Ц.Батбаяр: Н.Энхбаярын хүү төрийн өмч хувьчилж авч болохгүй гэсэн хууль байна уу
УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг хууль бусаар авсан гэдэг асуудлаар шалгагдаж байгаа. Гэтэл энэ зочид буудлыг хотын дарга байхдаа хууль бусаар хувьчилсан хүн нь та юм байна. Тухайн үед юу болж байсан талаар яриач?
-Сүүлийн үед энэ талаар нэлээд ярьж байна л даа. Хууль хяналтынхан шалгаж байна. Гэхдээ “Өргөө” зочид буудлын хувьчлал хууль зөрчсөн гэдгийг хэн ч тогтоогоогүй байгаа.
Намайг хотын дарга байхад “Өргөө” зочид буудлын хувьчлал яригдсан нь үнэн. Зөвхөн энэ ч биш нийслэлийн өмчийн олон байгууллагыг хувьчлах тухай хөндөгдөж байлаа. Учир нь төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх үүднээс ийм ажлыг хийсэн юм. Төрийн өмчийн гэсэн нэртэй зарим байгууллага байнга алдагдалтай, ашиггүй ажиллаж байсан. Тиймээс тэдгээрийг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэснийх. Үүний нэг нь “Өргөө” зочид буудал байлаа. Үнэндээ энэ зочид буудал 2001 оноос хойш алдагдалтай ажилласан байдаг. Буудал гэхэд хэцүү бараг янхны газар болчихсон байсан шүү дээ. Намайг хотын дарга болоход хүн болгон “Энэ янхны газраа цэгцлээч” гэдэг байсан. Тиймээс үүнийг өөрчилье гэдэг асуудал хотын ИТХ дээр хэд хэдэн удаа яригдсан юм. Ингээд тус зочид буудлыг хувьчлахаар шийдсэн.
-Гэхдээ энэ хувьчлалыг тухайн үед зочид буудлын удирдлага хүлээн зөвшөөрөөгүй юм биш уу?
-Тухайн үеийн удирдлага нь зочид буудлыг өөрөө авъя гэж байсан. Гэвч тэр өөд нь татаж чадахгүй байсан байхгүй юу. Тэгээд өөрөө авч чадаагүй болохоороо одоо олон юм яриад байна.
-Чадахгүйг нь яаж мэдсэн юм. Өгөөд үзэх байсан юм биш үү?
-Өөрөө удирдаад өчнөөн жил ажиллуулахдаа өөд нь татаж чадаагүй юм шүү дээ. Ямар заваан, муухай зочид буудал байлаа даа. Үйлчлүүлэгчид нь бүгд хэлдэг байсан. Тийм байж одоо юу яриад байгаа юм. “Өргөө” зочид буудлын дарга байсан Ж.Энхжаргалыг би сайн мэднэ. Түүний сонинд өгсөн ярилцлагыг харсан. Баахан хүн ажлаас халсан, яасан яасан ч гэнэ вэ ярьсан байна лээ. Мэдээж ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг халахгүй яах юм. Одоо чадвартай хүндээ ажил даалгадаг болсон цаг ирсэн биз дээ. Түүний ярьсныг хараад үнэхээр гайхсан. Аливааг үнэнээр нь ярих сайхан шүү дээ. Манай зочид буудлын ажил сайн байхад Батбаяр, Болормаа хоёр хууль бусаар хувьчилчихлаа гэсэн байна лээ. Яаж ингэж худлаа ярьж чадаж байна аа. “Өргөө” зочид буудал ямар үндсэн хөрөнгөтэй, ямар ашиг олдог байлаа. Хэдэн төгрөгийн алдангитай ажилласан юм гэдгийг баримтаар нь дэлгэж болно. Нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгалтаар ямар үнэлгээ авч байсныг нь үзүүлж болно. Ж.Энхжаргал үүнийг мартчихсан юм шиг ярьж. Эсвэл зүүдэндээ юм уу, үгүй бол согтуудаа ярьсан юм биш биз дээ, ойлгохгүй байна.
-”Өргөө” зочид буудлыг хувьчлах саналыг та гаргасан уу?
-Хотын дарга Иргэдийн хуралд оруулсан. Хувьчлах асуудлыг хоёр зарчмаар шийдэж болно гэж Иргэдийн хурал үзсэн. Хувийн хэвшилд эсвэл төсөл сонгон шалгаруулах зарчмаар хувчилъя гэсэн юм. Энэ бол 2007 он шүү дээ. Гэтэл энэ зочид буудлыг сайжруулъя гэсэн нэг ч төсөл орж ирээгүй. Тухайн үеийн зочид буудлын удирдлагууд ч төсөл боловсруулаад ороод ирэх эрх нь нээлттэй байсан шүү дээ. Харамсалтай нь тийм санал ирээгүй. Санал ирүүлсэн ганц компани нь “Хар дун” байсан юм. Тэд 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр “Өргөө” зочид буудлыг өөд нь татъя гэсэн.
-Ингээд ямар ч өрсөлдөөнгүйгээр “Хар дун” компанид худалдчихсан хэрэг үү. Ямар үнээр өгсөн юм бэ?
-Өргөө зочид буудлыг эхлээд 100 сая төгрөгөөр үнэлсэн. Дараа нь 460 сая төгрөгөөр үнэлсэн. Үүнийг “Хар дун” компани төлсөн. Дээрээс нь тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зочид буудлыг бүхлээр нь энэ компанид өгчихөөгүй. 25 хувь нь хотын мэдэлд үлдсэн шүү дээ. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байгаа юм. “Өргөө” бол төр, хувийн хэвшлийн оролцоотой зочид буудал. Тэгээд одоо энэ зочид буудал ямар болсныг хар л даа. Өмнө нь ямар байлаа. Дандаа алдагдалтай явж ирсэн зочид буудлыг ашигтай болгоно гэдэг сайн биз дээ. Аливаа байгууллагыг хэнд хувьчлах нь сонин биш. Чухам үйл ажиллагааг нь хэр сайжруулсан эцсийн үр дүн нь чухал. “Өргөө” зочид буудал тэрбум төгрөгийн ашиг оллоо гэхэд төр 250 сая төгрөгийг нь авч байгаа шүү дээ. Үүний муу юу байгаа юм. Юу нь болохгүй гэж. Яая даа гэтэл муудаад, сөнөчихсөн байсан зүйлийг аваад сайжруулсны буруу юу байна.
-”Хар дун” компанийн ард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр байсан учраас зочид буудлыг өгчихсөн юм биш үү?
-Түүний ард Н.Энхбаяр байна уу, үгүй юу ямар хамаатай юм бэ. Тухайн компани өөрөө ажлаа хийж чадна гэсэн бол хэлсэндээ хүрэх ёстой. Өнөөдөр Монголын бүх л компанийн ард ямар нэгэн ах дүү, хамаатан садан нь байдаг. “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг өгснөөр хэн хохирчихоод байгаа юм. Төр, ард түмэн хохирчихсон юм уу. Харин ч нурчихсан байсан нэг зочид буудал өнгө засч, үйл ажиллагаа нь сэргэсэн юм шүү. Хотод өнгө үзэмжтэй, аятайхан үйлчилгээтэй зочид буудал нэгээр нэмэгдчихсэн л байна, өөр яасан юм.
-Яагаад тендер зарлаагүй юм?
-Заавал тендер зарла гэсэн хууль байхгүй шүү дээ. Хувийн хэвшлийн компани “Бид энэ ажлыг хийе” гээд орж ирж байхад яах юм. Өөр санал ирүүлсэн газар байгаагүй.
-”Хар дун” компанийн захирал тухайн үед хэн байсан бэ?
-Хуяг гэдэг залуу байсан.
-Тэр үед Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах байсан Тулгын ах бил үү?
-Тийм л гэсэн.
-Үүнийг тэр үед та мэдэж байсан уу?
-Мэдээгүй. Хуяг гэдэг залуу надтай хоёр, гурван удаа уулзаж байсан. Энэ компанийн үүсэл хөгжлийг би мэдэхгүй. Ажил хийж чадаж баигаа бол хэн ч төрийн өмчийг хувьчлан авч болно шүү дээ. Тэгээд ч Ерөнхийлөгч байсан хүн яагаад авч болохгүй гэж.
-Одоо энэ компани Н.Энхбаярын хүүгийн нэр дээр байгаа гэл үү?
-Хэнд ч байдаг зүйл шүү дээ. Жишээ нь би компани байгууллаа гэхэд өөрөө ажиллаж чадахгүй бол захирлаараа өөр хүнийг томилдог биз дээ. Ийм л зарчмаар асуудал явсан юм болов уу гэж ойлгосон. Тэгээд ч Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү төрийн өмч хувьчилж авч болохгүй гэсэн хууль байна уу.
-Тухайн үед магадгүй Ерөнхийлөгчийн зүгээс хотын дарга танд шахалт үзүүлж байсан юм биш биз дээ?
-Тийм зүйл байхгүй ээ. Би тэгж дарамтлуулаад байдаг хүн биш. Чадахгүй бол “Чадахгүй” гэдгээ хүнд хэлдэг. Айсандаа хэн нэгэнд төрийн өмчийг өгчихдөг хүн биш шүү дээ.
-Танай намынхан Н.Энхбаярыг дарж авах гэж “Өргөө” зочид буудлын асуудлыг гаргаад ирэв үү?
-Сайн мэдэхгүй юм, Хэсэг бүлэг хүмүүсийн өс хонзон хэрүүл тэмцэл л яваа байх даа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын булхай илэрвэл араасаа олон хүн чирнэ гэлцдэг. Магадгүй та хоморгонд нь яваад өгөх юм биш биз дээ?
-Би буруу хэрэг хийгээгүй юм чинь юу гэж хоморгонд нь явах вэ дээ. Явах ёстой хүмүүс нь явна биз.
-Хууль цагдаагийнхан одоо таныг шалгах байх даа?
-Шалгана биз. Энд ярьснаас өөр хэлэх үг надад байхгүй. Ер нь төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан хэрэг өмнө нь зөндөө гарсан байдаг. Тэгж их хийх ажил нь олдохгүй байгаа бол тэр бүгдийг шалга л даа.
-Сүхбаатарын талбайг та худалдчихсан юм уу?
-2007 он шиг санагдаж байна. Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн хэсгээс Ленин клуб хүртэл газар дор дэлгүүр, авто гарааш, усан оргилуур хийж иж бүрэн тохижуулах төсөл шалгаруулсан юм. Ингээд хотын мэргэжлийн байгууллагуудын саналаар “UB констракшн” гэдэг компанийн төсөл шалгарсан байдаг.
-Нийт хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл байсан юм?
-2,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл байсан. Тэр компани өөрсдөө 100 хувь санхүүжилтээ гаргана гэсэн.
-Тэгээд энэ газар тэр компанийн эзэмшлийнх болчихсон гэсэн үг үү?
-Тэднийх тухайн газар том үйлчилгээний төв барьж түүнийгээ өөрсдөө ажиллуулж ашгаа авъя гэсэн юм. Эргэн тойрныг нь сайхан тохижуулах гэрээтэй байлаа. Түүнээс биш газар нь хотын захиргааны мэдэлд хэвээрээ.
-Энэ төсөл нь яагаад хэрэгжихгүй байгаа юм?
-2008 оны санхүүгийн хямралаас болоод төсөл нь зогсчихсон. Гэтэл энэ талбайг хятадуудад худалдчихсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Ямар ч тэнэг хүн, хэдий шуналтай байсан ч төв талбайгаа гадныханд худалдахгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандчихсан байгаа. Тэгээд ч “UB констракшн” ажлаа хийхгүй бол төслийг нь буцаа гэж хотын даргад хэлсэн.
Я.Мөнгөнцэцэг
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: