Ардчилсан намаас урвасан Ардын намын дарга Ж.Энхцэцэгийн фактууд
Хүний ажил амьдралын хэмнэл хувь хүнийхээ зан чанарын өнгөөр байдаг. Өдгөө Чойбалсан хотын захирагч буюу Хэрлэн сумын Засаг дарга хийж байгаа Ж.Энхцэцэг нь 1998 онд өөрөө өргөдөл өгч, хүсэлт тавьж Ардчилсан намын гишүүнээр элссэн нэгэн. Ингээд 1998-2000 оны хооронд АН-ын төлөө гал дөлтэй зүтгэсээр 2000 оны сонгуультай золгожээ. Гэтэл энэ сонгуулиар Ардчилсан хүчин нам тавиулав. Аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн хийж байсан түүнд хүнд цохилт болжээ. Уг нь түүнийг нарийн боовны цехийн ажилтан байхад нь Ардчилсан хүчин засаглалд гарч ирснээр ажилд авсан нь энэхүү ЗДТГ-ын мэргэжилтэн гэсэн боломжийн алба байсан юм. Ингээд нам нь ялагдсан түүний сэтгэл санаа тогтворгүйтэж эхлэв. Мэдээж хуучин ху-гийнхан зуунги. “Энэ муу АН-ын хүүхэн” гэж ад үзэх маягтай болсон юм байгаа биз дээ. Аймгийн шинэ даргаар Д.Одбаяр очив. Жинхэнэ хийрхэл. “Ардчилсан нам ахиад энэ аймагт босч ирэх нь нэгэнт өнгөрсөн. Булшлаад өгнө өө” гэж сэтгэл эвгүйцэм муухай үг ярьсан нөхөр Н.Энхбаяр гэсэн том дэмжлэгтэйгээр очсон нь тэр юм. Нөхөр ч ёстой бурхангүй газар бумба галзуурав гэгчийг үзүүлсэн гэдэг. АН-ын харьяатай хэн л байна бүгдийг нь бараг “Цаазлах” шахуу юм ярьж байсан гэнэ. Аа бас болоогүй хормойдохыг хормойдож толгойг нь эргүүлэхээ ч тэр мэдэж байв. Тэрхүү хормойдуулсан хүмүүсийн нэг нь Ж.Энхцэцэг байлаа. Д.Одбаярыг ажил дээрээ шөнө оройгүй суухад нь Ж.Энхцэцэг бас байж л байна. Мэдээж ажилд нь үнэнч зүтгэсэн нь тэр биз. Гар барьсан Д.Одбаяр шуу барин дамжиж Ж.Энхцэцэгийг “Чи АН-аасаа гарч манай намд элс, тэгвэл ажилтай чинь байлгана” гэсэн тулгалтыг хийжээ. Ингээд Ж.Энхцэцэг ичихгүйгээр “нэгэнт гудамжинд гарсан АН-ынхан дээр очиж “Намайг Ардчилсан намын гишүүн байгаагүй гээд бичиг хийгээд өг” хэмээн гуйсан байна. Ардчиллынхан “Үгүй” гэдгээ хэлжээ. Тэгэвч нэгэнт гудамжинд хэн ч биш болцгоосон тэднийг Ж.Энхцэцэг үл ойшоож, тэгээд ч Дорнодод Д.Одбаяр тэргүүнтнүүд “Ардчилал гэж ахиад энэ аймагт өндийхгүй” хэмээн сурталдаж байсан болохоор түүнд эрэмшин АН-ынхаа батлахыг хог дээр шидчихээд шууд тухайн үеийн МАХН-д элссэн байна. Элссэн даруйд нь түүнийг Д.Одбаяр аймгийн тамгын газрын нэгэн хэлтсийн даргаар томилжээ. Ийнхүү нэгэн цагт зүтгэж явсан АН-аа мань эмэгтэй 2000 оны тэр нэг өдрөөс хойш зүхэж эхэлсэн байна. МАХН мандтугай, АН сөнөтүгэй гэсэн лоозонтойгоор найман жил зүтгэсэн тэрбээр 2008 оны орон нутгийн сонгуулиар баахан бантан хутгаж, хор найруулж, үгүй бүр өмнөх дарга байсан өөрийн намын Я.Насандэлгэрийг аймгийн ИТХ-ын дарга болгоно хэмээн хууран мэхэлж ажлыг нь өгүүлж байгаад өөрөө Чойбалсан хотын Засаг дарга болсон байна. Ингээд баахан халаа сэлгээ хийж Тамгын газрынхаа даргаар өөрийг нь өмчилсөн хүн болох УИХ-ын гишүүн Д.Одбаярын туслах Батхуяг гэж нөхрийг тавьсан гэхчлэн баахан бантан зуурмагийг Чойбалсанд өрнүүлсээр өнөөдрийг хүрч байгаа юм байна.
Энэхүү хор хир нь ч дүүрч Ж.Энхцэцэг хийгээд түүний командынхны иддэг уудаг, төрийн мөнгө завших нь хэрээс хэтэрч байгаа юм байна. Наад зах нь Д.Одбаярын туслах байгаад Ж.Энхцэцэгийн Тамгын даргаар шахсан Батхуяг нь гэхэд өөртөө шагнал бичээд л хагас сая төгрөг улиралд авч байх жишээний ажлаа хийцгээдэг болох нь баримтаар нотлогдож байгаа гэнэ. Ж.Энхцэцэгийн тухайд бол юун хагас сая, хагас зуун саяар нь идсэн уусан нь сүүлийн шалгалтаар тогтоогджээ. Жишээ нь, саяхан арванхоёрдугаар сарын эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Чойбалсан хотын ЗДТГ, Орон нутгийн нөөцийн сан, “Чойбалсан сан”-гийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Ингэхэд өнгөрсөн оноос эхлэн улсын мөнгөнөөс шимж өгсөн байна. Зөвхөн зочид төлөөлөгчдийн цайны зардал нэрээр 4 сая 848.6 мянган төгрөгийг зарцуулснаар эхэлжээ. Цаашилбал аж ахуйн нэгж, байгууллагуудтай нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Зар сурталчилгааны самбар байрлуулсны хөлс болох 3 сая 860 мянган төгрөг сох алга болсноор үргэлжлэх аж. Мөн Чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” гээчийг зохион байгуулж аж ахуйн нэгж, байгууллагуудаар “Одонт туг” аялуулснаар 5 сая 316 мянган төгрөг хандиваар цуглатал түүнийх нь 4 сая 616 мянган төгрөг нь бас алга болчихож. За тэгээд “Малгүй иргэдийг малжуулах буянт мал 101\2010″ гэсэн төсөл зохион бодож олоод “Цогийн овоо” ХХК-тай гэрээ байгуулж гэрээнийхээ 7.1-д “захиалагч барааг хүлээн авсан акт болон тухайн барааны гарал үүслийг тодорхойлох баримт бичиг”-ийг хүлээн авсны дараа төлбөрийг шилжүүлнэ гэж заасан атлаа барааг буюу нэг өнчин хурга ч хүлээж аваагүй үедээ тус компанийн дансанд 20 сая төгрөг шилжүүлж орхижээ. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч мал нэг ч иргэний гар дээр очоогүй байсаар жилийн нүүр үзсэн байна. Наад зах нь түүний Тамгын газрынхан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн орлогыг хураахдаа иргэдээс 4 сая 235 мянган төгрөгийг ичих ч үгүй илүү тооцож аваад идэцгээчихсэн байх юм. Тэрхүү малжуулна нэрээр гаргасан 20 сая төгрөгийг аваад идчихсэн нь нэгэнт тодорхой болохоор өнөөдөр өнчин хурга ч эзэндээ очоогүй нь тэр юм байна. Энэ мэтчлэн Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэгийн зувчуулсан хөрөнгө 3 саяас эхэлсэн бол яван чангарсаар 20 сая болж өнөөдөр хөдөлшгүй баримтаар лавтай 57.8 сая төгрөгт Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Саранчимэг акт тогтоогоод байгаа аж. Харин хууль хяналтын байгууллагынхан чухам юу гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа бололтой. Тэрбээр гоё гоё нэртэй ажил бодож олдог байна. Тэгээд хэдэн саяар нь мөнгө төсөвлөдөг байх юм. Жишээ нь “Алдар гавьяаны өдөр” гээд таван сая, “Шинэ гудамж” гээд гурван сая, “Хот тохижилт-ажлын байр” гээд 10 сая төгрөг, “Цэвэр орчин-ногоон байгууламж” нэртэй 12 сая төгрөг… гэхчлэн олон янзын нэртэй олон төрлийн ажил зохион байгуулах нэрээр мөнгийг сая саяар нь гаргадаг аргатай ажээ.
Наад зах нь л Ж.Энхцэцэгтэн “Би гадаадад томилолтоор явах боллоо” гэж худлаа хэлээд төсвөөс 330 мянган төгрөг гаргуулж аваад хот орчихоод ирэх жишээтэйгээр бичил шимэгч маягаар иддэг байх юм.
Түүний хариуцсан ажлын энэ бүх факт баримтууд нь эцсийн дүндээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчин анхан шатны ямар ч баримтгүйгээр ажил гүйлгээ хийж, ядаж л туслах аж ахуйнхаа наад захын тайланг огт гаргахгүй, мөн хөрөнгө, орлогоо дансанд огт тусгалгүйгээр явж иржээ.
Ж.Энхцэцэгийн эдгээр баримтууд нь тэр чигээрээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн бөгөөд жишээлбэл Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.5, мөн хуулийн 13.13.2, 5 дугаар зүйлийн 5.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.9… гэхчлэн нийтдээ Монгол Улсын хуулийн арав гаруй зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Үүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрсдлийн үнэлгээг тусхүү Чойбалсан хотын ЗДТГ-т 8 шалгуур үзүүлэлтээр өгөхөд 56 оноо буюу хамгийн эрсдэлтэйгээр үнэлэгджээ. Энэ нь энэ газраас авлига, хууль бус мөнгө идэлт, төсвийн хөрөнгийн хяналтгүй байдал газар авч энгийнээр ойлгуулах юм бол энэхүү Чойбалсан хотын засаг захиргааны зүгээс хууль бус юу ч дуулдаж мэдэх нь гэсэн албан ёсны үнэлгээ юм байна. Ардчилсан намын гишүүний батлахаа хогийн саванд урж тасдаж хийгээд Ардын намд зүтгэсэн Ж.Энхцэцэгтэн нэг иймэрхүү юмны амтанд орж, амиа дүүрэн авч явах гэж урвалт шарвалтыг юманд тоохгүйгээр зүтгэсэн юм байна. Урвалтын ард хэзээ ч зөв сэтгэл, зөв үйл байдаггүй билээ.
Н.БААТАР
URL: