Энхболд оо, та минь 33 жил ноёллоо, Монгол модоо барьлаа, одоо больчих оо
Сонин юм шүү, гучин гурван жил бол зууны гуравны нэг. Гурван үеийнхний эрхэмсэг залуу насыг элээсэн хугацаа. Монгол хөгжсөнгүй. Баяжсангүй.
Дарладаг дарга нар толгой дээр ямбалсаар, дарлагдсан ард хөл дор нь мөлхсөөр. М.Энхболд гэж энэ хүн эх орон минь хөгжиж болох байсан хамгийн иртэй, шандастай үеүдэд Нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд нөлөө бүхий өндөрлөгт заларч байжээ.
Нийслэлийн ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаас эхлээд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга гээд тоочоод байвал тун чиг нөлөө бүхий, нөмөр нөөлөг ихтэй албууд түүнийх байв. Н.Энхбаяр хотын мээрээс нь шууд крандан өргөж, Ерөнхий сайд болгож байсан гэхээр аргагүй хаяатай байгаа биз. Даргын цүнхийг сайн ч барьсан байна, өөрөө ч цүнхээ сайн бариулжээ. Сайхан ч намтар юм, сайн ч өгсөж, өндөрлөгт он удаан ноёлж дээ.
Харамсалтай нь энэ хугацаанд монголчуудын амьдралд ямар эргэлт, дэвшил, өсөлт гарсныг бодоод олсонгүй. Бухимдсан нийгэм, бугшсан ард түмэн, ажилгүй орлогогүй иргэд, архинд донтсон залуус. Өнөөдрийн энэ цөвүүн цаг үеийг яах аргагүй та минь бүтээлцжээ. Одоо ч гэсэн ноёрхлоосоо зууралдаж, ноёны сандлаасаа амь тавин зуурчихаад, Хүрэлсүхтэй наймаалцах гэж улайрч байгааг чинь бид харж байна. МАН Энхбаяраасаа том дарангуйлагчтай нүүр тулж дээ, янз нь. Энхбаяр чинь ядаж л монгол дарангуйлагч байсан юм шүү.
Одоогийн Засгийн газрын сайд нарт “Хүрэлсүхийгээ л авчраад миний өмнө толгойг нь аваатах, та нарыг сайдаар чинь хэвээр үлдээнэ” хэмээн хайр зарлаж, Хаянхярваа гэдэг долдойгоо дориухан зандраад сууж байгааг чинь олон хүн ярьж байна. Гайхалтай нь энэ бол давтагдаж буй түүх. Яг 100 жилийн өмнө, 1919 онд Хятадын бүрэн эрхт түшмэл Чен И гэгч манай сайд ноёдыг 20-35 лан мөнгөөр, нийт 35 хүнийг иймэрхүү байдлаар худалдан авч, Богд хаант Монгол Улсыг татан унагааж, Сун Ли хэмээх хятад генерал 12 мянган цэргийн хамт нийслэл хүрээг эзэлж байсан түүх бий. Эдүгээ яг энэ хувилбараараа, 100 жилийн давтамжтайгаар түүх эргэж байна. Хүрэлсүх гэж задарсан Монголын зүрх зоригийг үхүүлж, Ерөнхий сайдаас нь татан унагаах уу, үгүй юу? Эсвэл УИХ-ын дарга М.Энхболд өөрөө суудлаасаа буух уу гэсэн эгзэгтэй сонголтын өмнө Монголын сайд ноёд тулж ирлээ.
Ядаж байхад Чен И түшмэлд худалдагдсан 35 ноёны тоотой тун ч ойролцоо дүн сонсогдоод байдаг. Түүхэнд тэр урвагчдын нжр нь ч үлдсэн байдаг. Халхын ноёдын шунал улсаа зараад ч ханахгүй ээ гэж Монголын үр үндсийг таслах гэж зүтгэсэн он жилүүддээ Энх-Амгалан хаан шүүрс алдаж суусан юм гэдэг. Зарагдаж дуусдаггүй Монгол, зарцлагдаж дуусдаггүй ард түмэн гэж юу байхав. Үндсэн хууль болон Парламентийн тухай хуульд УИХ-ын дарга өөрөө огцрох өргөдлөө гаргаж байж л албан тушаалаа чөлөөлж өгөх тухай заасан байгаа. Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэгчээр Энхболдын хөгжүүлэхийг 33 жил хүлээж суусаар эгэл түмэн утаандаа угаартаж, бөглөрөлөөр бөөстөж, хамаг том орд газрууд хаяа нийлдэг Хятад улсынх болж дууслаа.
Хэрэв Монгол Улс эх орон чинь мөн юм бол өнөөдрийн зутруу төрх, өрөвдмөөр байдлыг нь хараад Энхболд таны зүрх өвдөхгүй байна уу? Намтраа бахархалтайгаар үлдээх юуг ч би олж харахгүй байна. Таныг хотын захирагч байх үед “Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод бэлэглэв” гэсэн том улаан хятад ханз, монгол тайлбартай 100 автобус давчуухан хотын даруухан гудамжаар данхайтал орж ирснийг л сайн санадаг юм. Бүдүүн дарга аа гэж ирээд өмнөд хөршийнхөн өмнө чинь дохилздогийг сонсож л байсан. Одоо болъё оо, 33 жил ард түмэндээ ээлтэй байхыг чинь харсангүй.
Хууль цааз баталдаг хамгийн том эрх мэдэл бүхий байгууллага болох УИХ-ыг дэд даргаас нь эхэлж удирдаад та олон оныг элээлээ. Монгол хөгжсөнгүй, урагшилсангүй. Дахиад л 100 жилийн дараа, 2019 онд Монголын төр худалдагдах уу, үгүй юу, Монголын сайд ноёд урвах уу, үгүй юу гэдэг асуултын өмнө бид тулж ирлээ. Урьтаад та минь зүгээр л огцорчих, тэгэх үү? Угаасаа танаас хүлээх юм одоо алга. Хүлээлт байсан бол үгүй болсон. Итгэл найдвар байсан бол ингээд устаж байна. Монгол дахь хятад мафи задрах уу, эсвэл монгол зүрх зориг үхэх үү? Ойрын өдрүүдэд шийдэгдэнэ.
Одоо ид наймаалцаж байгаа. Эх орноороо наймаалцаж байгаа. Урвагчаараа дуудуулаад унах уу, урьтаад албаа өгөх үү гэдэг асуулт олон ч сайд гишүүдийн өмнө хөндөлсөж байна. Хариултыг нь ч бид удахгүй харах болно. Харин дахиад хүлцэхгүй, их хүрээгээ, эх орноо эзлүүлэхгүй. Зуун жил тэссэн юм, зуу хоног тэсээд ард нь гарахдаа л гарна!
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1959973557424356&id=553678738053852&__tn__=K-R
URL: