Боловсролын яамны гадуурхсан 10337 хүүхэд
5.1.4. иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана.
Монгол Улсын Боловсролын тухай хуулиас
Монгол хүн нэг бүр сурч боловсрох эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан ард түмэн. Гэхдээ хуулиа дээдэлж, мөрддөггүй, хүний эрхийг хүндэлдэггүй, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах нь энгийн үзэгдэл болжээ.
Нэгэн зүйл. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо хэмжээний үзүүлэлтэнд Ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоог 625 930, хамран сургалтын хувиа 95.8 хэмээн тооцжээ. ЕБС-д буюу суурь боловсрол эзэмших хүүхдүүдийнхээ хувийг анхнаасаа 100 хувиар үл тооцож, сургуулийн насны 10000 гаруй хүүхдийг сурч боловсрох эрхгүй хэмээн үзсэн бололтой. Боловсролын салбараас гадуурхагдсан сургуулийн насны хүүхдийнхээ 4 хувийг яав хэмээн шалгавал Албан бус боловсролд хамрагдах хүүхдийн тоо – 10337 гэж яг таг тооцон оруулсан байх аж.
3.1.7. ”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлнэ.
Монгол Улсын Боловсролын тухай хуулиас
Ерөнхий боловсролыг хүүхэд бүрийг ямар ч алагчлалгүйгээр, төрөөс төлбөргүйгээр олгоно гэж Үндсэн хуульдаа заасан атлаа албан бус боловсролд хэмээн ангилан ялгасан 10337 хүүхдийн асуудал түвэгтэй, хар төрүүлэм зүйл юм. Хэдийгээр иргэд боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшинэ гэж хуульчилсан ч салбар яам нь ЕБС-д хамран сургах хүүхдийнхээ 10337-г нь яагаад албан бус боловсрол хэмээн шууд зааглаж өгсөн юм бол?
Насан туршийн боловсролын үндэсний төв нь албан бус хэмээн нэрлэгдсэн нөхөн олгох боловсролыг олгодог ганц газар юм. Иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн боловсролыг албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт бэлтгэнэ гэж заасан байдаг. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэдэг нь боловсрол нөхөн олгоно гэсэн үг. Энэ нь ямар нэгэн байдлаар сургуулиас завсардсан, удаан хугацаанд өвчний улмаас сургуульд орох хугацаандаа элсэн ороогүй, удаан хугацаанд завсардсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр эрхээ хязгаарлуулсан хүүхдүүд болон 2 жил болон түүнээс дээш хугацаагаар сургууль завсардсан иргэн дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж боловсрол нөхөн олох боломжтой гэж байгаа юм. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагч гэдэгт бүх насны иргэд багтдаг. Зургаа болон долоон настнуудад бага боловсрол эзэмшүүлэхээр дүйцсэн хөтөлбөрт авахгүй. ЕБС-ийн хамран сургах тойргийнхоо хүрээнд сургуулиас гадна байгаа хүүхдийг ЕБС-нь хариуцаж сургах ёстой. Тэрнээс биш сургуульд ороогүй хүүхдүүдийг Насан туршийн боловсролын үндэсний төв шүүрдэн бүртгэж, боловсрол эзэмшүүлэх байгууллага биш гэсэн үг юм.
Тиймээс ч төсөв барихдаа салбар яам нь, сайд нь хамран сургалтын хувиа 100 хувь хэмээн тооцож, эндээсээ албан бус боловсролд хамрагдах хүүхдийнхээ тоон задаргааг хийх ёстой болж таарч байна.
Салбарын яам нь ингэж хүүхдүүдийг өөрсдөө гадуурхаж буйг ялгаварлан гадуурхал гэж тооцох үндэслэлийн нэг нь ЕБС-д суралцагч хүүхдийн хувьсах зардал юм. Засгийн газрын “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай” 2016 оны 242 тоот тогтоолоор нийслэлийн ЕБС-ийн сурагчийн хувьсах зардалд жилд дунжаар 374 мянган төгрөг, сум аймгийн төвийн сурагч хүүхдийнхийг 437.9 мянган төгрөгөөр тус тус тогтоож байж.
Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид ба тоо баримт
2017-2018 онд бага, суурь, бүрэн дүнд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид
Бүгд 9116, эмэгтэй 2761
10 хүртэлх насны 296,
19-өөс дээш насны 4787,
ЕБС-д суралцаагүй 6-14 насны хүүхэд 445,
Амьдралын гачигдлаас 65
Сурах дургүйгээс 24
Өвчний улмаас 193
Шалтгаан тодорхойгүй 163
Сургуульд огт ороогүй 341
Ороод завсардсан 104
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бага дунд сургуульд 31752 сурагчид төрөөс дунджаар 10 орчим тэрбум төгрөг зарцуулна хэмээн төсөвт оруулжээ. Тэгвэл албан бус боловсролын буюу дүйцсэн хөтөлбөрөөр суралцагч хүүхдүүдэд энэ мөнгө төсөвлөгддөггүй.
Төрийн бус өмчит буюу хувийн, өндөр төлбөртэй сургуулийн сурагчдад хүртэл олддог хувьсах зардал ялгаварлан гадуурхагдсан 10337 хүүхдэд олдохгүй. Эмзэг бүлгийн, эрхээ хязгаарлуулсан, хөгжлийн бэрхшээлээсээ болж ЕБС-ийн багш, захирлын тоочсон шахаасны улмаас сурч боловсрох хүслээ, хэрэгцээгээ хангаж, эрхээ эдлэхээр шийдсэн гэх нийтлэг шалтгаантай хүүхдүүд улсын төсвөөс хасагдаж байна.
Нийт боловсролын салбарын албан бус боловсролд зарцуулдаг нь 0.33 хувийг эзлэдэг гэдэг. Салбарынхаа төсвийн бүхэл 1 хувьд ч хүртдэггүй дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүд үдийн цай хөтөлбөрт огт хамрагддаггүй. “Хамран сургалтын хувийг 95.8 гэж өндөр гаргасан ЕБС-ийнхан дурдсан хувиараа хувьсах зардлаа авдаг боловч дүйцсэн сургалтын хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүд үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй. Улсаас манайх ийм хувьсах зардал огт авдаггүй. Манай дүйцсэн хөтөлбөрийн насан туршийн боловсролын сум, дүүрэг, аймгийн ажилтан багш нар хувьсах зардлаараа л цалинждаг” гэж тус төвийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн В.Лут-Очир тайлбарлав.
Уг нь төрөөс олгодог нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын 85 хувь нь багшийн цалин, 10 хувь нь багшийн нийгмийн даатгалын шимтгэл, үлдсэн 5 хувь нь хичээл үйлдвэрлэлийн зардал буюу сургалтын материал хэвлэх үнэд зарцуулагдах ёстой.
“Үндэсний хөтөлбөр бол батлагдаагүй олон жил болж байна. Хөтөлбөргүй ч гэсэн бид хуульдаа заасных нь дагуу сургалтаа хийж, жил бүр яамандаа тайлангаа өгч явдаг. Сурах бичиг тараах материалын хувьд яамнаас бүх дүйцсэн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын тоогоор сурах бичиг явдаг гэдэг ч энэ нь зөвхөн бага боловсролд хамаардаг. (бага боловсролын хувьд сурах бичиг үнэгүй тараагддаг). Дунд, суурь боловсролын хувьд сурах бичиг түгээдэг юм байхгүй. Улсын төсвөөс хувьсах зардлаар гэхээс биш бичиг үсгийн боловсрол зэрэгт санхүүжилт байхгүй учир бид олон улсын байгууллагуудын тусламж, төсөл хэлбэрээр санхүүгээ зохицуулдаг гэдгээ ч В.Лут-Очир дурдсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг тусгай хэрэгцээт боловсролоор чадавхжсан багш нар байхгүй. Ганц, хоёр удаагийн сургалтад хамрагдаад бусдаар бор зүрхээрээ л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нараа чадавхижуулах сургалтад суулгах төсөв ч байдаггүй гэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл зааж байгаа багш 0.7 хувийн нэмэгдэл авна гэсэн заалт ч эднийд хамаагүй мэт л өнгөрдөг.
Төрийн өмчит сургуулийн сурагчдад төрөөс өгч буй хувьсах зардлыг болиулах асуудал яригдахад ачааг үүрэлцэж буй хэсэг болж дурдагдан, магтуулаад өнгөрдөг бол тэнгийн талаас түшилцэж буй албан бус боловсрлол олгож буй төвөө харин юм бүхэнд мартдаг учир юунд байна?
Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх анхаарч нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нийт 33.6 тэрбум төгрөгөөр, үдийн цай, үдийн хоолны зардлыг 14.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлж тооцлоо гэхчилэн сүржигнэсэн ч нийгмийн халамжид хамрагдаж чадаагүй эмзэг бүлгийн хүүхдүүд, ялгаварлан гадуурхагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд үнэхээр анхаарлаа хандуулж, хүртээмжээ нэмэгдүүлэх зорилтот бүлгээ хэмээн харах ёстой албан бус боловсрол хамруулсан 10337 хүүхдийн ирээдүй салбарын яамных нь ялгаварлалаас болж бүрхэгдэж буй нь энэ.
10337 гэдэг бага тоо биш. Нийслэлд бол дундаж хэмжээтэй 4 хорооны оршин суугчидтай тэнцэхүйц хэмжээний хүүхэд яамныхаа ялгаварлалаас болж цаашид дэвшин суралцах, мэргэжил боловсрол эзэмших эрхээ эдлэж, нийгэмд хувь нэмрээ оруулах үүргээ биелүүлэх нөхцөл нь хумигдаж буй хэрэг.
URL: