ХЭЛЖ АМЖААГҮЙ ХАЙР

c31

Их хот шөнийн амьдралдаа умбана. Хурц неон гэрэл цацруулан олныг даллан дуудсан хотын тансаг гэгдэх нэгэн цэнгээний газар ёстой л түм түжигнэж бум бужигнана. Бадрал энэ өдөр төслийн багийн гишүүд болох харийн хэдэн хүнд Улаанбаатар хотын шөнийн амьдралыг үзүүлнэ гэж амласан. Тэр ч ёсоороо энэхүү сүүлийн үед үйлчилгээ, хоол унд, тухлаг байдлаараа олны сонирхлыг ихэд татаж нэг ёсондоо “моодонд” ороод буй шөнийн клубт зочлоод буй нь энэ. Тэрээр ийнхүү хамт нэг төсөл дээр ажиллаж буй Солонгос эрчүүдийн хамтаар хамгийн тансаг гэгдэх тусгай өрөөг эзлээд наргиж гарав. Дарга том тушаалын ноёдын ууж идэх тэр ч бүү хэл хүүхэн шуухны асуудлыг хүртэл Монгол талаас Бадрал, Солонгос талаас Ким гэгдэх менежер залуу бүгдийг зохицуулна. Албаны бүх зүйлд нягт нямбай ханддаг зангаараа Бадрал энэ удаа ч мөн зочдын өмнө нүүр түлчихгүй газар сонгон эднийг цэнгээж суугаа нь энэ.

Солонгос талын том босс нь энэ удаа нэлээн хүүхэмсэг эр таарсаныг ч хэлэх үү өдрөөс хойш л Ким түүнд царайлаг бас найдвартай хамгийн гол нь хэл үгэнд оруулаад байхгүй монгол хүүхэн олж өгөх талаар түүнд бүр аминчлан захисан. Энэхүү шөнийн клубын эзэн залирхаг эр цэцэг цэврүү шиг охидыг энд нууцаар ажиллуулдагийг Бадрал мэдэх тул нэг их санаа зовоод байх зүйл байсангүй. Нөгөө зочид ирэхэд авдаг охидоос чинь өнөөдөр танайд надтай хамт очих солонгосчуудад хэрэг болно шүү гэж утасдаад л бүх зүйл жин тан. Ажил төрлийн яриа ид өрнөж ууж идэхээрээ л бизнесийн нарийн ширийн зүйлээ ярьдаг нь Солонгос соёл юм хойно өдөр ямбалаад дуугарч ядаад байсан Солонгос талын том босс ч хатуухан шарзанд халж ааш зан гэж хайлсан тугалга. Үүнийг дагаад эрчүүдийн яриа ч задгайрчээ.

Солонгос соёлоор хүндэтгэж буй хүндээ архи хундагалан өгөөд хоёул халз ууна. Дараа нь нөгөө хүндээ мөн эргүүлэн хундагалан өгч бас л хамт дуустал нь ууна. Хэрэв хундагалж өгсөн архийг уухгүй бол нөгөө хүнээ хүндэтгээгүй ёс бус зүйл болох тул энэ төсөл дээр солонгосчуудтай ажиллах хугацаанд архи уух гэгчийг Бадрал бас нэгэн эрдэм болгоод байгаа билээ. Хамгийн гол нь хэчнээн ууж идлээ ч намба л алдаж болохгүй. Уусан идсэнээ шингээж сурна гэдэг солонгосчуудаас түүний сурсан бас нэгэн зан. Тэр ч бүү хэл хангүг аав хүүгээ насанд хүрэхээр нь хамт архи ууж архи уух, хэрэглэж сурах соёлд сургадаг гэж байгаа. Тэгээд бодохоор ялангуяа бизнесийн хүрээнийхэн архийг зөв зохистой хэрэглэхгүйгээр амжилтанд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ийнхүү Бадрал компанийхаа солонгосчуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл дээр сүүлийн хэдэн жил ажилласных Солонгос соёл бизнесийн нарийн ширийнээс багагүй суралцаад байгаа билээ.

Гэнэт Ким түүний чихэнд: –Нөгөө хүүхнүүд бэлэн үү гэж шивэгнэв. Бадрал рестораны эзэн залуу уруу мессеж бичиж өдрийн захиалсан хүүхнүүдийг тусгай өрөө үрүү оруулахыг сануулав. Төд удалгүй бараг нүцгэн шахуу 3 охин орж ирэв. Тэднийг яг л амьтан мэт шинжин ширтэх харь эрчүүдийн эрээ цээргүй харцыг залгин зогсох 3 сайхан монгол бүсгүй өмнүүр нь эгнэн зогслоо. Гэтэл, ээ бурхан минь . Үйлийн үргүй сэтгэлд хоногшсон хонгорхон царай. Энэ чинь Сарнай байна шүү дээ. Сандарч барьц алдсан Бадрал арай л уулга алдаж нэрээр нь дуудчихсангүй хэлээ тас хазав. Бадрал Сарнай уруу харах тэр агшинд тэр хоёрын харц мөргөлдөж орхив. Бүсгүй хүний хамаг сайхан бүхнээ эрээ цээргүй ил гарган зогсох Сарнай хэдий үзэсгэлэнтэй ч харц нь энэ хорвоо өнгөө алдаа юу гэлтэй. Юутай уйтай бас өнгөгүй харц. Уг нь Сарнай сэргэлэн хархан нүдтэй охин байсансан. Сарнай Бадралыг хараад түүнийг таньж сандарч тэвдэж буй нь илт. Гэвч түүнийгээ нуух гэж хирэндээ л хичээн хэнэггүй царайлах гэж ядан зогсох аж. Арай ч дээ. Амьдрал заримдаа хүнээр дэндүү тоохуурхах юм даа. Энэ олон жилийн хойно тэртээ нэгэн цагт үхэн хатан дурлаж байсан гэнэхэн хонгор бүсгүй нь ингээд яг л боолын зах дээрх шиг харийн эрчүүдэд биеэ зараад зогсож байх ч гэж дээ.

Шарзанд ялимгүй халж зочидтой хөгжилтэй яриа дэлгэж суусан Бадралын хамаг уусан архи нь хормын төдий гараад царай нь хувхай цайж орхив. Яагаад би чамд тэр үед сэтгэлээ нээж хэлээгүй юм бол. Тэгсэн бол өдийд чи минь ингээд явж байгаа ч уу, үгүй ч үү.
Яагаад чамайг амьдралд ингэтлээ цөхөрч сөгдөхөд чинь хэн ч туслаагүй вэ. Энэнээс өөр зам чамд минь олдсонгүй гэж үү дээ
гэж халаглан бодох Бадралын зүрх базлан өвдөнө. Хэзээ нэгэн цагт бүхнийг умартан дурлаж хайрлаж явсан хархан нүдтэй Сарнай охин ингээд харийн хөлчүү эрчүүдэд биеэ зараад зогсож байх ч гэж дээ. Бадрал чамгүй олон жил өдий зэрэгтэй амьдралд хүрэх гэж зүтгэж явсан. Зүтгэсэн зорисондоо ч хүрэх замдаа ороод байгаа билээ. Харин зүрхэндээ юуг ч юм хэнийг ч юм үгүйлж явсан нь энэ Сарнай байгаагүй гэж үү. Гэтэл тэр эрхэм хүнтэйгээ ингэж тааралдах ч гэж дээ.

Босс 3 бүсгүйг эргүүлж тойруулж эрээ цээргүй шинжих зуур энэнийх нь бөгс нь сайхан юм тэрнийх нь хөх нь гоё юм гэж инээж тохуурхана. Танай Монгол хүүхнүүд сайхан гэдэг нь үнэн юм гээд эрхий хуруугаа гозойлгон шалиг нүдээ гялалзуулан хазгай мурий англиар үглэх нь Бадралд юунаас ч илүү доромжлол шиг санагдана. Тэрээр хүүхнүүдийг арай л мал адил шүдийг нь татаж чангааж үзсэнгүй.

Босс Сарнай уруу хөлчүү шалиг нүдээр ширтэж байснаа үүнийг миний дэргэд суулга гэж ихэмсгээр дохив. Ким Бадралд: -Энэ голын бүсгүйг манай босс сонголоо. Түүнийг хажууд нь суу гэж хэл гэв. Сарнай хэдийгээр ичиж зовж доош ширтэх ч Бадрал түүний харцнаас хэлж амжаагүй хайрыг бас мэдрэх шиг болов. Ай бурхан минь. Нэгэн цагт би зориггүйдээ чамайгаа алдсан. Одоо л дахиад биш шүү гэж хэн нэгэн ер бусын шийдэмгий хүн дотор талаас нь хатгаж орхив.

Гэнэт Бадрал: –Энэ бүсгүйг та нарт өгөхгүй ээ гэж эрсхэн хэлж орхиод түүний яагаад байгааг тааж ядан алмайрсан хөлчүү эрчүүдийг сэхээ авахаас нь өмнө Сарнайн гараас хөтөлсөөр гарч одов. Бадрал дуу шуу ч үгүй Сарнайг алдчих вий гэсэн шиг гараас нь тас атган цааш алхаж яваад гэнэт нүцгэн шахуу түүнийг өвлийн цастай гудамжинд хөтөлж яваагаа сая л нэг юм анзаарав. Дагжталаа чичирсэн ч айх ичих зэрэгцээд үг ч хэлэх тэнхэлгүй болсон Сарнай Бадралд дуулгавартай нь аргагүй хөтлүүлээд явж байв. Гэнэт ухаан орсон Бадрал өөрийн хүрмийг тайлж Сарнайд нөмрүүлээд яах ийхийн зуургүй түүнийг сэв хийтэл гар дээрээ өргөн машиныхаа зүг алхав. Тэрээр машинаа асаан хөдлөх гэж байтал Ким амьсгаадсаар гүйж ирээд машины цонхоор: -Чи чинь галзуураа юу. Юу болоо вэ гэж ойлгож ядсан нүдээр түүн үрүү ширтэн үглэнэ. Бадрал юу ч хэлсэнгүй цааш хөдлөхөд өвлийн үдшийн ялимгүй жаварт бээвийтлээ даарч царай нь зэвхийрсэн хангүг эр дэмий л мөрөө хавчин гараа савчсаар ард хоцров. Гадаа харин цас хаяласан намуухан сайхан үдэш байлаа.

Б. Эрхэмбаяр

Улаанбаатар хот.

2011 оны 5 дугаар сарын 20


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих