“МоЭнКо”-гийн асуудлыг шийдвэрлэх тэнхэл Д.Дэмбэрэлтэн танд байна уу

Эх орны маань өнцөг булан бүрт хятадууд үүрлэж, санаанд оромгүй харгис үйлдлийг хийж, түүнийгээ ч үл тоож байна. Саяхан даа, гурван настай охин зам дээр хоёр ч удаа машинд дайруулчихаад байхад дэргэдүүр нь тоохгүй л яваад өнгөрч байгаа бичлэг сайтууд дээр тавигдсан. Монголчууд байсан бол яаж урдуур нь орж гүйх байсан бол гэж бодохоор даанч өрөвдмөөр. Гэтэл Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийнхан иргэдийг нь дарлаж, эзэн суужээ. Тэд хоёр сарын өмнө орон нутгийн гэрээ хийсэн 10 гаруй сумын байгууллага, иргэдэд үнэгүй нүүрс өгнө хэмээгээд үйл ажиллагаа явуулсан ч нэг ч шуудай нүүрс өгөөгүйгээр үл барам 100 гаруй тонн нүүрсийг албан байгууллага, ард иргэдэд үнэгүй тараасан хэмээн өөрсдийгөө сурталчилж, амжсан байна.
Энэ бол “МоЭнКо” хэмээх компанийнхан. Энэхүү хийгээгүй ажлыг нь хийсэжн болгож ярьсан хүн бол Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл гэнэ. Тэрбээр “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийг өнтэй өвөлжихөд үнэтэй хувь нэмэр оруулж ард иргэд, хүүхэд багачуудад маань сургууль, цэцэрлэг, гэр орондоо халуун дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох  нөхцлийг бүрдүүлэн өгч, нүүрс үнэгүй нийлүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байлаа хэмээн ярилаа. Хөдөөгийн иргэдэд үнэ төлбөргүй нүүрс нийлүүлснээр тэдэнд эдийн засгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй байгаль орчныг хамгаалахад ч ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж нутгийнхан ам сайтай байна. “МоЭнКо” компани энэ жил  анх удаагаа байгууллага, иргэдэд нүүрс үнэгүй өгч байгаа бус цаг агаарын байдал хүндэрсэн өмнөх жилүүдэд ч тусламжийн гараа сунгаж байсан” хэмээн “долигножээ”. Үүнийг нь харсан хүмүүс Д.Түмэндэмбэрэлд л нүүрс өгөөд энэ нь ингэж яриад байгаа юм хэмээн ярьж байна билээ.
Гэтэл сураг сонсох нь ээ, Хөшөөтийн уурхайн ард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Байгаль орчны сайд асан У.Барсболд нар байдаг гэнэ. Ямартай ч нутгийн иргэд “МоЭнКо” кампанийнханд дургүцэж байгаагаа илэрхийлээд ч нэмэр алга. 14-хөн настай хүү тус компанийн ухсан цооногт унаж, амиа алдчихаад байхад тоогоогүй хүмүүс ард иргэдийн үгийг юман чинээ тоохгүй байх нь аргагүй. Уг нь ард нь байгаа хүмүүс улс төрийн томоохон албан тушаал хашдаг хэр нь 80 гаруйхан мянган хүн амтай Ховд аймгийг үнсэнд хаясан шалз шиг болгож байгаа нь хөөрхийлөлтэй. Бүр нутгийн иргэд нь эх орныхоо газар шороон дээгүүр чөлөөтэй ч алхаж чадахгүй татвар төлөх дээрээ тулаад байна шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх тэнхэл Д.Дэмбэрэлтэн танд байна уу.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих