МҮЭХ Иргэний шүүхэд хандаж, Сангийн сайд С.Баярцогтыг хариуцагчаар татлаа
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын үлдэгдэл сангийн хөрөнгө өнгөрсөн найман жилийн хугацаанд эрүүл бус байдлаар төрийн санд байршиж байна. Жилийн 0.5 хувийн хүүтэй ес хоногийн гэрээгээр байршуулсан. Энэ бол маш том доромжлол. Гэтэл энэ мөнгөөр Монгол банкны үнэт цаас, Засгийн газрын бондыг худалдан авч арилжааны банкинд жилийн 16 хувийн хүүтэй байршуулсан бол доод тал нь арван хувиар өсөх байсан. Иймээс бид энэ асуудлыг зохицуулах үүднээс Захиргааны шүүхэд хандсан. Гэтэл захиргааны хэрэг биш иргэний хэрэг байна гэсэн тайлбар өгсөн. Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай иргэний хэрэг байна гэж үзээд хуульчтайгаа зөвшилцөөд арванхоёрдугаар сард багтаан Иргэний шүүхэд өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн нэрийг барьж хэн нэгэн хулгай хийсэн гэж хэлж болно. Ингээд Иргэний шүүхэд энэ асуудлыг өгч хариуцагчаар Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга З.Цэдэнжавыг татаад байсан бол Сангийн сайд С.Баярцогтыг нэмж татахаар боллоо. Төрийн санд 84 тэрбум төгрөг байгаа. Хариуцах эзэн байгаа эсэхийг бид тодруулмаар байна. Нэгдүгээрт бид байх ёстойг хүүг нь төлүүлмээр байна. Бас 84 тэрбум төгрөг бодитоор байгаа эсэхийг шалгуулах бодолтой байна. Нийгмийн даатгалын шимтгэл буюу төрийн санд байршуулсан мөнгө бол улсын төсөвт хамааралгүй гэдгийг иргэд ойлгох ёстой. Улс төрчид иргэдийн толгойг эргүүлж улсын нэгдсэн төсөв гэж зарлаад байдаг. Улсын нэгдсэн төсөв дөрвөн зүйлээс бүтнэ. Татвараас бүрдсэн мөнгө, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн мөнгө, Нийгмийн даатгалын сангийн төсөв. Гэхдээ зөвхөн ганц татварын орлогоос бүрдсэн мөнгийг л Засгийн газар шийдэх эрхтэй. Гэтэл бүгдийг нь татвар мэтээр үздэг байдлаа зогсоох хэрэгтэй. Иргэний шүүх лхагва гаригт бидэнд хариу өгөхөөр болсон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бидний байр суурийг дэмжиж байгаа. Нийгмийн даатгалын үлдэгдэл санд 260 тэрбум төгрөг байнга байдаг. Гэхдээ арилжааны банкинд байршуулснаар өнөөдөр нэг ч төгрөг алдаагүй. Монгол банкнаас баталгаа гаргаж өгдөг учраас алдагдалгүй байгаа гэв. Улс төрчдийн амлаад байдаг мөнгийг насан туршдаа авах арга нийгмийн даатгалаас хүү боддог тогтолцоо юм байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн даатгалын мөнгийг баталгаажуулахыг сонгодог улс төр гэж нэрлэдэг тухай ч тэрбээр хэлж байлаа. Түүнчлэн Нэрийн дансанд төвлөрүүлэх 2.7 их наяд төгрөг ч хэрхэн төлөгдөх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Ганаа
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL: