөнгийг өөрийн дур зоргоор захирч буй Бямбаагийн асуудлыг дахин хөндөх болно. Ашиг хонжоо хайсан энэ мэт уваагүй нэгнээс болж сайн үйлс саарах ёсгүй.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, М.Мөнхтунгалаг

URL:

Сэтгэгдэл бичих