Шударга үнэний элч эрхэм хүндэт Шүүгч танаа

sharawdorjШүүгчээр цөөнгүй жил ажилласан миний бие энэхүү Ил захидлыг та нартаа хандан арга буюу зориглон бичлээ. Сэтгэлд хургаж, санааг минь хэмлэж байгаа хэдэн үгийг шүүгч  нартаа хэльe гэж бодлоо. Ажил амьдралын гараагаа ардын шүүхээс эхэлж, шүүхийн бүх шатанд  шүүгчээр ажиллаж байсан болохоор “шүүх минь”хэмээх өмөөрөх, өөриймсөг хандлага зүрхэнд минь мөнхөд уяатай  явдаг юм аа. Үнэн худлын дэнсийг тогтоогч гэж хайрлан залбирч,  шүүхийн талаар хэн нэгэн таагүй үг хэлбэл өөрөө буруутан мэт яс хавталзаж,  нэг ч атугай хүн  баяр талархлаа илэрхийлж байвал магнай тэнийн баяр­лаж  явдаг  нэгэн билээ би.

БНМАУ-ын Дээд шүүхийн нэгэн дарга бидэнд,“Шүүх бол  хар цагааныг ялган дэнслэх шударга үнэний хүрээлэн байх ёстой” гэж хэлдэг, тэр л шалгуураар биднийг ажилдаа хандахыг хатуу шаарддаг байж билээ. Шүүгчид бид ч “шударга үнэний хүрээлэнд” ажиллаж байна хэмээн үнэн зүрхнээсээ бахархаж, чин шударгыг  чиг үүргээ болгож явлаа. Шударга үнэний үлгэр дууриал  үзүүлж ажиллана гэсэн ёс зүй, хариуцлага  бидний  цээжинд хадгалаастай, тархинд бичээстэй байсан юм. Шүүх байгууллага, шүүгчийн нэр хүндийг цэвэр ариун авч явсан болохоор өөртөө маш итгэлтэй, толгой дээгүүр явдаг байсан юм.

БНМАУ-ын Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцааж, ял төлөвлөж, сүр дуулиан болгон нийгэм даяар сурталчилж ирсэн хэргийг ч Дээд шүүх, хотын шүүх “хэргийн бүрдэл хангагдаагүй  байна,  хэрэг биш байна” гээд хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэж л байсан юм.  Тэгж л бид хараат бусаар, хэний ч нөлөөнд  автагдахгүйгээр  ажиллажчадаж байсан билээ. Хүний хувь заяанд хар толбо суулгахгүйгээр, эрхийг нь дээдлэн ажилласан өч төчнөөн түүх, баримт бичиг архивт хадгалаатай, хожмын үнэт судлагдахуун болохоо хүлээж байгаа гэдэгт би баттай итгэдэг.

Монголын төрөөс  шүүхийн талаар багагүй арга хэмжээ авч байнаа.  Үүнийг үгүйсгэж болохгүй. Шүүгчдийн цалин хангамжаас авахуулаад үйл ажиллагааны хууль эрх зүйн үндсийг хүртэл хуульчлан тогтоож өглөө.  “Шүүх эрх мэдэл” хэмээсэн засаглалын бие даасан салаа мөчир болгож Үндсэн хуулиндаа тунхаглалаа.Энэ бүхэн бол шүүхийг эрхэмлэн дээдэлж, үүрэг хариуцлагыг нь тодорхойлж өгсөн хэрэг юм. Жинхэнэ хараат бус, шударга шүүхийн баталгааг хангаж өгч буй хэрэг. Ард түмэн ч  үүнийг  дэмждэг бөгөөд нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгаа  шүүхэд байх ёстой гэж үздэг юм.

Түмний үр хүүхдийн төлөө бүхнээ зориулж байдаг багш нар, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зүтгэж байдаг эмч, сувилагчид цалин хөлсөө нэмүүлэх гэж яаж арга ядаж, шударга тэр шаардлагаас нь Засгийн газар яаж бултаж, хэрхэн хуурч мэхэлж  хугацаа хожин  аргацааж байгааг та бид үзэж харж л байна. Багш, эмч нар шүүгчдийн цалин хангамжийн талаар юу ч хэлэхгүй, огт барьцахгүй байна. Энэ чинь л шүүх, шүүгчид ард түмэн итгэл найдвар тавьж байдгийн нэг тод илэрхийлэл юм биш үү?.

Гэтэл сүүлийн үед шүүх, шүүгчийн нэр хүнд нэг л биш болчихоод байна. Сахил  хүртээд шал дордов гэгчээр яагаад тэгж нэр хүнд нь улам бүр унаад байгаагийн учир  шалтгаан юунд байна вэ гэдгийг та нар  маань ганц удаа ч  гэсэн тунгаан бодож үзсэн үү? Ард түмнийхээ ариун тунгалаг  шүтээн байх учиртай  шударга шүүхийн, шударга  шүүгчийн  нэр хүндийг  сэвтээж  хэрхэвч болохгүйг эрэгцүүлж нэгэнтээ хянан бодолхийлж гарц  гаргалгааг гаргаж  үзэх гэж оролдсон уу?

Газар нутгаа хамгаалж өмөөрөн заргалдсан  Ноён уулын асуудлаарх шүүх хурлыг 39 удаа хойшлуулж, 40 дэх дээрээ анхан шатныхаа шийдвэрийг хүчээр  хүчингүй  болгон буцааж байх юм. Ганц гар утасны блок гаргаж, 25-хан мянган төгрөгний төлбөр авсан засварчин залууг “мөнгө угаасан” хэргээр  хорих ял оногдуулж байна л гэж  дуулдах юм. Хоригдож байсан нэг иргэнийг нас барсных нь дараагаартүүнийг шүүх хурлаараа оруулан, ял шийтгэл оногдуулсан л гэх юм. Захиалагчийг нь олж тогтоогоогүй байж, захиалгаар бусдын амь насыг хохироосон гээд  гурван  хүнийг  онц хүнд гэмт хэрэгт  ял шийтгэл оноож байх юм. Монголын шүүхийн  ариун хүрээлэнд ер нь юу л болоод байна вэ!

Ойлгомжгүй  шийдвэр бүхний ард шүүхийн нэр гарч, Шүүх, шүүгчид үнэний төлөө явж байна уу,  үгүй юү гэдэгт эргэлзэхэд хүрч, хуульч мэргэжлийн мань мэтийг гайхаж цөхрөхөд хүргэж байна. Ичмээр, гутармаар тохиолдол бишгүйдээ л дуулдах юм. Илтэд алдаатай шийдвэр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, нийгэм  шуугиад байхаар шүүхийн нэр төрийг хайрладаг, энэ ажил албанд зүтгэж явсан бидний нөхөд хий дэмий л бухимдах юм. Бидний бухимдал өнгөрч гэхэд, хэрэг асуудлаа буруу зөрүү  шийдвэрлүүлсэн, хэлмэгдэж хохирсон олон хүмүүс, тэдний хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд ямар хэцүү байдаг бол гэж бодохоос айдас  жигшил  өөрийн эрхгүй  төрөх юм.

“Хуульч хүн  жинхэнэ хүн байх ёстой”. Манай нэгэн нэрт хуульч үүнийг зүгээр ч нэг хэлээгүй  юм шүү. Гаргасан шийдвэр бүхний цаана олон хүний  хувь заяа, амь амьдрал бий гэдгийг  шүүгчид байнга санаж байх ёстой.Энэ үнэнийг яагаад мартаад байна вэ?

Шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа олон шалтгаан байж таарна. Шүүхийг “захиалгаар ажиллаж байна”, “мөнгө л авсан учраас шударга шийдвэр гаргахгүй байна”,  “улстөрчдийн  дуулгавартай зарц боллоо” гэж байнга дуулдах боллоо.  “Бүлэглэлийн  нөлөөнд  автсан шүүх” гэж төрийн түшээ  хүн УИХ-ын танхимаас ч ярьж байхыг сонслоо. Шүүх, шүүгч  шударга үнэнийг тогтоох зорилгоосоо хазайж, улс төр, улстөрчдөд саймшраад ирэхээр л болохоо байж байгаа нь тэр. Шүүхийн нэр хүнд доголдоод байгаагийн гол учир ч энд байж магадгүй. Шүүх, шүүгчид  улс төр, улстөрчдөд  хэдий чинээ ойртон саймширна, төдий чинээ нэр хүндээ алдана, ажил төрөлд чинь муугаар нөлөөлнө. Улс төрчдийн ч юм уу, аль эсвэл ямар нэгэн ашиг сонирхлын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний захиалгаар ажилладаг, тэдэнд найдвартай зарцлагддаг болж  хувирвал  нохойн замаар орно гэсэн үг. Шударга бусын коридорын  үйлчлэгч  л битгий  болж үзээрэй хэмээн та нараасаа залбиран гуйх байна.

Олны анхаарал татсан эрүү, иргэн, захиргааны хэрэг шийдвэрлэгдэхгүй, ямар нэгэн шалтгаанаар шүүх хурал хойшлогдвол ”өө,  мөнгө авчихаж”  гэж амтай болгон ярьдаг болжээ. Мөнгө, хахууль  авсан эсэхийг нь мэдэхгүй чшүүгчийн ёс  зүй ийм л хэмжээнд үнэлэгдэхээр доош орсон байна.

Шүүхийн өмнөх шатанд хуулийн байгууллагаас гаргасан алдаа, зөрчлийг шүүх л арилгана. Бүрэн эрх нь шүүхэд л бий. Түүнээс биш ”хөтлөгдөн” ханьсах,  буруу үйл ажиллагааны  “хам” буруутан  болж,  эцэстээ  хамаг бурууг шүүх үүрч хэрхэвч болохгүй.

“Усны эх нь булингартай бол, адаг нь  булингартай” гэдэг. “Нэг үхрийн эврийг дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино” ч гэдэг. Үнэндээ Улсын  Дээд шүүх, аймаг, нийслэлийн шатны шүүхэд явдал учир байхгүй биш, байгаа бололтой.

Нэг хоёрхон  шүүгчийн буруутай үйл ажиллагаа л шүүхийг тэрчигт нь харлуулаад хаячихаж байна. Мэргэжлийн эр зориг, няцашгүй бат, шийдмэг зоримог чанар, сийрэг ухаан, эелдэг нийцэрхүү харьцаа, өр нимгэн өрөвч сэтгэл, аливааг ухаж ойлгох чадвар, даруу төлөв зан, яг таг, нягт нямбай ажиллагаа, сэтгэлгээний эн цар гээд шүүгчийн мэдлэг боловсрол, ёс зүйгээс гадна олон сайн сайхан зан чанарыг өөр хэнээс ч биш, гагцхүү шүүгчдээс  нийгэм нэхэн  шаардаж байдаг. Гэтэл ийм шаардлагын наад захын шалгуурыг даахгүй хүмүүс шүүх рүү янз бүрийн бусармаг аргаар шургалдаг болсон байна.

Олны анхаарал татсан, хүнд ноцтой цөөнгүй хэргийн шийдвэрлэлтийг харж байхад үнэхээр будлиан байгаа нь мэдрэгдээд байх юм. Өөр шүүгч байхгүй юм шиг хэдхэн шүүгч л шуугиан тарьсан хэргүүдийг ээлжлэн өөрсөд дээрээ татан авч шийдвэрлэж байдаг, тэгэхдээ бүр дандаа будлиантай, эргэлзээтэй шийдвэр гаргадаг боллоо. Хэний итгэлийг хүлээж, ямар захиалга авсан болоод  тэр вэ гэж иргэд олон бухимдаж  байгаа нь ч аргагүй юм. Олон нийт төдийгүй мөр зэрэгцээд ажиллаж байгаа шударга шүүгчид ч гэлээ тийм даалгавар биелүүлэгч, хатуухан хэлбэл “алуурчин” шүүгчдийг анддаггүй, шүүх, шүүгчдийн нэрийг эд л хугалж байна, харж байгаарай, одоо ямар сайшаал шагнал авах бол, яаж тушаал дэвших бол хэмээн өөр хоорондоо шивгэнэлдэх болсон гэнэ. Тэгж нэрээ бузарласан нэг биш нөхөр шүүхийн шатаар шулуухан өгссөөр Дээд шүүхийн гишүүн болсон, одоо ч болох гэж байна хэмээн нэр цохон ярилцах юм. Шударга шүүх тэгтлээ ялзарч хэрхэвч болохгүй ээ.

Шулуухан хэлэхэд шүүх, хуулийн байгууллага шударга ажиллаж чадахгүй, улстөрийн нөлөөнд  орсон болохоор л орчин үеийн хэлмэгдүүлэлт гарч ирээд байна. Өнгөрсөн зууны 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлтийг их гүрний шууд заавар, оролцоотойгоор “Ногоон малгайтнууд”  зохион байгуулж, Онц бүрэн эрхт комисс гэгч гэмгүйг гэмтэн болгож, тогтоол уншинхорьж, цаазалж их хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч болсон аймшигт түүх манайд бий. Мартаж болохгүй!

Тэгвэл 21 дүгээр зууны ардчилсан гэх Монгол Улсад яагаад хэлмэгдүүлэлт гараад байна вэ? Яахлаараа шүүхийн шийдвэр хэлмэгдүүлэлт болж хувирчихаад байна вэ? Хэрэв шүүх л үнэн зөв, хуулийн дагуу шийдвэр гаргавал ямар ч хэлмэгдүүлэлтгарахгүй, гарах боломж ч байхгүй. Ингэх гэж хэн нэг нь  санаархаад, хэн нэгнийг захиалгаар хэлмэгдүүлэхээр санаархаж байгаа бол прокуророос ирсэн хэргийг  шударга шүүгч хэд ч буцаасан яадаг юм.   Шүүх хууль ёс,  шударга  ёсны шугаман дээрээ хатуу бат зогсч чадвал  нийгэмд ямар ч хэлмэгдүүлэлт гаргахгүй, найдвартай хамгаалалт чухам тэр л болно.

Шүүхийн нэр хүндийг ингэтэл нь унагаж байгаа нэг учир шалтгаан бол шүүгчдийгдээрээс нэг хүн томилдог явдал гэж би боддог. Овилго муутай нэг хүн шүүгчдийн томилгоог тэрчигээр нь шийдвэрлэж,  өөрийн ашиг сонирхолд үйлчлэхийг ичгүүр сонжуургүйгээр шаардаж байсан, тэрхүү бусармаг санаа  зорилгыг нь  гүйцэлдүүлэх “хууль барьсан толгойгүй хүмүүс”- ийг томилж  байсан бүр саяхны  шинэхэн  баримт бэлээхэн бий. Ийм хортой гаж үйлдлийг засахгүйгээр цааш алхахгүй. Тиймээс  шүүгчдийг Ерөнхийлөгч биш, ард түмэн сонгодог  болох нь  шүүхийн хараат бус, шударга ажиллах, шударга хүн сонгогдох зөв зам гэж  миний хувьд  боддог. Арчаагүй нэгнээр томилогдон хэл аманд орж байснаас ард түмнээсээ сонгогдоод ажиллаж байвал  юутай бахтай билээ.

Шүүх Монгол Төрийн нэрийн өмнөөс хэмээн тогтоол, шийдвэрээ уншдаг. Монголын төр бол Үндсэн хуульд зааснаар монголын ард түмний төр. Тэгвэл ард түмнээсээ шууд сонгогдоод алба үүргээ гүйцэтгэж яагаад болохгүй байх билээ.

Монгол Улсын шүүх  иргэн хүн ойртож болдоггүй, тайлбар  учирлал, гомдол саналаа  чөлөөтэй илэрхийлж болдоггүй, хаалттай цайз  болж хувирлаа гэсэн гомдол их байна. Үүнийгээ зарим шүүгч өөрсдөө болохоор хараат байдлаас сэргийлж байна хэмээничих ч үгүй тайлбарлаж байх юм гэнэ. Жирийн иргэд,  үнэн учраа тайлбарлах гэж байгаа хүмүүсээс болоод хараат байдалд ордог гэвэл түүн шиг худал юм хаана байх вэ. Жирийн иргэдзовлон жаргалаа ярина уу гэхээс шүүгчид тийм ч амархан нөлөөлчихгүй, нөлөөлье гэвч чадах ч үгүй. Харин дээрээс, эрх мэдэлтнүүдээс, мөнгөөр бүгдийг шийдэх гэдэг тэр хүмүүсээс, улстөрийн бүлэглэлээсл жинхэнэ нөлөөлөл юунд ч торолгүй шууд ирж шүүх, шүүгчдийг дарамталж, атгандаа аваад байгаа юм биш үү? Алийн болгон  бодит үнэнийг  нуун далдлах юм бэ? Хараат бус байна гэдэг бол үнэн хэрэгтээ төрийн өндөр албан тушаалтан, мөнгөөр бүгдийг  шийддэг, шийдэх гэж оролддог тэр хүмүүс, прокурор, цагдаа, АТГ-аас л хараат бус байх тухай яриа юм.

Шүүгчдийн мэдлэг чадварт өндөр шаардлага тавих цаг өнөөдөр нэгэнт болжээ. “Шүүгч хүн бусдаас нэг алхам өмнө явж байж, нийгмийнхээ дотор болж байгаа үйл явдалд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг” гэж миний нэг багш сургадаг байж билээ. Улсын Дээд шүүхийн зарим шүүгчдийн мэдлэг чадвар төдийгүй ядаж бие хүнд байх чанар чансаа асар их гологдож байна. Хэрэг шийдвэрлэж байгаа байдал, хийж байгаа дүгнэлт нь хэний ч гайхшрал төрүүлж, даанч дээ хэмээн эргэлзэхээр. Прокурор, хуулийн бусад байгууллагын авчирсан дутуу, дулимаг хэрэг гэгчид хөтлөгдөж, гоомой дүгнэлт, шийдвэр гаргах нь хэрээс хэтэрлээ.

Аль ч шатны шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт, томилгоонд туйлын өндөр  ажил хэрэгч зарчимч шаардлага тавих хэрэгтэй. Тэр тусмаа Дээд Шүүхийн шүүгчид! АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид  нэр нь дэвшсэн Кавано гэдэг хүний талаар Америк орон тэр аяараа л шуугисаар. Олон жилийн өмнөх ёс зүйн дутагдалтай нь холбогдуулан амьдралынх нь түүхийг эхнээс нь нэгбүрчлэн судалж, мөрдөн шалгалт хийж байж сая  эцэслэн  шийдвэрлэх юм гэнэ. Асуудалд ингэж л  хариуцлагатай  хандаж байна. Дээд Шүүхийн шүүгч гэдэг өндөр ёс зүйтэй, мэдлэг чадвар сайтай, туулж ирсэн ажил амьдралдаа хазгай гишгэсэн нэгэн байж болохгүй нь.

Шүүгчдийн томилгоонд нутгархсан, өөртөө болон тодорхой ашиг сонирхолд үйлчлэх хүмүүсийг   олноор нь бий болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  зэрэг зарим нөхдийн хариуцлагагүй гэхэд  дэндүү хэтэрсэн үйл ажиллагааг  авч ярих цаг ирэх байх.

Шүүгчид минь ээ! Шүүхийнхээ нэр хүндийг  аварч,элдэв гажиг зүйлээс нэрээ цэвэрлэхгүй бол оройтох доройтох хоёр зэрэгцэх нь. Шүүгч та, төр түмнийхээ өмнө шударга л ажилла. Тэгээд л болно. Өөр юуг ч нийгэм та нараас нэхээгүй! Энэ бол  шударга үнэний элч  эрхэм хүндэт шүүгч  таны  үндсэн үүрэг юм. Үүргээ биелүүлэхийг л  монголын ард түмэн та нараас  шаардаж байна. Хүн хэдий мэргэн ч  хэлэхээс нааш, цаас  хэдий  нимгэн ч  чичихээс  нааш… гэсэн мэргэн үгийг санаж мэргэжил нэгт  нөхөддөө чин сэтгэлийн үгээ энэхүү ил захидлаар дайлаа. Эргэцүүлж нэгэнтээ тунгаан бодож үзээрэй Шүүгч та.

Улаанбаатар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр.


URL:

Сэтгэгдэл бичих