Эрээний хулхи гутал шиг хуулийн чинь өсгийд эгэл түмэн мөлхөж, эх орон мөхөж байна
Төрөөрөө тоглосоор байгаад түмпэнтэй угаадас шиг болгочихдог түрэмгий цаг үед бид амьдарч байна. УИХ-ын дарга гэж шавар баримал. Өөрөө өргөдлөө гаргах юм уу, өвдөх, талийж одохоос нааш суудалдаа суумал муми шиг залраастай. Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдсон нэртэй бас л хөдөлшгүй хөх чулуу. Харин дунд нь Ерөнхий сайд гэж утсан хүүхэлдэй. Гишүүн нэртэй хэдэн хүн гарын үсэг цуглуулаад л дуртай цагтаа духан дээр нь няслаад байхгүй болгочихно. Хоёр талаас нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэж дархлагдсан шавар муми, шаасан гадас хоёр нь хашиж байгаад, хамаг байдгаараа шантаажилж хүссэнээ хийлгэнэ, бодсоноороо бондогонуулна. Яг үнэндээ манай шүдгүй гурван арслан чинь ийм тохиолдолд нэг нь юу ч үзээгүй, нөгөөх нь юу ч сонсоогүй, үлдсэн нь юу ч хэлээгүй гээд гүрийчихдэг гурван алиа сармагчин гэж мэд.
Үе үеийн Ерөнхий сайд гэж өгзөгөнд нь зүү зоочихсон юм шиг өндөлзөж явдаг, огцорчих вий гэсэн айдастай, уначих вий гэсэн шаналгаатай. Хуулийн талаасаа хамгийн хэврэг, хамгийн эмзэг, түлхчихвэл уначихдаг, ганц хоёрхон гарын үсгээр хувь заяаг нь шийддэг албан тушаал бол хөөрхий Ерөнхий сайдынх болж таарч байна. Тэгсэн хэрнээ гүйцэтгэх засаглалыг удирддаг албатай. Юу ч үзээгүй, сонсоогүй, хэлээгүй гээд л чухам тэнэг царайлаад тэвчээд сууж байхгүй бол гарын үсэг гялс, толгой бөндгөс. Хуулийн ямар ч хамгаалалтгүй, хуудуутай хэврэг суудалд олон ч сайхан улстөрч карьертаа цэг тавьж, утсан хүүхэлдэйн хялгасан амиа улс төрд өргөлөө. Худлаа гэвэл Төрийн ордонд байрладаг Ерөнхий сайдуудын зургийг залдаг бунхан шиг танхимыг хар. Зургаахан сар төр барьсан Ерөнхий сайд ч тэнд бий. Зүй нь бол цагаан морин жилийн хувьсгалаас хойш дөрвөн жилийн тойргоор долоон Ерөнхий сайдын нүүр үзэх учиртай байтал 20 шахмын ард гарч, тэр тоолон төр хөрвөөж, түмэн чирэгджээ.
Ард түмнээ ардчилсан сонгуулиар хошгируулчихна, Ерөнхий сайдаа төрийн гурван өндөрлөгийн нэг гээд панаалдчихна. Яг үнэндээ эрхгүй, мэдэлгүй улс чинь Ерөнхий сайд, ард түмэн хоёр л юм байна. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль…энэ чинь тэгээд хууль юм уу? Энэ Эрээний хулхи гутал шиг хуулиудын чинь өсгийд эгэл ард түмэн элгээрээ хэвтэж, эх орон мөлхөж, энэ Монгол мөхөх нь. Эрчүүд нь цэрэгт тэнцэхээ байж, эмс охидынхоо хормойг хямгадахад хэцүү боллоо. Өвгөд хөгшид маань өнө хол цагаачилсан үрсээ хүлээсээр цээжиндээ бэтгэтэй мөнх бусыг үзэж, хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж буй залуус буцах замгүй буланд шахуулж, харьд шингэж, хатууг туулж явна. Хоёр жил ч бололгүй засаг солигдож, яам агентлаг газруудын дарга нар гэрлийн хурдаар өөрчлөгдөж, төрийн төлөвшил, тогтвортой байдал гэдэг юм унтаад сэрэхэд устаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт гэж үлгэр ярьсаар үгээ барж, үйлдлээ хязгаарлахаас цаашгүй хэдэн жил боллоо.
Монголын төр гурван жилийн ч насгүй, гурван сарын ч нэргүй, гуч хоногийн ч ясгүй, гурван өдрийн ч цусгүй байх нь монголчуудыг мөхөөж буй хуулийн арга юм биш үү? Монголчуудыг монголчуудаар нь унагаах, шившиглэх бүх арга энэ хуулиудад чинь хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ мэтийн хуулийнхаа алдааг засч залруулаад явахын оронд 76 хоолны сав нь нүх л олдвол шургаад, сүв л олдвол ухаад, засаг л байвал унагаад, зээл л байвал халааслаад гүйж явдаг боллоо. Нэг л их болсон болоогүй хууль санаачилж, батлуулах тоолондоо мөнгө халаасалж, хэрэгжүүлэх болгондоо зоос зоолсон улс. Гэтэл 30 жилийн турш байгуулсан гэх төрөө хар даа. Цагдаа нь булчингүй, ард нь бяргүй, төр нь дон дон хүүхэлдэй, түмэн нь дэн дэн амьтай.
Хүчний байгууллагынхан болоод хэвлэл мэдээллийнхэн нь хятад болон монгол талыг баримтлагчид гээд хоёр хуваагдаад хориод он улирлаа. Монголчуудыг зориуд ийм байдалд хүргэсэн гэж би хувьдаа бүрэн эрхийнхээ дагуу хардаж байна. Монгол түмний бадрангуй чанар, гал дөл хаачив? Монгол төрийн сүр сүлд, бардам оршихуй хаа одов? Төрийн гурван өндөрлөг ч гэх шиг. Нэг нь үзээгүй гээд гүрийчихдэг, нөгөөх нь сонсоогүй гээд гүлдийчихдэг, бас нэг нь хэлээгүй яриагүй гээд амаа дарчихдаг гурван сармагчин. Нэг нь “Үзсэн, харсан, сонссон, үнэн шударга байдлыг шаардаж байна” гээд дуугарангуут яаж үймж, үрчийж байгааг нь хараарай. Ийм хулхи хуультай, хуурмаг төртэй хол явахгүй ээ. Тэгээд тэр Хүрэлсүхийгээ аваад хая л даа, дахиад хэдэн Ерөнхий сайд унаж, хэдэн танхим огцорч, хэдэн үеэрээ энэ тоглоомын чинь золиос болох ёстой вэ?
Огцруулсан Ерөнхий сайд болгонтой чинь хамт олон түмний төрдөө итгэх итгэл найдвар хана мөргөж, хагарч цуурсаар өнөөг хүрлээ. Энэ үзвээс эргүү, харваас хариугүй хуулиудаа эв зүйд нь оруулж, Ерөнхий сайд ард түмэн хоёрт эрх мэдэл өгөхгүй юм бол 76 тэжээврээр ч яадаг юм. Байгаа хуулиудаа сайжруул, байхгүйг нь хэлэлцэж батал гэж л цалин өгч, цагдаагаар хамгаалуулж, эрх ямбыг нь элдвээр хангадаг бус уу? Ажлаа өдий хүртэл хийж чадахгүй, төрөө тогтвортой, уламжлалтай байлгах хууль зүйн үндсийг нь тавьж мэдэхгүй байгаа энэ парламентийг тарааж, дахин сонгууль явуулсан ч яадаг юм. Тэртэй тэргүй 30 жил алдлаа. Гуниж буцлаа гээд одоо юу алддаг юм. Гурван зуун дамнасан дарлалын дор мөлхөж, 600 мянгуулхнаа үлдчихээд байхдаа ч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай явсан ард түмэн Эрээний хулхи гутал шиг хуулиудын чинь өсгийд мөхөх нь!
Эмүжин
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1965449120210133&id=553678738053852&__tn__=K-R
URL: