Ес эхэллээ, одоо ч жавар тачигнана биз
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22 буюу ес эхэлж байгаа өдөр.
Хамгийн хүйтэн өдрүүд ийн эхэлж байгаа гэсэн үг. Зугаа үг байдаг биз дээ. Нэг есд нэрмэл архи хөлдөнө гээд л. Энэ мэтчилэн дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөх хэмжээний хүйтэн өдрүүд үргэлжилнэ гэсэн үг. Цаг уурчдын хэллэгээр тодорхойлох юм бол -30 хэмээс дээш хүйтэнтэй өдрүүд үргэлжилж, жавар тачигнана гэж ойлгож болно.
Монголчууд ахуй амьдралынхаа туршлагаар цаг агаарыг шинжиж, түүнийг ардын аман зохиол мэт шүлэглэж, эд юмсаар зүйрлүүлж хэлж ирсэн ард түмэн. Тиймдээ ч идэр гурван есийн хүйтнийг буюу өвлийн хамгийн хүйтэн саруудыг уран үгээр илэрхийлсэн байгаа юм. Энэ нь ч багачууд, хүүхдүүдэд энэ цагт дулаан хувцаслаж явахыг давхар сануулдаг биз. Нөгөө талаар өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо.
Харин энэ өдрөөс хойш өдөр бага багаар уртасч эхлэх юм. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг.
Энэ мэт байгалийн зүй тогтол ёс эхлэхтэй салшгүй холбоотой. Харин энэ жил ес эхлэхээс өмнө нэлээд хүйтэрлээ. Ес эхлэхээс өмнө ингэж хүйтрэх нь өвөл дулаахан болдог гэж малчид ярьдаг. Үүнээс үзвэл ес эхэллээ гээд айхтар хүйтрэхгүй болов уу. Тэгж ярих хүн ч олон байна. Харин цаг уурчдын хэлж байгаагаар энэ өвөл цас ихтэй байна гээд байгаа. Тэр хэрээрээ өвөлжилт хүндэрч магадгүй бололтой.
Ерөөс албаны хүмүүс өвөлдөө цас их орох учраас хавар хүндэрч болзошгүй тухай ч анхааруулж байгаа. Сүүлийн өдрүүдэд төрөөс малчдыг хадлан бордоогоо сайн бэлдсэн биз, урамшуулна шүү гэх маягын сурталчилгаа цацаад байгаа. Энэ нь ч бас нэгийг өгүүлж байгаа юм. Урьд жилүүдэд зуднаас болж малчид 10 сая малаа алдсан. Цаг ч хатуу байсан байх, хажуугаар нь малчид өвлийн бэлтгэлээ муу базаасан нь нөлөөлсөн. Энэ жил тийм зүйл арай ч болохгүй биз. Зун нь сайхан болсон юм байна. Хэрвээ энэ жил малчдын харж байгаа шиг сайхан өвөл болбол 10 гаруй сая төл авах урьдчилсан төлөв гараад байгаа.
Төлийн гарз багатай өвөл, хаврыг давбал Монголын мал сүрэг 40 саяд хүрч, тэр хэрээрээ махны үнэ бага зэрэг хямдарч магадгүй юм. Гэхдээ л өвөлдөө цас их орвол малчдыг хөөрхөн шоглочихыг байг гэхгүй. Саяхан нийслэлд хэд хоног манан татаж, хүмүүсийг сонирхлыг татсан. Гэтэл зарим учир мэдэх хүмүүс түүнийг маш нарийн ширхэгтэй цас байсан гээд байгаа. Хялмаа ихэдвэл зуд болдог гэдэг.
Тэгэхээр өвөл байдал хүндрэхийг байг гэх газаргүй байна. Ямартай ч өнөөдөр ес эхэллээ. Жавар тачигнасан өвлийн өдрүүд ирж байгаа нь тэр. Тэгэхээр хүмүүс минь өнөөдрөөс эхлээд цамцаа давхарлахад гэмгүй биз. Харин малчид минь дөнөн үхрийнхээ эврийг хөлдөөхгүйн тулд уут оёж, өвөлдөө хэдэн малаа өнтэй оруулахын тулд хэдэн шуудай хивэг ч болсон худалдаж авахад гэмгүй биз ээ.
Н.Пунцаг
URL: