Б.Ганзориг: АСЕМ-ыг зориуд өндөр зардалтай болгож, хувьдаа мөнгө завших зорилготой байжээ

olloo_mn_1431564525_ACEM1

Манай улс 2016 онд олон улсын хэмжээний томоохон хурал болох АСЕМ-ыг зохион байгуулсан. Улсын нэр хүнд төдийгүй гадаад харилцаа талаасаа маш чухал ач холбогдолтой хурал болсонтой маргах хүн гарахгүй. Харин тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс маш их хэмжээний зардал гаргаснаа зарлаж байсан бол үүнээс олон хүн хувьдаа завшсан байж болзошгүйг үндэсний Аудитын газраас шалгаж тогтоосон байдаг. Улмаар энэ талаарх мэдээлэл, баримт эхнээсээ ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр завшсан байж болзошгүйг нотлох баримтыг дэлгэн тавьсаар байтал хуулийнхан энэ хэргийн мөрөөр орохгүй, холбогдох хүмүүстэй асуудал ярихгүй байгаа учраас “Цэгцрэх” хөдөлгөөний залуус холбогдох байгууллагуудад хандаад байна. Энэ талаар тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Б.ГАНЗОРИГТОЙ ярилцлаа.

-”Цэгцрэх” хөдөлгөөнөөс АСЕМ-ыг зохион байгуулагчдыг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг хууль хяналтынханд өгсөн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Тухайлбал, ямар газарт хэнийг шалгуулахаар хандаж байгаа вэ? 

-АСЕМ зохион байгуулагчид 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан талаар Аудитын ерөнхий газраас тайлан дүгнэлт гаргасан. Тиймээс бид энэ тайланг үндэслэн холбогдох хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтынханд хандаж байгаа юм. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Ерөнхий прокурор Энх-Амгалан нарт аудитын дүгнэлттэй холбогдуулан шалгалт хийж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох хүсэлт гаргасан.

-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед АСЕМ-ыг зохион байгуулсан ч улсын мөнгөөр туйлаад өнгөрсөн нь ил болоод байна. Та бүхэнд энэ талаар ямар баримт материал байна вэ. Мөн хэчнээн хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулсан, үр дүн нь юу байсан талаар мэдээлэл өгнө үү?

-Аудитын ерөнхий газраас хийсэн шалгалт дүгнэлтээс үзэхэд 395.7 тэрбумыг хяналтгүйгээр зарцуулсан. Үүнээс 290 орчим тэрбум төгрөгийн зарцуулалтыг зөрчилтэй гэж үзсэн байгаа юм. 200 гаруй тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн болон Голомт, ХААН банкаар дамжуулан 4.5 хувийн хүүтэй, сонгон шалгаруулалтгүйгээр “АСЕМ Вилла” болон бусад зочид буудалд хөнгөлөлттэй зээл олгосон байгаа юм. Бас ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендергүйгээр Худалдан авах ажиллагааны журам, тендерийн тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж олгосон, шууд гэрээлсэн ажлуудаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогдсон байна.

-Үндэсний аудитын газраас маш тодорхой дүгнэлт гаргасан ч үүний мөрөөр шалгаж, нягталсан зүйл алга. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Аудитын газраас бүтэн жил гаруйн хугацаанд шалгалт явуулсан юм билээ. Тодруулбал, шалгалтыг 2017 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд энэ оны тавдугаар сард дууссан. Ингээд дүгнэлтээ гаргаж зургаадугаар сарын эхээр Улсын ерөнхий прокурор болон холбогдох газруудад хүргүүлсэн юм байдаг. Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрчихөөд байхад одоо хүртэл юу болж байгаа нь тодорхой бус, ямар нэгэн мэдээлэл хийсэн зүйлгүй өдийг хүрч байна. Тийм ч учраас бидний зүгээс үүнд бухимдалтай байгаагаа илэрхийлж, ийм шаардлага хүргүүлээд явж байна.

-Аудитаас 17 хүнд холбогдох 79.2 тэрбум төгрөгийн зөрчил бий гэж хэлсэн. Энэ дунд зөрчилтэй ямар асуудал байдаг юм бэ. Сонгон шалгаруулалтгүй ажил маш их байсан гэдэг ?

-Тендерийн болон худалдан авах ажиллагааны хууль журмыг зөрчиж, аж ахуйн нэгж болон хувь хүмүүстэй шууд гэрээлснээс зөрчилтэй маш олон ажил байна. Зарим нэгээс нь дурдвал, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Их мандах-Очир” ХХК-тай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж, “Дүнжингарав”-ын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил /сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал/-ыг хийж гүйцэтгэсэн гэх боловч аудитын тулгалтаар мэдээлэл зөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нийт есөн сүүдрэвч, найман хогийн сав, хоёр цэцгийн мандал л байсан бөгөөд сүүдрэвч нь бүгд эвдэрсэн, хогийн савыг нь тоносон, алга болсон, цэцгийн мандал нь эвдэрч нурсан байдалтай байсан талаар дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа. Дээрх жижиг ажлыг хийж гүйцэтгэсэн хийц, материал нь удаан хугацаанд ашиглах боломжгуй байжээ. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр хэдхэн хоногийн настай, халтуурны ажил хийсэн гэсэн үг шүү дээ. Гэсэн атлаа ганц сүүдрэвчийг 11 сая төгрөгөөр хийсэн гэж мэдээлсэн байх жишээний. Бага зэргийн, тохилог байшин барих хэмжээний мөнгөөр жйжигхэн сүудрэвч барьсан байгаа юм. Мэдээж, энэ бол амьдралаас тасарсан буюу ганц суудрэвч барихад ахадсан, их хэмжээний мөнгөн дүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. Мөн та бидний сайн мэдэх Сүхбаатарын талбайн урд байрлуулсан “Тэнгэрийн өрх” хөшөөг хийж, суурин дээр нь байсан Энхтайваны хонхтой хөшөөг шилжүүлж байрлуухад нийт 668.7 сая төгрөг зарцуулсан байдаг. Тэр дундаа Энхтайваны хонхтой хешөөг сууринаас нь баруун тийш 50 метр нүүлгэн шилжүүлж, хөшөөний суурийг цутгах зардалд 71.9 сая төгрөг зарцуулсан байна гэж аудитын тайланд дурджээ. Нэг хөшөөний суурь цутгахад 72 сая төгрөг зарцуулснаас харахад энд хулгай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм л даа.

-АСЕМ-ыг гардан зохион байгуулагчид буюу Э.Бат-Үүл, П.Цагаан нарын зүгээс “Аудитын дүгнэлттэй санал нийлэхгүй, бид цагаан хүмүүс. Биднээс аудитынхан тайлбар аваагүй” гэж мэдэгдсэн. Аудит шалгалт хийхдээ тэднээс асууж тодруулах шаардлага байдаг уу? 

-Аудитын газраас шалгалт хийхдээ тухайн албан тушаалтнаас тайлбар авах шаардлагагүй. Хийсэн ажил, ажлын гэрээ, тоо баримтад л шалгалт хийсэн гэдгийг тайлбарласан шүү дээ. Мэдээж тухайн зөрчилд хэрэг үүсгээд явахаар хууль хяналтын байгууллагууд тухайн албан тушаалтныг дуудаж тайлбар авах байх. Ямар ч байсан хууль хяналтын байгууллагууд одоо болтол тайлбар аваагүй байхыг бодоход прокуророос одоо болтол хэргийг шалгаж эхлээгүй байна гэж хэлж болохоор харагдаад байгаа юм.

-2012-2016 онд буюу АН төрийн эрх барьж байх үед Монгол Улсын гадаад өрийн хэмжээ маш их өссөн байдаг. Үүний шалтгааныг та бүхэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбон тайлбарлаад байгаа шүү дээ?

-2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унаж Монголын экспорт бараг зогсчихсон байсан. Тухайн үед бид бүсээ чангалахын оронд асар их хэмжээний өр тавьсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Тухайлбал, “Чингис”, “Дим сан”, “Самурай” зэрэг бонд босгосноос гадна гадаадын банкуудаас өндөр хүүтэй зээл авсан. Түүгээр ч зогсохгүй своп хэлэлцээрээр Хятадаас хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авсан зэрэг нь өрийн хямралд хүргэсэн. Ийм үед өндөр зардалтайгаар АСЕМ-ыг зохион байгуулсан нь тийм ч сайн шийдвэр биш байсан нь тодорхой. Үндсэндээ өрийн хэмжээ улам л ихэссэн шүү дээ. АСЕМ зохион байгуулахдаа Солонгосын “Эксим” банкны зээлээр нэг бүр нь 120 мянган ам.долларын үнэтэй том оврын 43 автобусыг 5.5 сая ам.доллараар авсан. Тэр автобуснуудыг бүгдийг нь ашиглаагүй нь бас шалгалтаар илэрсэн байдаг. Одоогийн ханшаар бол 300 сая төгрөгийн өртөгтэй мөртлөө нийтийн тээвэрт ашиглах боломжгүй автобусыг төрийн байгууллагуудад хөнгөлттэй зээлээр шахсан сурагтай байна.

-Олон улсын маш том хурлыг манай улс зохион байгуулсан ч үр ашиг гараагүй. “АСЕМ зохион байгуулсан нийт мөнгөний зууны нэг хувиар хийх боломжтой байсан” гэж АН-ын гишүүн Л.Болд мэдэгдсэн. Үүнээс үзэхэд тухайн үед төр засаг тэргүүлж байсан хэдхэн хүн АСЕМ-ын зохион байгуулалтын мөнгөнөөс завшсан юм биш үү гэж харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, намынх нь гишүүд ийнхүү шүүмжлэлтэй хандаж байгаагаас үзэхэд АСЕМ-ыг зохион байгуулагчид үгсэн хуйвалдсан байж магадгүй байдал ажиглагдаад байна л даа?

-Угаасаа гаргасан мөнгө, зарцуулалт, аудитын шалгалтын тайлангаас харахад тэнд маш их хэмжээний луйвар, хулгай байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Ганцхан жишээ татахад, нэг төлөөлөгчид 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулсан бөгөөд нийт 366.3 сая төгрөг зарцуулсан байгаа юм. “Приус 30″ маркийн автомашин авахдаа нэг бүрийнх нь үнийг 53 сая төгрөг гэж тайландаа мэдүүлсэн байх жишээний. Гэтэл энэжилийн АСЕМ-ын хурал Брюссельд болсон. Үүнээс харахад тийм их тансаглал байсангүй, баян орон мөртлөө даруухан хийчихэж байгаа юм. Эцэст нь дүгнэхэд, АСЕМ-ын зардлыг зориуд өндөр болгосон. Тэндээсээ хулгайлах, ашиг унагах зорилготой байсан нь харагдаж байна.

-АСЕМ зохион байгуулсан хүмүүс нь тодорхой, нэрс нь ч ил болсон. Эдгээр хүнийг шалгаж хариуцлага тооцохгүй бол хуулийн тодорхой албан тушаалтнуудыг өөрсдийг нь огцруулах асуудлыг хөндөнө гэж байсан. Энэ тухайд?

-Энэ бол мэдээж дараагийн хийх ёстой алхам байх. Аудитын дүгнэлт гараад хагас жил болчихоод байхад одоог хүртэл хэрэг үүсгэсэн, шалгаж эхэлсэн эсэх нь ч тодорхойгүй байдлаар цааш явсаар замхрах вий гэж харж байгаа учраас эхний ээлжид шаардлага хүргүүллээ. Үр дүн гарахгүй бол бид  дараагийн алхмаа хийх болно.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих