Халамжлах хэрэггүй, хандлагаа л өөрчилчих

olloo_mn_1527210744_disabilityХөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлээд байгаа иргэд миний л адил ажиллаж, хөдөлмөрлөж, цалингаа аваад, дэлгүүрээс талх аваад гэртээ харихыг хүсдэг. Гэтэл өнөөдөр Монголд “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн цоллохоос биш хөгжүүлэх бодлого алга.

Төр засаг “эд яахав ээ, халамжийг нь л өгч байвал болоо” гэдэг тогтолцоогоор хандаж ирсэн. Энэ халамжаараа тэднийг нийгмийн нэг анги бүлэг болгон хувааж, нийгэмд хүлээх үүрэггүй  байлгаад сургачихсан. Үүрэг хүлээгээгүй хүн үнэ цэнэгүй байдаг. “Бэрхшээлтэй” гэдэг үгийн цаана хоёр хөлгүй, хоёр гаргүй, хэл сонсголгүй хүмүүс ч бий. Гэтэл бас хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ итгэчихсэн, дасчихсан, авах ёстой, өгөх ёстой гэсэн зарчмаар амьдарч буй нөхдүүд ч байна. Нэг бүлэгт хуваагаад хавтгайруулчихаар хэн сэргэлэн нь л төрийн тусгайлан гаргасан халамжаас хүртчих гээд сиймхий хайх нь бий.

Тэгвэл “бэрхшээлтэй” гэдэг үгээр халхавч хийж, зүгээр суух хүсэлгүй, өрөвдүүлэх дургүй хүмүүс ч бий. Гэтэл нийгэм бүхэлд нь тусгаарлачихдаг.

Тухайлбал тэргэнцэртэй иргэн банк ороод халамжийн мөнгөө авах гэхэд банкны теллерүүд “Нэр нь хэн бэ, регистер нь хэд вэ” гэх зэрэг асуултыг эзэн нь өөрөө сонсож, ойлгож чадсаар байтал ажилдаа түүртэж, амарчлахдаа хамт яваа хүнээс нь асуудаг. Эмэгтэйчүүдийн эмч нар хүртэл гэр бүлийнхэнтэй нь ярилцаж тохиролцоод өөрийг нь мэдээгүй байхад үр хүүхэд төрүүлэх боломжийг нь хаачих тохиолдол байдаг аж.

Энэ тухай  Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг “Өглөө бүр 08.00 цагт босдог нь гайхамшигтай санагдаж байна” гэж ярих хүмүүс байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол гайхамшиг биш. Хүн бүр л өглөө эрт босоод ажилдаа гардаг биз дээ. Үүнд гайхаад байх зүйл байхгүй. Харин өглөө эрт босоод, ажилдаа ирж очоод, хамт олон байж, олон дундаа байж чадаж байвал тэр жинхэнэ гайхамшиг” хэмээсэн.

Б.Чулуундолгор хэдэн жилийн өмнө “Хаан банк”-ны ажлын ярилцлагад тэнцэж, ажилд оржээ. Гэвч тус байгууллагад тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө байхгүйгээс зайлшгүй шалтгаанаар ажлаасаа гарч байсан удаатай аж.

Хөдөлмөрийн чадваргүй байдал нь өндөр байх тусам халамж өндөр тогтоогдоно гэж ойлгох хүн цөөнгүй байдаг. Тиймээс Монгол Улс халамжинд суурилсан тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байгааг тэр хэлсэн. Халамжлахын оронд “Хүүе хөгжлийн бэрхшээлтэй хүн явж байна” гэж хардаг харцаа, “Иш зайлуул” гэж эвийлдэг хандлагаа л өөрчлөхийг хүсч явдаг тухай ч хэлсэн. Тэрнийхээ оронд гурван давхарт суудаг даргад хүрч очих лифттэй л баймаар байгааг учирласан юм.

Мөн өрөвдөн халамжласан дүрээр үнэлэмжийг минь багасгаж байна гэж тархины саатай Ц.Мөнхтулга гэх залуу хэлж байсан.

Тэрбээр “Хамгийн энгийн жишээ. Дэлгүүрт ороод юм аваад мөнгөө төлөх хооронд юу болдог гээч. “Ийш зайлуул, мөнгөтэй юм болов уу? Үнэгүй ав, би төлчихье” гэсэн үгс чихэнд сонсогдоно. Өрөвдөж халамжлаад байгаа юм уу, эсвэл доромжлоод байгаа юм уу мэдэхгүй. Манайхан хөдөлмөрийн чадвар алдсныг тогтоогоод тэтгэмж өгдөг. Тэгвэл яагаад хөдөлмөрийн чадварыг нь тогтоогоод ажил олгож болдоггүй юм бэ. Энэ нөгөө  л үнэлэмж байхгүйн маш тод жишээ. Энэ чинь өвчин шүү дээ. “Бид бүгд л адил хүн” гэнэ. Үнэндээ энэ өвчнийг онцлох ямар ч шаардлага байхгүй ш дээ. Үнэхээр л бид бүгд адилхан юм бол. Хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт дотор тархины саа орчихсон байгаа. Гэвч миний хувьд оруулмааргүй санагддаг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байх ёсгүй гэж үздэг. Яагаад гэвэл тэд бүгдээрээ л ямар нэг онцлог хэрэгцээтэй хүмүүс. Миний гутлыг танд өмс гээд өгвөл таарахгүй шиг та ч гэсэн онцлог хэрэгцээтэй шүү дээ. Танд гутал өгөхгүй, зарахгүй хөл нүцгэн яв гэвэл та ч бас бэрхшээчихнэ. Би зүгээр тархины саа өвчинтэй л хүн. Энэ нь зүгээр л зарим зүйлийг чаддаггүй гэсэн үг. Заавал чадах гээд байх алба ч үгүй” хэмээн дэндүү дэврүүн хайлт хэлсэн.

Хөгжилтэй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэний ч тусламж, дэмжлэггүйгээр гудамжаар зугаалж, ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн байдаг. Гэтэл Монгол Улс хуулиараа л тэднийг орхигдуулчихсан. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх тодотголтой хүмүүст түлээ, нүүрсний мөнгийг бүгдэд нь ижил, тэнцүү олгодог. Гэтэл үнэндээ заримд нь түлээ, нүүрсний мөнгө биш, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь төрийн туслалцаа хэрэгтэй байдаг. Тэрний туслалцаа нь ердөө л налуу зам, дуут гэрлэн дохио, дохионы хэлмэрч…

Г.Сүрэн

http://www.shuud.mn/a/503005


URL:

Сэтгэгдэл бичих