Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нар ЖДҮ-ээс 500 саяыг зувчуулжээ
ЖДҮДС-гийн мөнгөн хөрөнгөнд хүйтэн гар шургуулсан гэмт үйлдлийн баримтууд газар сайгүй хаана хаанаа нэр устайгаа задарч, монголчуудыг шударга үйлсийн төлөө сэрээж босголоо.
Одоо орон даяар шуугиж, бүр хүчтэй давалгаалжээ. Улс төрийн тэмцлийн шийдвэртэй алхамд шилжиж байгаа нь ч ойлгогдож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа ч УИХ-ын даргад гардууллаа. УИХ-ыг тараах боломжгүй гэсэн таагүй хариуг өөдөөс нь шидсэн нь ч тодорхой боллоо.
Монгол Улсын Ерөнхий прокурор чуулганы танхимд үнэн хаана байна гэдгийг асуулаа. УЕП М.Энх-Амгалан:
“Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25,4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтэнд шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн.
Иймд би Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д гурав дахиа оруулж ирж байна. Аливаа зүйлд шударга ёс гэж байх ёстой. Өмнөх хоёрт нь татгалзсан хариу авсан. Жирийн иргэд нь баригдаж, байцаагдаад явж байна. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Шударга ёс чинь хаана байна. Жирийн иргэн Сангийн эрхлэгч нь хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу, гэтэл ”УИХ-ын зарим гишүүд “Та чанга дуугарлаа. Том эрх мэдлийг танд бид олгожээ. Та ажлаа бидэнд тайлагнах ёстой. Асар их эрх мэдэл танд өгчихсөн юм байна. Болохгүй л дээ” хэмээн өөдөөс нь сөргөж дайрч давшиллаа. Ард түмэн харин Ерөнхий прокуророо бүх талаар өмөөрөн тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын түшээдийн ёс зүйгүй мөчөөрхлийг дуу нэгтэйгээр эсэргүүцсээр л. Парламентын эрхэм гишүүд давуу эрхээ эдэлсэн шиг эдэлж, толгой дараалан хүүгүй шахам зээлэнд үнэндээ хуульгүй юм шиг умбажээ. УИХ дахь МАН-ын олонхийн бүлгийн гишүүд хууль тогтоогчид нь олон арваараа татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгөнд ингэж “хулгайн” аргаар орсон нь хүн бүрийн эгдүүцлийн галын тэнгэрт дэгдтэл өрдөх шиг болжээ. Сайд Б.Батзоригийг огцруурласнаар ч ард иргэдийн үнэний төлөөх тэмцэл улам өрнөнө үү гэхээс намдана гэдэг лав үгүй аж. Цагийн эргэлтэнд гишгүүрээ олж чаддаг зальтангууд нь албан тушаал, нэр төрд хүрч чаддаг тэр муу аргад хууртдаг цаг улиран холджээ гэдгийг дараах баримтууд нотлоно.
Нэг. Д.Хаянхярваа ЖДҮХС-гийн хөрөнгөөр намаа санхүүжүүлжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ ”Ерөнхий сайд чуулган дээр болон бүлгийн хурал дээр хэд хэдэн удаа болчимгүй зүйл ярьсан. ЖДҮС-гийн асуудалд холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой” гэсэн агуулга бүхий шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын даргад сая хүргүүлж сууна. Тэрбээр туулж өнгөрүүлсэн намтар түүх, гишгэсэн ул мөрөө мартсан нь ихээхэн хачирхалтай. Яг өнөөдөр тэрбээр цагийн аясыг дагаж, эх оронч, ард түмний жинхэнэ шударга хүү болон улс төржиж эхэлсэнийг ширэн нүүртэй гэж хэлэхээс өөр үг алга. Д.Хаянхярваа 2012 оны үед Сангийн сайдын албан тушаалыг ашиглан ЖДҮС-гаас Завхан аймагт 500 сая төгрөг, Дундговь аймагт 150 сая төгрөгийг гаргаж, заримаар нь энхрий хайрт намаа хууль зөрчин байж санхүүжүүлжсэн байна. Тэрбээр сая УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын гарт хүргүүлсэн албан тоотдоо: “ЖДҮС-гаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргах ёс зүйн хариуцлага тооцно” гэж л ёстой төрийн жинхэнэ түшээгийн үүргээр айлджээ. Шударга үнэн гэгчийг өглөө оройгүй айлдаад байгаа Д.Хаянхярваа маань өөрөө өөртөө ёс зүйн хариуцлага хүлээлгэх албан тоотыг өргөн барьсанаа ч эргээд нэг санахгүй байгаа бололтой. Ёс зүйн хариуцлага хүлээлгэх нэр бүхий гишүүдийн нэг нь яахын аргагүй хөдөлшгүй баримтаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга эрхэм түшээ Д.Хаянхярваа өөрөө мөн болох нь баримтаар нотлогдож байгаа тул манай нийтлэлийн баримтыг үндэслэн шалган тогтоохыг Улсын Ерөнхий Прокурорын сонорт хүргэхэд буруугүй санагдана. Учир нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэрбээр 2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Улсын төсвийн байгууллагад хориглох зүйл заалтыг ноцтой зөрчиж, Төрийн өмчийг эд хөрөнгийг аймаг орон нутагт үнэ төлбөргүй шилжүүлж УИХ-ын бүрэн эрхэд халджээ. Сангийн сайдын 2012 оны 02-р сарын 32 тоот тушаалаар Аймаг Нийслэл эрх шилжүүлсэнээр Дундговь аймагт 150 саяыг Завхан аймагт ЖДҮ-ийг дэмжих нэртэй 500 сая төгрөг шилжүүлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Оюунхорол намынхаа гишүүд, МАН-ын үүрийн дарга нарт олгохдоо “Буцалтгүй тусламж” болгон тараажээ. Нөгөө хэл амтай ЖДҮС-гийн мөнгөн хөрөнгө МАН-ыг сонгуульд ялалт байгуулахад ийнхүү зарцуулагджээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг шалгасаар л байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сонгогчдын саналыг худалдан авсан хэрэгт сэжигтнээр Улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж байна гэсэн мэдээлэл олон жилийн өмнө орон даяар түгсэн хэрнээ яаж төгссөн нь тодорхойгүй намжиж билээ. Уг нь тэрээр Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж 330.000 төгрөг биш харин дараа нь олгох 340. 000 төгрөгийг хамтатган сонгогчиддоо 670.000 төгрөг олгосон нь Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэх бодитой үндэслэл гэдгийг Дарханчуудын сонорыг нэгээхэн хэсэгтээ дөжрүүлсэн удаатай.
Хоёр. Д.Хаянхярваагийн буянаар Д.Оюунхорол Завханаас тодров
УИХ-ын ээлжит сонгуулийн дуулиан намдаагүй байна. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг гууль болгогчидод одоо гишгэх газаргүй болох цаг ойртжээ. Мөнгө, эд бараа тарааж, ядарсан хүмүүсийг хуурч аргалах замаар УИХ-ын суудалд суух мандат олж аваад ч яах юм билээ. Наанадаж өөрийн нэр төр. Цаанадаж сайхан эцэг, эхийн яс өндөлзөнө. Амьд сэрүүнийх нь нүүр улалзана. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гишүүн Завханы тойрогт хэрхэн мөнгө тараасан тухай ноцтой баримтууд аль хэдийнэ ил цагаандаа гарч эхэлжээ. Завхан аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 9-р тойргийн хороонд гаргасан гомдол, “Чухал. mn “ сайтад гарсан мэдээлэл, Завханы шүүх дээр эзэн холбогдогчгүй мэт хүлээгдэж байгаа хавтаст хэрэг, Сангийн яам, ХХААХҮ-ийн яамны эрх мэдэл бүхий хүмүүстэй нэр холбогдсон энэ буруутай үйлдэлд оновчтой зөв хариулт бас байх л ёстой санагдлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын чихийг халууцуулаад байгаа 500 саяын мөрөөр эрэн сурвалжлага хийвэл яамдын сайд, дарга нар, цагдаагийн болон төрийн зарим албан хаагчид, жирийн гэм зэмгүй явсан Завхан аймгийн 100 гаруй иргэн нийлж холбогдоод ЖДҮС-ийн мөнгөөр Завханы сумдыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох нэрээр үгсэн хуйвалдаж, бүлэглэж сайтар зохион байгуулагдсан онц ноцтой гэмт хэргийн учиг хөвөрч байх юм. Уучлаарай. Ёстой дуугүй сууж чадсангүй. Завхан аймгийн Ардын намынхан УИХ-ын гишүүнтэйгээ хамтарч төслийн нэрээр 500 сая төгрөгийг хуваагаад цохьчихжээ. Шударга ёсыг эрхэмлэн ноцтой баримтуудыг энэ удаагийнхаа дугаарт нийтэлж байна.
Санаачлагч нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Завханаас сонгогдсон гишүүн өөрийнхөө тойргийн иргэдийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийх нь хуульд нийцнэ. Гэвч даанч муухай , тун ч увайгүй үйлдэл дагалдсан нь хөрөнгө оруулалт биш гэмт хэргийн шинжтэй болж, шүүх, цагдаад үнэнийг олж тогтоох гэсэн бас нэгэн “Толгойны өвчин” болж хувирчээ. Одоо хүртэл энэ хэрэг нэг мөр болж шийдэгдээгүй Завханы шүүх дээр хүлээгдэж байгаад сураг нь тасарсан юм билээ. Завханчуудын чихийг халууцуулах мэдээ баримтууд ар араасаа хөвөрч л байсан.. Энэ хэрэгт 100 гаруй хүн хамрагдана. Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудлаар анх энэ 500 саяын хэрэг Завханд задарчээ. Д.Хаянхярваагийн үйлдлээр эхлүүлсэн ЖДҮС-гийн энэ хөрөнгийг Д.Оюунхорол үрэн таран болгож эргэн төлөх нөхцөлгүй болгож, улсад үлэмж мөнгөн хохирол учруулсан нь үнэн. УИХ-ын сонгуулийн 9-р тойргийн хорооны гомдлын мөрөөр Завхан аймгийн цагдаагийн Мөрдөн байцаах тасгийн дарга ахмад Ц.Мөнхбат шалгалт хийсний дараа Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга, хурандаа П.Батбаатарт хандаж: “ХХААХҮ-ийн М.Баярмагнай, Ерөнхий санхүүч Б.Тунгалаг нараас тайлбар авч, Завхан аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын байр бий болгох төсөл нь хаанаас санхүүжилтээ авдаг болох, 500 сая төгрөгийн санхүүжилтийг ямар байдлаар хийсэн болох, харилцах дансаар шилжүүлсэн, бэлэн мөнгө байдлаар олгосон аль нь болох бэлэн мөнгө байдлаар олгосон бол ямар журмыг үндэслэсэн болох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төслийн зээлийг өөрийн биеэр иргэдэд олгосон гэх асуудал яригдаж байгаа нь ямар учиртай болох, энэхүү зээлийн санхүүжилт нь ХХААХҮ-ийн яамны санхүүжилтээс хийгдсэн үү. Д.Оюунхорол гишүүний багцаас хийгдсэн санхүүжилт үү? Д.Оюунхорол нь дээрх төсөлд хамрагдаж зээл авах иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах, олгох зээлийн хэмжээг тогтоох ажилд биечлэн оролцсон эсэх зэрэг асуудлыг тус тус тодруулан манай ажилд туслана уу” гэсэн мөрдөн байцаагчийн албан даалгаварыг дээд шатандаа илгээснээс үзэхэд гишүүн Д.Оюунхорол энэхүү хууль бус үйлдэлд эхнээсээ идэвхи чармайлт гарган, анхлан санаачлагчаар хэрхэн оролцсоныг баттай харуулж байгаа хууль хяналтын баримт бичиг юм. Хэргийн сэдэл нь Завханд ЖДҮ хөгжүүлэх, ажлын байр бий болгох нь чухал бус УИХ-ын сонгуульд ялалт байгуулах шаардлагаар сэдэгджээ гэдгийг хамгийн ухаан муут ч гэсэн эндээс дүгнэж хэлэхээр.
Гурав. Д.Оюунхорол 500 саяын төлөө юу хийв?
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ХХААХҮ-ийн яамны жижиг дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх сангийн захирал Д.Дэмбэрэлдоржид: 2012 оны 04-р сарын 24-ний өдрийн 9/2849 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа” …Завхан аймгийн 24 сумын 108 иргэд, хоршоодыг “Завхан аймгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих сан”-аар дамжуулан хөрөнгө оруулалт хийж, буцалтгүй тусламжинд хамруулах хүсэлтэй байгаа тул 2012 оны 04-р сарын 28-ний дотор санхүүжилтийг өгч асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье” УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гээд уг төслийн санхүүжилтийн задаргааг иргэн нэг бүрт очих мөнгөн тооцоог тооцож гаргаад хавсаргасан байна. Төсвийн байгууллага өмч хөрөнгийг буцалтгүй тусламж болгон тарааж байдаг хууль манайд байхгүй. Ингэж гишүүн Д.Оюунхоролын санаачлагаар хөрөнгө оруулалт хийгдэж, хэсэг бүлэг этгээдүүд мөнгө зувчуулах гэмт үйлдэлд биечлэн оролцсон нь тодорхой байна.
Энэхүү тушаалд 500 сая төгрөгийг зарцуулах болсон гол үндэслэл нь Завхан аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих , ажлын байр бий болгох, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2012 оны 05-р сарын 16-ны өдрийн 3/586 тоот албан бичгээр өгсөн зөвлөмж, хурлын тэмдэглэлийг үндэслэсэн гэсэн боловч “Төсөл сонгон шалгаруулах дэд комиссынхон нь энэ талаар “А”-ч үгүй сууцгаана. Яг үнэндээ төсөл сонгон шалгаруулалт Завханд явагдаагүй. Тендер ч зарлагдаагүй юм билээ. Ийм хачин тохиолдолд хууль зөрчиж, төслийн 500 саяыг гаргуулж чадна гэдэг Д.Оюунхоролд бас л том зүрх шүү. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга тушаалдаа явагдаагүй төслийн сонгон шалгаруулалтыг явагдсан мэтээр онцлон тэмдэглэсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлтэй уншигддаг. Тийм болохоор ХХААХҮ-ийн яамныхан талцаж, хэн нь толгой дээгүүрээ дээлээ нөмөрч “Ганц” руу алхахаа ярилцаж, хууль бус үйлдэлд татагдан оролцох боломжгүй гэдгээ нэр бүхий хэсэг албан тушаалтнууд мэдэгдсэнийг тухайн үедээ “ТВ-9” -өөр цацагдахад Д.Оюунхорол гишүүн яаран сандран мэдээлэл гаргасан яамны ажилтануудад арга хэмжээ авахаар албан тоот илгээж уг галын дөлийг унтраасан байдаг. Энэ цагаас эхлэн хууль бус арга замаар 500 сая төгрөг зарцуулсан тухай хардалт сэрдэлт газар авч аймгийн шүүх, цагдаа хүртэл маргаан дэгдээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэрийг нэрсийн жагсаалтаас хасах тухай шаардлага гарч, УИХ-ын сонгуулийн 9-р тойргийн хорооны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл ч байдаг.
Улсын мөрдөн байцаах газраас бүрэн төгс эцэслэн шалгаж тогтоогдоогүй үйлдэлд Завхан аймгийн цагдаагийн дарга, дэд хурандаа А.Баатар : “УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын багцаас хуваарилагдан 2012 оны төсвийн тухай хуулиар батлаж, ХХААХҮ-ийн яамаар дамжуулан олгосон нь тогтоогдсон ба уг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэсэн албан тоот илгээж, олны дунд илэрхий яригдаад байгаа онц ноцтой, бүлэглэсэн , зохион байгуулалттай гэмт хэргийн илэрхий шинжтэй асуудлыг Цагдаагийн дарга өөрт ногдсон албан тушаалаа хэтрүүлэн ийнхүү хаацайлсаныг бодоход энэ 500 сая их дээрээс буусан ”Мөнгөн бороо” гэдгийг нотолдог. Цагдаагийн даргын энэхүү албан тоотыг үндэслэн нэр дэвшигч Д.Оюунхоролын нэрийг нэрсийн жагсаалтаас тойргийн хорооны хурлаас хасаагүй хэвээр үлдээсэн байдаг.
Дөрөв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Сангийн сайд Д.Хаянхярваа нарын үйлдэлд ямар хууль хэрхэн зөрчигдөв?
1. Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14.1.1-д: “ зээл авах, зээл олгох, зээлийн төлбөр гүйцэтгэх, зээл хувиргах” үйл ажиллагааг төсөвт байгууллага хийхийг хориглоно гэсэн заалтыг
2. Мөн хуульд заахдаа: Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү УИХ шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэсэн заалтыг
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д: худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимыг баримтлана” “Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэсэн заалтыг
4. Засгийн газрын сангийн тухай хуулийн холбогдох заалтууд бүхэлдээ зөрчигдөж , энэ үйлдэлд ХХААХҮ-ийн яамны нэр бүхий ажилтнууд оролцсон нь ойлгомжтой байна.
5. Сангийн сайд хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын бүрэн эрхэд шууд халдаж, аймаг нийслэлд эрх шилжүүлэх нэрээр төсвийн байгууллагад хориглогддог заалтыг ноцтой зөрчиж, төрийн өөрийн өмч, хөрөнгийг эрх бүхий байгууллагад хандивлах, бэлэглэх, зээлдүүлэх,хувь хөрөнгө болгон оруулах арга хэмжээг хэрэгжүүлжээ. Өөрөөр хэлбэл Д.Оюунхорол гишүүний хүсэлтийг биелүүлж, 500 сая төгрөгийг “Завхан аймгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих сан”-гаар дамжуулан хөрөнгө оруулалт хийж, буцалтгүй тусламжинд хамруулж өгсөн нь хуулинд үнэхээр харш үйлдэл болох нь тодорхой байна.
Тав. УИХ-ын Д.Оюунхорол төслийн мөнгийг хэрхэн “саав”
Завхан аймгийн 24 сумын нэр бүхий 108 иргэнд дуулиан үүсгээд буй нөгөө 500 сая төгрөг яг ч бүрэн очсонгүй. Зам зуураас нь 100 сая нь үгүй болж, Завханд 400 сая төгрөг тараагджээ. Нөгөө ЖДҮ хөгжүүлэх ажлын байр бий болгох 500 саяыг нь Д.Оюунхорол гишүүнийг сонгуульд ялуулах ажил, үүрэг хүлээсэн нөхдүүд нийлж хуваагаад тоншчихсон нь одоо улам бүр тодорхой болсоор байна. Д.Оюунхорол гишүүн сонгуульд дэмжлэг авах зорилгоор хуурамч төслөөр, хууль бусаар төсвөөс мөнгө гаргуулахдаа төрийн албан хаагчдаар гэмт үйлдэл хийх нөхцөлд нөлөөлсөн нь авлигалын сүлжээ үйлчилсэнтэй холбоотой болов уу. Уг төслийн 500 саяын 100 сая нь замаасаа замхарч эзэндээ очоогүй ноцтой баримтууд авлигал хүчтэй явагдсаныг нотолдог.
ХХААХҮЯ-ны А/149 тоот тушаалын ваучерын дугаараар хөөвөл Завхан аймгийн 108 иргэнд олгогдох ёстой төслийн мөнгөний 20 хувийг замаас нь шууд суутган зувчуулжээ. Зарим хүмүүст тушаалд заагдсанаас хоёр дахин илүү мөнгө олгосон нь УИХ-ын сонгуульд Д.Оюунхоролын төлөө ажиллах Ардын намын сонгуульт гишүүд байгаа нь уг төсөл нь ажил үйлчилгээ явуулах биш сонгуульд шууд зориулагдсан нь үүгээр нотлогдоно. Гишүүн маань Жижиг дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх сайхан санааны үзүүрт МАН-ын намын хороо, үүрийнхээ сонгуульт нөхдөд мөнгө тараажээ. Тэд ч Д.Оюунхорол гишүүнээ УИХ-д гаргахын төлөө өдөр шөнөгүй зүтгэлгүй яахав.
Тараах тараахдаа хөдөлмөр эрхлэе, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн үй түмэн хөөрхий жирийн малчин, хөдөлмөрч хүмүүст биш Ардын намынханд тараасныг дараах баримтууд нотлоно. Өөрийнхөө сонгуулийн штабт ажиллаж байгаа шадар туслах 19 хүнд мөн МАН-ын сонгуулийн ухуулагч 11, МАН-ын штабын гишүүн 14, Сумын багийн дарга 5, МАН-ын намын үүрийн дарга 6, сумын намын хорооны тэргүүлэгч гишүүн 6, сумын засаг даргаар ажиллаж байсан нэг, сумын засаг даргынхаа эхнэр , сумын НАМЗХ-ны тэргүүн, Цэцэрлэгийн эрхлэгч шадар туслахын эхнэр, Д.Оюунхорол гишүүний ухуулагчийн хүүхдэд, Сумын намын хорооны дарга 3, сумын НАМЗХ-ны даргын нөхөр, Сургуулийн захирал байсан, МАН-ын сонгуулийн штабын дарга, аймгийн намын хорооны тэргүүлэгч, НАМЗХ-ны сонгуульт ажилтнууд, Завхан аймаг дахь МАН-ын аймаг, сум, багийн анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан төрийн зарим албан хаагчидад энэ мөнгийг хүртээжээ. Тийм болохоор Д.Оюунхорол гишүүн маань ЖДҮ хөгжүүлж байна уу эсвэл сонгуульд зориулагдсан мөнгө тарааж хууль зөрчсөн хэрэг үү? Төслөөс саагдсан 100 сая төгрөг хаашаа алга болсныг гагцхүү гишүүн Д.Оюунхоролоос өөрөөр хэн ч мэдэхгүй.
Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1-д: “сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчидод эд мөнгө… үнэгүй тараах. 35.15.5-д: Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх….зэрэг амлалт авах. 35.18.10-д: Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан… иргэн байгууллага, хамт олонд… мөнгө эд бараа төлбөргүй тараахыг хориглоно”гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл хийсэнч УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөөд авчээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2010 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 35 дугаар тушаалаар батласан дэд комисс орон нутгийн удирдлагатай гэрээ хийсний үндсэн дээр Завхан санд төсөвлөсөн 500 сая төгрөгийг зарцуулах ёстой атал УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Д.Оюунхорол өөрөө биечлэн оролцож, тараахдаа МАН-ын намын хороо, үүрийн дарга сонгуультнуудад ЖДҮ хөгжүүлэх нэрээр олгосон үйлдэлд Завхан аймгийн шүүх лав л хоёр сар шахам шүүж түүнд хариуцлага хэрхэн оногдуулсан нь үл мэдэх шалтгаанаар усанд уусч газрын гаваар оржээ. Заан тугалах аятай энэ шүүхийн үйл ажиллагаа хэзээ үнэн худал хоёрыг ялгаж салгах нь ёстой бүү мэд дээ одоо хүртэл Завханчуудын дунд үлгэр мэт яригддаг аж. Төсөл шалгаруулалгүй 108 иргэнд 500 сая төгрөгийг яам олгож эхэлбэл бүгдээрээ дээлээ нөмрөх нь гарцаагүй. Тийм болохоор мөнгийг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Төрийн санд эргүүлэн шилжүүлээд таг чиг бололгүй яахав. Харин Сангийн сайд байхдаа Д.Хаянхярваа холбогдох хууль тогтоомжийг шууд ноцтой зөрчиж, 500 саяыг Завхан санд шилжүүлжүүлчихээд бараа сураггүй алга болсон хэрэг. Аймаг даяараа ямар төсөл хаана зарлагдаад юуны мөнгө тарааж байгааг мэдэлгүй яахав. Тэр тусмаа Завханд МАН биш АН төр барьж байгаа тохиолдолд ЖДҮ-ийг дэмжих, төслийн мөнгө гэх нь бүр ч боломжгүй. Гишүүн Д.Оюунхорол нэгэнтээ ороод ирчихсэн мөнгийг гардаж үзэлцэхээс өөр гарцгүй болсон нь эндээс харагддаг. Гишүүн маань дээрх мөнгийг нэр зааж хүмүүст олгосон нь сонгогчдын саналыг өөртөө татах ажлын нэгээхэн хэсэг гэдэг нь тодорхой юм. Хууль үйлчилдэг ухаантай юм бол чин шударгаар ярьвал Д.Оюунхоролын нэрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой байж. Завхан сангаас иргэдэд ЖДҮ хөгжүүлэх,ажлын байр бий болгох нэрийн дор халхавчилж, сонгуульд үүрэг хүлээсэн намынхаа үнэнч журмын нөхдөд Сангийн сайд, төрийн зарим албан хаагчдын оролцоотойгоор 500 сая төгрөг тараасан нь хууль, тогтоомжийг ноцтой зөрчижээ.
Зургаа. Хэн хариуцлага хүлээх бол?
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Сангийн сайд асан Д.Хаянхярваа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнай гээд төрийн томоохон албан тушаалтан нөхдүүд үнэний шүүхийн өмнө ирж өчиг өгөх цаг ирэх нь ээ. ЖДҮС-ийн мөнгөн хөрөнгөнд хууль зөрчиж ашигладаг луйвар энэ жил гараад байгаа юм ч биш. Нэгэнтээ хэвшил болж архагшсаар одоо л нэг задарч байгаа нь энэ. Хууль шүүхийн хаалгыг татаж, үнэн худал хоёрыг ялгаж, нэгэнтээ үүссэн асуудалд цэг тавих үүрэгтэй төрийн албан хаагчид, улстөрчид, “уснаас хуурай” эх оронч дүрээр гарч ирэх орон зай үгүй. Нээлттэй тендер зарлагдаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох талаар төслийн сонгон шалгаруулалт явагдаагүй атал явагдсан мэтээр хуурамч материал бүрдүүлж, хоёр саяас 40 хүртэл сая төгрөг авсан нэр бүхий 108 иргэнд хууль үйлчлэх ёстой. Улс төрийн намын харьяаллаар бүлэглэж, зохион байгуулалтайгаар үгсэн хуйвалдаж, төрийн сангийн мөнгийг завшсан нь тодорхой байгаа бус уу. ЖДҮС-ийн мөнгөн хөрөнгийг мөн л бүлэглэж завшаад байгаа нь хэзээнээсээ уламжлалтай гэдгийг Монголчууд одоо л нэг ухаарч байгаа цаг. Завханчууд халуун ам бүлээрээ аймагтаа нээлттэй ярилцлага явуулж үнэн мөнийг ил тод гаргаж ирнэ гэдэгт гүнээ итгэе. ЖДҮС-ийн мөнгөн хөрөнгө нь улс төрийн намыг сонгуульд нэр дэвшигч этгээдийг хөхүүлэн дэмжих зориулалтай биш л баймаар….
Тоймч Л.ЦЭРЭН-ОЧИР
inews.mn
URL: