Г.Хосшагай: Хүүг маань багш нь дагуулж яваад эмийн санд үлдээчихсэн юм билээ
Өдөр өнжүүлэхийн багш зургаан настай хүүхэд дагуулж яваад төөрүүлсэн асуудал нэлээн шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, өчигдөр 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийг багш нь Өдөр өнжүүлэх төвийн багшид нь хүлээлгэн өгсөн боловч хүү сураггүй алга болж орой 23.30 цагийн үед олсон юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлсэнээр Өдөр өнжүүлэхийн багш гэх 49 настай нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүг дагуулан явж, улмаар замдаа орхисон байна. Багшийн согтолтын зэрэг 2 бүхэл 56 байсан бөгөөд тэрбээр юу ч санахгүй байна гэж мэдүүлжээ.
Хүүг эрэн хайх ажиллагаанд нийт 50 албан хаагч оролцсон байна.
Ингээд болсон явдлын талаар хүүгийн ээж Г.Хосшагайгаас тодрууллаа.
-Хүүгээ алга болсоныг хэзээ яаж мэдсэн бэ?
-Манай хүүгийн хичээл 17.20 цагт тарсан байгаа юм. Тэгээд Өдөр өнжүүлэхийн багш нь ирж ангийн багшаас нь хүүг маань авч хүлээлцэх дэвтэрт гарын үсэг зураад явсан байна лээ. Гэтэл удаа ч үгүй Өдөр өнжүүлэхийн багш нь хүүг маань авахаар ирлээ гээд дахин ирсэн байна. Энэ үед ангийн багш нь түүнийг согтуу байгааг анзаарч нэн даруй надад мэдэгдсэн. Тэгээд би хүүгээ байж болох бүх газар, сургуулийн ойр орчмоор хайгаад тэгээд олохгүй болохоор нь 19.28 цагийн үед цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч мэдэгдсэн.
-Тэгээд хэдэн цагийн үед хаанаас олсон юм бэ?
-Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулсан. Харин орой 23.30 цагийн үед миний утсанд дуудлага ирсэн. Дуудлага авсан чинь гэрийн хажуугийн дэлгүүрийн эзэн “Хүүг чинь хажуугийн эмийн сангаас оруулж ирлээ” гээд залгасан.
-Эмийн санд юу хийж явсан юм бол. Ер нь хаагуур хаагуур явсан тухайгаа танд хэлсэн үү?
-Өдөр өнжүүлэхийн багш нь эмийн сангаас эм авахдаа хүүг маань эмийн санд орхиод явсан байна лээ. Гэтэл өнөөх нь эмийн сан нь лам авчирч ном уншуулах гээд дотроосоо хаалгаа түгжчихсэн байна лээ. Тэгээд хүүг гарах гэхээр орхиод явсан хүн нь ирж авна гээд гаргаагүй гэсэн.
-4-5 цагийн турш эмийн санд байжээ?
-Харин тийм. Гэхдээ хүү маань их айсан байдалтай байсан. Унтаж босч ирээд тайвширсан гэж эмийн санч хэлж байна.
-Ангийн багш нь согтуу хүн ирээд авсныг нь анзаараагүй хэрэг үү?
-Хүүхэд тарах цагаар хөл үймээн ихсээд бужигнаад анзаараагүй юм шиг байна лээ. Хүлээлцэх дэвтэр дээр гарын үсэг зурсаныг л нягталсан байсан. Багш нь хүүг минь алга болчихлоо их санаа зовсон. Хүүхэд сургууль дээрээ буцаж ирж магадгүй гээд орой 21.30 цаг хүртэл сургууль дээр хүлээж байгаад бидэнтэй нэгдэж хүүг минь олдох хүртэл хайж байгаад явсан.
-Хүүгийн явдаг Өдөр өнжүүлэх төв үнэхээр хариуцлагагүй байна шүү дээ. Сургуультай нь гэрээ байгуулан хүүхдүүдийг авдаг гэж сонссон?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Миний мэдэхийн тав, зургаан жил үйл ажиллагаа явуулж байгаа газар. Хамгийн гол нь манай гэр болон хүүхдүүдийн сургуультай ойрхон болохоор эднийхийг сонгосон юм л даа. Сайн судлаагүй нь бидний алдаа боллоо.
-Архины хамааралтай хүмүүс юм уу. Өмнө нь мэдэгдэж байсан уу?
-Урьд нь ер согтуу хөлчүү харагдаж байгаагүй. Тэдний гэр бүлийг харахад тийм хүмүүс биш. Дээд боловсролтой хүмүүс байдаг.
-Хэдэн цагаас сургуулиас нь авч, хэд хүртэл харах ёстой юм бэ. Бас хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?
-17.15 цагт сургуулиас нь аваад л 18.50 цаг хүртэл хардаг. Миний ажил 19.00 цагт тардаг учир 18.50 цагт хоёр хүүг минь гэрт хүргэж өгөх ёстой байдаг. Өдөр өнжүүлэх төв нь нэг хүүхдийн 220 мянган төгрөг авдаг. Хоёр хүүхэд болохоор 420 мянган төгрөг төлдөг.
-Өдөр өнжүүлэх төвийн нэр нь юу юм бэ?
-Нэр байхгүй. Ер нь бол орон сууцаа засаж тохижуулаад л хүүхэд хардаг гэх юм уу даа. Тийм л газар юм.
Х.Соёл-Эрдэнэ
URL: