М.Энхболдыг огцруулах асуудалд МАН-ын даргын ЭРХ ч, БЯД ч дутна
УИХ дахь МАН-ын бүлгийг эв нэгдлийг хангаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцрууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Удирдах зөвлөлдөө хандан тавьсан эхний шаардлага ийн биелэлээ олов.
Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д албан бичгээр хүргүүлсэн байгаа. НИТХ хуулийн хугацаанд хэлэлцээд хотын даргыг огцруулах эсэхийг шийднэ. Үүрэг чиглэлээ хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах санал гаргасан бол хотын парламентаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “хангалттай сайн” ажилласан үнэлгээ аваад байгаа. Тиймээс хотын парламент нийслэлийн Засаг даргад тавьсан дүнгээ харгалзах уу, Ерөнхий сайдын гаргасан саналыг “хүндэтгэх” үү гэдгийг олон нийт ажиглаж байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг шаардаж, УИХ дахь МАН-ын бүлэгээ танилцуулахаа Удирдах зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн юм билээ. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах эрх хуулиараа МАН-ын даргад байхгүй. УИХ-ын даргыг огцруулах үндэслэлийг хуулиар зохицуулсан байдаг. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах харилцааг доорхи байдлаар зохицуулжээ. Үүнд:
10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно.
10.2.1. нас барсан;
10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.
10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална гэж заажээ.
Тиймээс УИХ-ын даргыг огцруулах саналыг парламентад хэлэлцүүлэх эрх Ерөнхий сайдад байхгүй. Намын бүлгээр санал гаргаж хэлэлцүүлэх ч эрхгүй. Учир нь У.Хүрэлсүх парламентын гаднах эрхэм.
Харин албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулан, УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн 3/2 буюу 26 гишүүн түүний саналд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын даргад өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлэх эрх нээгдэнэ. Ямартай ч өчигдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах саналд 36 гишүүн гарын үсэг зурсан гэсэн бор шувуу нисч байна лээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гадна сөрөг хүчин, бие даагчид ч гарын үсэг зурах нь нээлттэй. Тэр дундаа сөрөг хүчин АН-ын 9, МАХН-ын нэг, бие даагч нэг гэсэн нийт 11 гишүүн Засгийн газрыг огцруулах саналд нэгдэн гарын үсэг зурах магадлал өндөр. Тэр дундаа сөрөг хүчний бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Засгийг огцруулах саналыг хоёр гараа өргөөд дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлсэн байсан.
Тэгээд ч эрх баригчдын хагаралд сөрөг алсаас “хожил хоёр тийшээ” гээд алгаа ташин ажиглаж байгаа. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд сөрөг хүчин ч буурьтай хандах нь дамжиггүй. Учир нь тээр жил МАН-ын дарга У.Хүрэлсүх АН-ын гишүүн Г.Баярсайханыг чуулганы танхимын өмнө шанаадан унагаж, бяраа гайхуулсан бол АН-ын даргаар С.Эрдэнийг томилогдоход хамгийн түрүүн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж, угтсан хүн бол УИХ-ын дарга М.Энхболд юм шүү.
Н.Энхбат
URL: