Үндсэн Хуулийг хуулдаггүй юм
Би Үндсэн Хууль судлаач биш. Гэхдээ Үндсэн Хуулийн үзэл санааны талаар багахан ойлголттой. Энэ ойлголт маань 2002 онд Үндсэн Хуулийн эрх зүйн лекцийг Б.Чимид багшаар уншуулснаар эхэлсэн. Аяархан ярьдаг тул урд сууж сонсдог байлаа. Мундагтаа урд суугаагүй. Гагцхүү Үндсэн Хуулийн эхийг барьсан, мундаг хуульч, бүгдийн хүндлэлийг хүлээсэн хүн гэдгээр нь урд суусан хэрэг.
Дараа нь 2013 онд Southwestern Хуулийн сургуульд “АНУ-ын Үндсэн хуулийн эрх зүй 1” лекцийг Профессор Роман Хоёос – оос сонссон. Гайхаад л өнгөрч байв. 2014 онд “Үндсэн хуулийн эрх зүй 2” лекцийг Индианагийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн Профессор Стив Сандерсаас сонссон. Бас гайхсан. Үндсэн хуулийн олон кэйсүүд уншсан. Үүнд тулгуурлаад 2016 онд “АНУ-ын Дээд шүүхийн шилдэг шийдвэр” нэртэй орчуулгын ном бичсэн. 2018 онд Сургуульдаа Үндсэн хуулийн эрх зүйн хичээлийн семинарыг нэг ангид орж үзэв. Оюутнуудтайгаа нийлж Үндсэн хуулийн Цэцэд “Бичил уурхайн журам Үндсэн Хууль зөрчсөн” мэдээлэл гаргав. Түүнчлэн Чикагогийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор Том Гинсбургээс зөвшөөрлийг нь авч “Шинээр Ардчлалыг тогтоосон орнуудын шүүх эрх мэдэл – Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүх” бүтээлийг нь орчуулахаар эхэлсэн боловч – одоог хүртэл бүдчиж явна. 2019 онд дахиад л Үндсэн Хуулийн эрх зүй хичээлийг Пенн Стэйт Хуулийн сургуулийн Профессор Виктор Ромерогоос сонсоно. Дахин гайхсаар л дуусах байх. Төлөвлөгөөгөөр бол орчуулгын бүтээлээ өргөжүүлэх бодолтой байгаа.
Юундаа гайхаад байгаа юм бол гэж бодогдож магадгүй. Лекцүүд сонсож, Үндсэн хуулийн бүтээлүүд уншиж, кэйсүүд орчуулж үзсний дараа Монгол Улсын Үндсэн хууль ямар гайхалтай, давтагдашгүй, өөрийн амин сүнстэй хууль болсныг цээжнийхээ хөндийд мэдрээд, энэхүү баримтыг тэрлэсэн хүнийг бишрээд – гайхаад байгаа юм.
Үндсэн Хуулийг хуулдаггүй юмаа. Профессор Том Гинсбургийн “конститут төсөл”-өөс (https://www.constituteproject.org/search?lang=en) үүнийг харж болно. Уг төсөлд 193 орны Үндсэн хуулийг Англи хэлнээ цуглуулж, харьцуулсан судалгааны бүтээлүүдийг мөн нийтэлсэн байна. 6 бүлэгтэй, 70 зүйлтэй Монгол Улсын Үндсэн Хуулиас 18 бүлэгтэй 345 зүйлтэй 178 хуудастай Зимбабве Улсын Үндсэн Хууль багтсан байх жишээтэй. Үндсэн хуулиуд нь үг, өгүүлбэр, томьёолол, таслал, цэг, бүлэг, бүтэц болон үнэт зүйлсээрээ ялгаатай. Харин тусгаар тогтнолоо тунхагласан, хүний эрх – иргэдийн чөлөөт байдлыг хамгаалсан, засаглалын эрх мэдлийг хуваарилсан, Үндсэн Хуулийн хяналтыг тогтолцоог хуульчилснаараа ардчилсан Үндсэн Хуулиуд нийтлэг харагддаг. Энэхүү нийтлэг байдал бол ХҮН ТӨРӨЛХТНИЙ ололт болохоос бие биенээсээ хуулсны нотолгоо бишээ. Дэлхийн бусад Үндсэн хуулиас ялгаатай болох гээд тусгаар тогтнолоо тунхаглахгүй байх, иргэдийнхээ эрх чөлөөг баталгаажуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилахгүй байх ёстой юу! Дэлхийн өндөр хөгжсөн улстай адилхан болох гээд үг, үсэг, өгүүлбэр, таслал бүрээр нь хуулах ёстой юу! Бидний Үндсэн Хууль “Монгол хүний амин сүнс”-ийг шингээсэн баримт бичиг.
Дэлхийн маш олон улсын Үндсэн хуулиас та “Сурч боловсрох эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрх”, “ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” эсвэл “Газрын баялаг ард түмний мэдэлд байх “өгүүлбэрийг олж харахгүй. Бидний үлгэрлээд байгаа ч юм шиг, шүүмжлээд байгаа ч юм шиг АНУ-ын Үндсэн Хуульд ч ийм заалт байхгүй. Үл итгэсэд хоёр хөршийнхөө “Үндсэн [Г]ууль”-ийг нь хараад үзээрэй.
Франц улс 2005 онд Үндсэн хуульдаа нэмэлт оруулж, иргэдээ “цэвэр орчинд амьдрах эрхтэй” болгожээ. Энэ “цэвэр орчныг” салбарын хуулиудаар тодорхойлж, эс үйлдэл – зөрчил нь шүүхэд бүрэн хянагдаад явж байна. Харин бид замын түгжрэл, агаарын бохирдол, албан тушаалтны ЖДҮ зэргийг Үндсэн Хуулиас боллоо, засаглалаас боллоо, цаашлаад Америкийн эрх чөлөөнөөс боллоо гээд дүгнээд сууж байна. Б.Чимид багш маань ингэж хэлжээ – “Үндсэн хуулиар гол нь “ТУСГААР ТОГТНОЛОО” баталгаажуулж, хамгаалдаг юм. Үндсэн Хуулийг хамгаалах үүрэг нь УИХ хууль батлах, Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх алхам тутамд илэрч байх ёстой” гэжээ. Харин уг үүргээ ямархуу гүйцэтгэснээ бид дүгнэсэн үү! Бидний тусгаар тогтнол ЯЗГУУРТАН, НЭГ УДИРДАГЧ, НЭГ НАМ, ХЭСЭГ БҮЛЭГ-ээс хамааралтай байхдаа эмзэг, алдагдаж байсныг хараад шинэ Үндсэн хуулиар “ЦЭГ” тавьсан. Цэг бүдгэрсээр…
“Ардчилсан төрийн сул тал бол сонирхлын бүлгүүд ба тус сонирхлын бүлгүүд нь ардчиллыг устгадаг. Ардчилсан төрийн сул талыг нөхөх арга бол сонирхлын бүлэг үүсэх шалтгааныг устгах эсвэл сонирхлыг бүлгүүдийн нөлөөнд хяналт тогтоох юм. Сонирхлын бүлгүүд үүсэх шалтгаан бол ЭРХ ЧӨЛӨӨ. Иймд эрх чөлөөг устгах замаар сонирхлыг бүлгүүдийг устгаж болох ч энэ нь Ардчиллыг аврах бус харин дарангуйллыг үүсгэнэ. Тиймээс сонирхлын бүлгийн нөлөөллийг хянах нь зүйтэй. Хэрэв Үндсэн Хуулийн үзэл баримтлалд харш, бохир сонирхлын бүлэг нь нийгмийн цөөнх аваас ардчилсан зарчмаар буюу сонгуулиар уг сонирхлын бүлгийг цэгцэлж болно. Харин тус бохир сонирхлын бүлэг нь нийгмийн олонх тохиолдолд бүгд найрамдах засаглал, холбооны тогтоолцоо, түүний эрх хэмжээг хуваан эдлүүлэх ҮНДСЭН ХУУЛИЙН зохицуулалт нь ардчиллыг хамгаалах түлхүүр юм” хэмээн 231 жилийн өмнө – энэ өдөр Жеймс Мадисон Холбооны өгүүллэгүүд бүтээлийнхээ 10-р эссэнд тодорхойлжээ. Гэтэл Ардчилалд итгэл алдарсан, эрх чөлөөнд бялуурсан, төөрөлдсөн биднийг “БИДНЭЭС ХАМГААЛАХ” Үндсэн баримт бичиг рүү дайрч, эрх чөлөөнд заналхийлж, улсынхаа ТУСГААР ТОГТНОЛД халдаж байна.
Д.Баяр
http://www.sonin.mn/news/easy-page/97215
URL: