Улайдаггүй Б.Ундармаа
Улстөрд улайдаггүй улаан гэж нэг нөхөр бий. Улстөрчийн хувьд тийм ч туйлбартай нэгэн биш. МАХН-ыг МАН нэрээ сэргээхэд Н.Энхбаяртай цуг намын хуучин нэрээ дагаж гүйсэн нь Ч.Улаан. Удалгүй МАН-даа эргэн ирсэн түүх Ч.Улааных. Өөрт ашигтай л бол намаас орж гарах нь түүнд сонин биш. Тиймээс ч улс төрийн хүрээнийхэн түүнийг улайдаггүй Ч.Улаан гэж нэрийдсэн.
Тэгвэл улстөрд хоёр дахь Улаан “мэндэлжээ”. Тэр нь Б. Ундармаа. Сүүлийн үед төрийн тусгай сангуудтай холбоотой дуулиан дэгдээд байгаа. Энэ болгонтой УИХ-ын гишүүн Б.Ундармаа холбогддог болж байна.
УИХ-ын гишүүн, бизнесмен хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас авсан асуудал сонсгогчдын зэвүү дургүйг зэрэг хүргэнэ гэгч болж байна. Нэг үгээр сонгогч түмэнд бага хүүтэй очих мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа авч, өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байгаа юм. ЖДҮСХ сан, “Капитал” банкны “Хамтран ажиллах гэрээ” гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч олон нийтэд хүрсэн. Арилжааны банк ЖДҮХ сангаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй, нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүрээгээ тэлэх нь тодорхой шүү дээ.
Гэтэл энэ шуугиантай зэрэгцэн Б.Ундармаа гишүүн би “Капитал” банкны үйл ажиллагаанд оролцдоггүй хэмээн “томров”. Үнэхээр улайдаг нүүр гэж эрхэм гишүүнд алга. “Капитал” банк нь ЖДҮХ сантай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх гэрээ байдаг. Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байгаа. Гэтэл тэр 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” ийм гэрээ хийчхээд, ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байгаа юм.
Б.Ундармаа гишүүнийг овгоос нь илүүтэй “Капитал” банкаар нь мэддэг. Гэтэл одоо бүр “Капитал” банк минийх биш аятай юм яриад зогсож байх юм. Ийнхүү улстөрд улайдаггүй нүүртэй эрхэм нэгээр нэмэгдэж байгаа нь энэ.
Оллоо.мн
URL: