Баярлана гэдэг балгахын нэр биш

БАЯР ХЭМЭЭХ ДАЙН

Дэлхийн нэг, хоёрдугаар дайн гэдэг шиг Монгол Улсад дайны хэмжээнд тооцохоор зүйл бол эх адаггүй олон баярууд. Нэг баярын дарамтнаас нөгөөд шилжсээр жилийн дөрвөн улирлыг өнгөрөөдөг улс орон манайхаас өөр хаана ч алга. Нэгдүгээр дайн нь хоёр оны заагт тохиох нүсэр их архидалт буюу шинэ жил. Хоёрдугаар нь цагаан сар. Хамаг байдгаа барж, цаашид амьдрал үргэлжлэхгүй энэ хэдэн өдрөөр дуусчих мэт бэлддэг энэ баяраар идэж уух, айл хэсэх хоёртоо ядарч орхидог. Араас нь залгаад эмэгтэйчүүдийн баяр. Эрчүүд нь баярлуулах гэж эмэгтэйчүүд нь баярлах гэж бөөн юм болно. Ертөнцийн гоо үзэсгэлэн, агуу ихийн дээд гэж магтаад байдаг эх эмэгтэйчүүд нь гуйвж дайваад хүүхэн гэх нь байтугай хүн гэхэд хэцүү болчихсон явдаг. Өглөө гоёж гарсан нүүр царай, хувцас хунар нь авахын аргагүй газар дээр гишгэж байгаагаа ч мэдэхгүй ичгэвтэр юмнууд болчихсон явна. За тэгээд амьд харивал боллоо гэхсэн. Хээнцэрлээд нимгэн хувцастай гардаг. Архи уугаад осгож үхвэл яана.

Төд удалгүй цэргийн баяр гээд бас баахан архидалт. Цэрэгт явсан яваагүй эрчүүд нь архин далайд живнэ дээ. Цэргийн бусууд нь баярлаад явахаар мөрдөстэй эрс генералаасаа аваад бүгд л ума хум болтлоо ууна. Уг нь армийн баяр. Гэвч аль дээр цэргээс халагдсан нөхдүүд, эсвэл цэрэгт яваагүй ч заавал цэрэгт явах ёстой хүйсэнд төрсөн бол баярлаад уугаад явчихна даа.

Эцсийн дайн нь тэгээд наадам. Энд тэндхийн ойн баяр сум, дүүргийн наадмаас эхлээд улс гүрнээрээ зунжин наадна ёстой дуусч өгөхгүй. Улс орон тэр чигээрээ их амралтын байдалтай зунжин архидаад наадаад явсаар нэг л мэдэхэд өвөл жамаараа ирнэ. Өвөл болгон ёс юм шиг зуд болдгийг хэлэх үү. Бүтэн жил баярлаж наадчихаад өвөл нь хэдэн малаа үхүүлж хотоо харлуулаад төр засаг харж үзсэнгүй гээд гонгинож эхэлнэ.

Нэгэн суутны “Би идэхийн төлөө амьдардаггүй, амьдрахын төлөө иддэг” гэсэн үг санаанд орж байна. Бид харин амьдрахын төлөө биш баярлахын төлөө амьдарч байна уу даа гэмээр. Орой бүр “одод”-ын рекламдаад байгаа монгол стандарт гэдэг чинь жинхэнэ утгаараа Монголд энэ олон баяр болж байна. Архин далайд живсэн эцэс төгсгөлгүй баяр бол монгол стандарт болжээ. Дайны хэмжээнд хүртлээ аймшиг дагуулсан энэ олон баяруудын дундуур төрсөн өдөр, хамт олны баяр, нутаг нуга, байгууллагын ой, хүүхдийн баяр, ахмадын баяр, хүүхэд төрсний баяр, сэвлэг авах баяр, ,гэрлэсний баяр, насны ой, намын баяр, хууль төрсний баяр, одонгийн найр гээд тоо томшгүй баяр цэнгэл. Ууж ханадаггүй архи дарс. Энэ олон баярын хаагуур нь ажиллаж, хөдөлмөрлөх вэ дээ. Улс орон хөгжихгүй дэвжихгүй, хүнийх нь тоо өсөхгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ. Архинаас үүдэлтэй үхэл хагацал, өвчин зовлон нь дайн болж байгаа улс орнуудынхаас давж байгаа хойно аргагүй биз. Уг нь бол хүн төрөөд байна. Хажуугаар нь төрж байгаагаасаа үхэж байгаа нь олон болоод байна. Монгол Улс тэр чигээрээ согтуу Монгол болжээ. Баярлана гэдэг уг нь балгахын нэр биш байлтай.

Энэ янзаараа үй олон баярууд нэмэгдвэл хүүхэд хийсний баяр, жирэмсэн болсны баяр, эхнэр, нөхөр салсны баяр гээд тоо томшгүй баяр нэмэгдэх нь.

Ганцхан шинэ жил гэхэд л хичнээн олон янзын цол гуншин, өргөмжлөл зэрэгтэй, хэдэн төрлийн ч баяр болов доо. Ерөнхийлөгчөөс бусад нь бараг л наснаасаа олон шинэ жилд очив шив. Тухлахгүй юм гэхэд саатаад гарч байна. Үүнийг манай телевизүүд ёстой л нэг залхтал хэд хоног гаргалаа.

ХӨЛЧҮҮРХСЭН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЗАЛХААЛТ

Монгол стандарт хэмээх архины увайгүй сурталчилгааг монголчуудын хүндэлж биширдэг уран бүтээлчдээр хийлгэжээ. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, төрийн шагналт С.Сүхбаатар, гавьяат жүжигчин Г.Равдан, топ модель Д.Болормаа, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар цолтнууд. Тэд энэ их хайр хүндлэлийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой. Тэд хууль зөрчиж, далд сурталчилгааны хэлбэрээр ард түмнээ архин далайд живүүлэхээр нэр хүндээ ашиглаж болохгүй. Ард түмнээ архинд уруу татагч эрхмүүд өөрсдөө харин шалбаагт унатлаа нэр хүндээ унагаж байгаа. Орой бүр айлын хойморт заларч цэнхэр дэлгэцээр нь архиа уу гээд байгаатай адилхан сонсогдох энэ рекламанд дориун мөнгө зарсан нь илт. Телевизүүд ч орлогоо бодоод өөгшүүлж байна гэж жигтэйхэн. Архи дарсны сурталчилгаа, баяр цэнгэл улстөрчдийн найрын ширээний ард хундага дарс тогтоож байгаа дур зураг, улиг болсон урлагийн хэдэн тоглолт, насаараа үзэж байгаа шинэ жилийн тухай Оросын хуучны кино, хошин урлагийнхны тоглолтыг дуу нэгтэйгээр телевизүүд гаргалаа. Урлаг уран сайхны баланд согтуурч амьдрахаас өөр хийх зүйл үлдээгүй мэт. Ядаж л “Гоёл” наадам хүртэл утгаа алдсан нь тэргүүн шагнал авсан нэг бүсгүйн телевизэд өгсөн ярилцлагаас харагдав. “Энэ тэмцээнд түрүүлэхэд удам дамжсан гоё өгзөг, хөх нөлөөлсөн” ухааны юм хэлдэг байгаа. Загвар зохион бүтээгчдийн хувцсыг амилуулж, хамгийн сайхан үзүүлж чадсан нь түрүүлдэг юм байх гэж бодсон. Өгзөг, хөхнийх нь том жижиг, гоё сайхнаар шалгаруулдаг бол биеэ үнэлэгчдийн тэмцээн гэж андуурмаар санагдсан шүү. Ийм маягаар л урлаг уран сайхан нь яваад байх юм бол үүнийг нь телевизүүд залхтал, бөөлжис цутгатал гаргаад байгаа Монгол Улс хаашаа явж байна вэ?

Телевизүүд өнгөрсөн өдрүүдэд үзэгчдээ залхаалаа. Өнгөрөгч өдрүүд ч юу байхав. Бусад өдөр ч ялгаа байхгүй дээ. Ажил хөдөлмөрийн тухай олигтой нэг ч нэвтрүүлэг байхгүй. Ажил ярихаараа Оюу толгой, Таван толгойг ярьж нэг бол тэнгэрт тултал магтаад нөгөө бол эсэргүүцэн тэмцэгчдийн яриа гарна. Эсвэл дуусашгүй реклам.

Одоо шинэ жилийн тухай “ABBA”-гийн гоё дууг хүртэл сонсохоос дургүй хүрч байна. Хүнийг, залхаана гэдэг энэ байх. Цагаан сараар бараг бүх телевиз ардын уламжлал ярьж, наадмаар тоосон дундаас ялгагдаж танигдахгүй бөх, морь үзүүлж, ард нь Толин хулыг өдөр шөнөгүй явуулсаар уур хүргэж орхино. Эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэй хүнд дургүй хүртэл нь хоосон магтаж, шинэ жилээр элдэв шагнал урамшуулал өгсөн, архидан согтуурсан баяр наадам үзүүлнэ. Худлыг үнэн гэж мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг сайн сайхан юмыг дэндүү олон давтаад улиг болоод ирэхээрээ муухай санагдаж эхэлдэг юм байна. Шагнагдагсад нь баян компани, улстөрчид байх нь бүр ой гутам.

БАЯРТ БЯЛУУРУУЛАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Урлаг соёл, хөгжим цэнгүүн, утга уянгаар хөглөгдсөөр байх зуур ажил хөдөлмөр, амьдрал гэдэг тэр чигээрээ ард хоцорч байх шиг. Телевизүүдийн цаана жинхэнэ эзэд нь буюу хөрөнгө оруулагчид нь гадныхан байдаг гэсэн. Жижиг үндэстний урлаг соёл, найр наадмаас өөрийг харахгүй болтол нь ингэж тархи угаагаад баясч суудаг биз.

Оросод алдартай болсон дуучин Амархүүг ярилцлагад урьж оролцуулахдаа дарсаар дайлж хөтлөгчид нь хамтдаа хундага тулгаж уугаад л. Ийм гоё дарс байдаг гэж бас л далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна лээ. Шинэ жилээр нэвтрүүлэг хөтлөхдөө үзэгчдээ хүндэлж байгаа юм алга. Охид хүүхнүүд нь илт халамцуу, хэл нь ээдэрч ярих аж.

Монголын төр засгийн удирдлагууд хундага өргөн архинд уруу татахдаа ард түмнээ л уу гээд байхаас өөрсдөө архи ууж согтоод явна гэж байхгүй. Та бид Ерөнхий сайд С.Батболдыг согтуу явааг нь хараагүй биз дээ. Эрхэм гишүүд хундага өргөх хэрнээ хөлчүүрхэхгүй байгаа биз дээ. Тэд илүү урт насалж удаан жаргаж амьдрахыг хүсч байна. Ард түмнээ урлаг уран сайхнаар уярааж, архиар угжиж, баяраар бялууруулаад, хятадуудаар ажил хийлгээд өөрсдөө урт удаан амар амгалан жаргана.

Хэдэн жилийн өмнө япончуудын зуны баяр ханабиг үзэж билээ. Амралтын өдрөөр телевиз нь архи дарс найр цэнгээн гаргасангүй. Дэлгүүрийн лангуун дахь барааны үнэ хэд дахин хямдарч, хамгийн сонирхолтой салют буудахаараа компаниуд өрсөлдөх юм билээ. Лав л нийтээрээ архидаад байсангүй. Бусад ард түмэн баярлаж цэнгэж, ажиллаж хөдөлмөрлөж чадаж байна. Баяр наадмаа учиртай, утгатай тэмдэглэж суръя.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилээр сүү өргөж мэндчиллээ. Дэлхийн аль ч улсын Ерөнхийлөгч ингэж сүү өргөж байсан түүх байхгүй. Ерөнхийлөгч шинэ жилийн баяр хэсч явсангүй. Сайхан жишиг тогтоолоо. Сархадын оронд сүү өргөх монгол ухаан төрийн тэргүүнээс гарлаа.

Д.Мөнгөндалай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих