Б.Наранхүү, Б.Саранчимэг нар охин дүү нартаа тусгай сангуудаар “бэлэг” барьж байна
Төрийн алба төрөл саднаар дүүрч, хэр хэмжээнээс хэтэрлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөлсөн төрийн албаны үнэн төрх ердөө энэ.
Аль нам төрд олонх болж, хэний хүү Засгийн эрх атгана, түүнийг тойрсон хүмүүс ажилтай, орлоготой болдог жамтай. Төрийн албаны төрлийн хэлхээг шүүмжилж, албан хаагчдын ёс зүй, мэдлэг чадварын талаар айлддаг УИХ-ын дарга ч энэ зарчмаас гажиж чадахгүй улам бүр ороогдсоор байна. Түүний хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар ажилладаг. Төв банкинд захирлаар ажиллах битгий хэл мэргэжилтнээр ороход босго өндөртэй газар. Гэвч Монголбанк нь улстөрчдийн хүүхдийн дадлага, сургуулилтаа хийдэг талбар болчихоод байгаа.
Үгүй тэгээд, Спикерийн төрөл садан болох А.Ундраа УИХ-ын гишүүн болчихоод байхад хүү зэрэг ёстой асуудал биш биз. Тэр бүү хэл, гэр бүлийн найзууд болох Г.Мөнхбаярыг Барилга хот байгуулалтын сайдаар, Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн дэд сайдаар томилуулж бяраа харуулж явсан хойно доо. Тэрчлэн М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан бол холбооны нь дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр, эхнэрийн нь дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар ажилладаг. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга, төрсөн ахын нь хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар гээд нэрлээд байвал барагдахгүй.
Ах дүү амраг садан байхаас гадна улс төрийн тогоонд чанагдаж яваа нэгний хүргэн, бэр болно гэдэг их аз завшаан болж, өнөө цагт. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг бол ХХААХҮЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар Т.Бадамжунайн хүргэн ажиллаж байна.
Түүнчлэн Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг М.Энхболд хүргэн хүүгээрээ дамжуулан зохицуулдаг бол, Тариалан эрхлэх санг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүргэнээрээ бамбай хийн удирдаж байгаа гэхэд хилсдэхгүй биз. Тодруулбал, ах дүүгээрээ Төрийн ордонд заларч байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүгээр хязгаарлагдахгүй Б.Наранхүү, Б.Саранчимэг нар нь ЖДҮХС-гийн зээлээс ч төрсөн дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр центр” ХХК-д өнгөрөгч наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авч өгсөн байгаа юм.
эх сурвалж: niigmiintoli.mn
URL: