УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр Эрүүгийн хуулийн 264-т заасан үндэслэлээр буруутгаж байсан юм.
Тэрээр улсын хөрөнгө хувьдаа завшсан, “Эрдэнэт” үйлдвэрт “шахааны” бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр авсан хэрэгт холбогдоод байв. Харин өнгөрсөн сард хяналт тавьж байсан Д.Туяа прокурор хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаасан байна.
Нийслэлийн прокурорын газрынхнаас авсан мэдээллээр “Х.Наранхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1, 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн” гэв.
Тус хэргийг УМБГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болголоо. Х.Наранхүүгийн өмгөөлөгчөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, гавьяат хуульч С.Нарангэрэл ажилласан байна.
Д.Болор
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: