Дүүдээ зээл олгодог дараагийн сүлжээ ”Сум хөгжүүлэх сан”
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаад иржээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн тухай яриа эрчээ авч байгаа энэ цаг үед сум хөгжүүлэх сангийн хөрөнгө, мөнгийг ч Засаг дарга нь захиран зарцуулж, дүүдээ зээлсэн, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол цөөнгүй илэрчээ.
Тухайлбал АТГ Ховд аймагт ажиллах үеэр Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгажээ. Гэтэл тендерт шалгарсан нэр бүхий компани нь усны машины оронд 1999 онд үйлдвэрлэсэн бохирын автомашин нийлүүлсэн байна.
Дараа нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан “Түүхт Баянжаргалан” ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх аж. Цугларсан хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг байсныг АТГ-аас илрүүлжээ. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.
Мөн 2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан “SSS комплекс” барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ.
Түүнчлэн тус аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, сум хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол байна. Тухайлбал, Наран сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан И нь дүү Э-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг О нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б-д 5 сая төгрөгийн зээл олгосон байна.
Сум хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгох явдлаас гадна орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөнийг аймагт ирсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон дагалдан яваа хүмүүст хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зориулалтын бусаар зарцуулах, төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан тохиолдол байна.
Тухайлбал 2018 онд Ховд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан байх юм.
ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрээгүй. Гэтэл сум хөгжүүлэх сангаас ч нутгийн иргэд хүртэж чаддаггүй болохыг АТГ-ын шалгалтаас харж болохоор байна. УИХ-ын гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд дүүдээ, эхнэртээ зээл авч өгсөн бол, орон нутгийн удирдлагууд ч эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг хамаатан, садандаа өгсөн байна.
ЖДҮХС-аас авсан зээлээ эргэн төлнө гэдгийг эрхэм гишүүд ээлж дараалан хэлж байна. Сум хөгжүүлэх сангаас авсан хөрөнгө, мөнгийг ч засаг ноёд буцаан төлөх нь зүйтэй. АТГ-ын шалгалтаар ямартай ч Сум хөгжүүлэх сангаас 156 сая төгрөг засаг даргын захирамжаар ах, дүү, хамаатан садных нь “гараар” оржээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Г.Сүрэн
URL: