ОРХОН АЙМАГТ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

olloo_mn_1542356734_EttОрхон аймагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн анхны салбар нэгжийг өнөөдөр /2018.11.16/ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Б.Ганхуяг захирал мэдээллийн төвийг нээхэд гүн туслалцаа үзүүлсэн Орхон аймагийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн ЗДТГ, Эрдэнэт хотын нийт иргэдэд талархал илэрхийлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхий дахины анхаарлын төвд байгаа. 2018 оны зурагдугаар сард олон улсад IPO гаргах шийдвэрийг УИХ-аас гаргасны дагуу Засгийн газраас эрчимтэй ажиллаж байна. IPO гаргах ажлын хүрээнд гадаад орнуудад буюу Америк, Австраль, Шанхайд банк санхүүгийн байгууллагынхантай уулзалт хийж байна.
Уулзалтын хүрээнд 30 хувьд нь ямар хэмжээний хөрөнгө босгох вэ, компани өөрөө ямар хэмжээний санхүүгийн чадамжтай вэ гэдгээ сурталжилж, таниулах ажлыг хийж байна.Харин Монголдоо өнөөдрийн байдлаар 65 байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, хорооны иргэдтэй уулзаж, сургалт зохион байгуулж нийтдээ 5000 гаруй хүнд мэдээлэл хүргээд байна. Бид өнгөрөгч тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулсан. Өнөөдөр анх удаа 1072 хувьцаа мэдээллийн төвийнхөө салбарыг нээж байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.
Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төвийн зүгээс нээлтээ хийсэнтэй холбогдуулан иргэдэд гурван хоногийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсноо нээлтийн үеэр мэдэгдсэн юм. Нээлтийн хаалганы өдөрлөгийн үеэр иргэд хувьцаатай холбоотой хүссэн мэдээллээ авахын зэрэгцээ, хувьцааны данс нээлгэх боломжтой бөгөөд Уурхайчин соёлын ордонд зохион байгуулах нэгдсэн сургалт хийгээд багуудад зохион байгуулах сургалтад хамрагдан мэдээллийг цогцоор нь авах боломжтой ажээ.
Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төв нь Орхон аймгийн иргэдэд 1072 хувьцаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг түргэн шуурхай өгөх болон иргэдийг бүртгэж ажиллах юм байна. Мөн хөрөнгийн зах зээлийн талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурлан зөвлөгөө өгөх, хоёр дахь зах зээлээс хэрхэн хувьцаа авах хийгээд, хэрхэн ноогдол ашиг авах тухай бүх төрлийн санхүүгийн мэдээлэл олгох ажлыг зохион байгуулах юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих