Шуурхай: Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дөнгөж сая Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг шударга ажиллаж чадахгүй байна гэх үндэслэлээр огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулсан.
Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож, Ёсзүйн хороогоор оруулж хариуцлага тооцохыг шаардсан. Тодруулбал, ЖДҮ-ээс зээл авсан хүмүүс, ББСБ, ХЗХ-гоор энийг дамжуулсан гэдэг нь тогтоогдох, сэжиг таамаг байгаа бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бүр сэжигтэй бол хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байна гэсэн юм.
Харин түүний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хуралдуулах хариу өгсөн байдаг.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Харин энэ асуудлыг МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэн түрүүнд монголын ард түмнээс уучлал гуйж байна. Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар ярьж байгаадаа хүлцэл өчиж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрах нөхцөл байдал үүссэн. Тиймээс бидэнд Монгол улсын том эрх ашиг байхаас намын эрх ашигт захирагдаж болохгүй гэж үзэн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа” гэлээ.
Б.Анир
zaluu.com
URL: