“ДЦС-4” дэлбэрч мэдэх аюулаас аврагджээ
Шивээ-Овоогоос “ДЦС-4”-т нийлүүлдэг нүүрсэн дотроос тэсрэх бодис илэрчээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр “ДЦС-4” цахилгаан станцын нүүрсэн дотроос тэсрэх бодис илэрлээ гэх дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нобгын тэсрэх, дэлбэрэх бодисоос хамгаалах үндэсний аврах хүрээлэнгийн бүлэг шуурхай очиж аюулгүй болгожээ. Харин энэ мэдээллийг холбогдох албанынхан нууцлахыг оролдсон байна. “ДЦС-4” цахилгаан станцад Шивээ-Овоогоос нийлүүлсэн нүүрстэй хамт энэхүү аюул дагуулсан “илгээмж” ирсэн гэнэ. Яагаад тэрхүү тэсэрч дэлбэрэх бодис ийнхүү нүүрсэнд орсон болох шалтгааныг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтоохоор ажиллаж эхэлснээ мэдээллээ. Энэ талаар НОБГ-ын дэд дарга Б.Мягмардоржоос тодруулахад “Тийм ээ! бид дуудлагын дагуу очиж, тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгосон. Уурхайд ашигладаг тэсэлгээний бодис байсан. Бид тус дулааны цахилгаан станцад нийлүүлсэн бүхий л нүүрсийг нягталж шалгасан. Дахин илрээгүй” гэв. Тэрбээр өмнө нь ийм тохиолдол хэд хэдэн удаа гарч, тухай бүрт нь тус албаныхан очиж аюулгүй болгож байсан гэдгийг онцлон анхааруулж хэллээ. Гэхдээ тухайн тэсрэх бодис нь тэслэгчгүй байсан. Тэслэгчгүй ч гэсэн зууханд ороод тэсэрч, дэлбэрээд аюул учруулах эсэхийг батлах хүн манайд байхгүй гэсэн сонин хариултыг тэрбээр мөн өгсөн. Энэхүү хэргийн талаар “ДЦС-4” цахилгаан станцын хяналтын албаны даргатай холбогдоход “Бид мэдээлэл өгдөг байгууллага биш. Цагдаа эсвэл онцгой байдлын газраас асуу” хэмээн утсаа таслав.
Зууханд ороод аюул учруулах, учруулахгүй эсэхийг батлах хүн манайд байхгүй
Үүний дараа “Шивээ-Овоо” ХК-ийн мэргэжилтэнтэй мөн холбогдсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй. Дарга нараас асуу” гэсэн бөгөөд дарга нартай нь холбогдохыг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Шивээ-Овоогийн уурхай нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг нийлүүлдэг. Харин Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувийг хангадаг. Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт тэсрэх механик хольцын нэгдэл, шингэн нэгдлийн эмульсийн төрлийн тэсрэх бодисыг өргөн хэрэглэдэг юм байна. Шивээ-Овоогийн нүүрснээс энэ удаад илэрсэн тэсрэх бодис ч ийм төрлийнх байсан бололтой. Мэдээллийг бэлтгэх явцдаа энэ төрлийн тэсрэх бодисны талаар зориуд сонирхоод үзлээ. Маш аюултай, хүчтэй дэлбэрдэг бодис юм байна. Усанд тэсвэртэй, физик тогтонги чанар сайтай, харьцангуй хямд үнэтэй байдаг аж. Түүнчлэн, бэлтгэхэд аюул осолгүй, ямар ч нөхцөлд хэрэглэх боломжтой гэнэ. Харин тэсрэлтийн шинж чанарын хувьд үзүүлэлт өндөр байдаг учир уул уурхайн үйлдвэрт нийтлэг хэрэглэдэг байна. Хэрвээ энэ бодисыг “ДЦС-4”- ын ажилтнууд илрүүлээгүй, анзаараагүй өнгөрсөн бол зуух руу ороод юу болохыг хэн ч таашгүй. Өнгөрсөн сард “ДЦС-4”-т гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот даяар цахилгаан тасрахад бид яаж зутарлаа. Гэрлэн дохио ажиллахгүй, замын хөдөлгөөнд асуудал гарч, иргэд өтгөн, шингэнээ яаж зохицуулахаа мэдэхгүй сандарч байлаа шүү дээ. Тиймээс эмульс гэх тэр хүчтэй тэсэрч дэлбэрэх бодис зуух руу орсон бол “ДЦС-4” цахилгаан станц яах байсан бол гэж бодохоор айдас төрөх шиг. Улаанбаатар тэр чигээрээ сүйрлийн байдалд орох ч байсан юм билүү, таашгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм явдал дахин дахин гарч байгаа гэнэ. Тухайлбал, багануурын уурхайгаас нүүрсээ авдаг “ДЦС-3”-т ч гэсэн ийм хэрэг гарч байжээ.
• “Дуудлагын дагуу НОБГ-ын Тэсрэх, дэлбэрэх бодисоос хамгаалах үндэсний аврах хүрээлэнгийн бүлэг шуурхай очиж аюулгүй болгожээ.
• Тэсрэлтийн шинж чанарын хувьд үзүүлэлт өндөр байдаг учир уул уурхайн үйлдвэрт нийтлэг хэрэглэдэг байна.
• “ДЦС-4”-ийн нүүрсэнд тэсрэх бодис илэрсний дараа “ДЦС-3” дээр ч түр онц байдал зарлан ажилчин, ажилтнууддаа сонор сэрэмжтэй, хянуур ажиллахыг сануулжээ.
Тодруулбал, “ДЦС-3”-т ажилладаг ажилтан нь ил асгасан нүүрсийг экскаватораар түрж байгаад тэсрэх бодис байхыг олж харсан байна. “Иймэрхүү тэсрэх бодис нь бараан өнгөтэй, зурагтны удирдлаганы хэмжээтэй учир нүүрснээс ялгарч харагдахдаа хэцүү байдаг” хэмээн тус станцын ажилтан ярилаа. “ДЦС-4”-ийн нүүрсэнд тэсрэх бодис илэрсний дараа “ДЦС-3” дээр ч түр онц байдал зарлан ажилчин, ажилтнууддаа сонор сэрэмжтэй, хянуур ажиллахыг сануулжээ. Ингээд цааш цаашдаа цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрснээс энэ мэтчилэн тэсрэх бодис илэрсээр байвал яах вэ. Нүүрс нийлүүлэгч компаниуд ямар ч байсан ийм хайхрамжгүй байдлаар ажиллаад байж болохгүй ээ! хэзээ нэгэн цагт улсынхаа гал голомт болсон цахилгаан станцуудаа дэлбэлчихээд байж байхгүйн тулд ажлын хариуцлага, хяналтаа сайжруулах цаг аль хэдийн болжээ. Эндээс нүүрсний уурхайнуудын тэсрэх бодист тавьдаг хяналт, тооцоо маш сул болох нь харагдаж байна. Хараа хяналтаа сайжруулахгүй бол нэг л өдөр бид аюулд орох нь тодорхой байна. Тэсрэх бодис илрүүлсэн ажилтныг холбогдох газрууд шагнаж урамшуулах хэрэгтэй. Ийм хэрэг дахин гаргахгүйн тулд болсон явдлыг нууж, хаах биш харин ч ил тод байх ёстойг эрхэм дарга нар ойлгох учиртай юм. Хаана, хаанаа хариуцлагатай байхгүй бол цаашид ч ийм аюул дагуулсан “илгээмж” ирсээр байх болно. Тэр хэрээр Улаанбаатарчуудын амьдрал эрсдэлтэй хэвээр байна шүү дээ!
ЗГМ сонин
URL: