Л.ЭНХБОЛДЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газар /АТГ/ -аас өнгөрсөн Баасан гаригт /2018.11.16/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий компанийн захирлыг баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээллээр “Хас говь транс” компанийн захирал Э.Чагнаасүрэн, “Жаргалант харваст” компанийн захирал Л.Батсүрэн нарыг баривчилсан байна.
Одоогийн байдлаар АТГ нь ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан. Мөн тус сангийн 20 ажилтны хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа.
Онцлоход, уг сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр салбарын сайд Б.Батзоригийг чөлөөлсөн бол Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Ундармаа нарт ч мөн хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг сөрөг хүчний зүгээс тавиад байгаа.
seruuleg.mn
URL: