МАН дахин задарч, АН-ыг С.Эрдэнэ өөрийн гараар хагалж эхэллээ
Жижиг, дундын зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудал эрх баригч МАН-ыг дахин бужигнууллаа. Авсныг нь бус аваагүйг нь тоолбол гарын арван хүрмээр болж байх шиг байна.
Сүүлдээ энэ сангаас зээл аваагүй гишүүдийнхээ нэр устай мэдээ тарааж тэднийхээ уурыг хүргэж байна. Ингэвэл бүгдээрээ адилхан болж, хэрэг явдал намдана гэж зээл авсан гишүүд нь үзсэн бололтой юм. Гэвч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас эхлээд ихэд бухимдаж “…Энэ гүтгэлгээ зогсоо. Хэрэв би авсан байвал УИХ-ын дэд даргын албан тушаал өгнө. УИХ-ын гишүүнээсээ ч татгалзана” гэж мэдэгдлээ.
Ер нь бол энэ байдал МАН-д дахин задарлаа. Өнгөрсөн жилээс эхлээд ярьж, нэрлэж ирсэн 32-ын бүлэг, 33-ын бүлэг “тарсан” гэсэн үг. Оронд нь шинэ хуваагдлаар буюу 60 тэрбумынхан, Жижиг дундынхан гэсэн хоёр том бүлэг бий болов.
Цар хүрээ, гишүүдийн тоо, нийгэмд үзүүлэх нөлөөгөөрөө Жижиг дундын бүлэг нь 60 тэрбумынхнаасаа хамаагүй нүсэр болж байна. Өнгөрсөн долоо хоногт Жижиг дундын зээлийг өөрийн юм шиг тараасан экс сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүн хэвээр нь авч үлдэхэд энэ бүлгийн бяр харагдсан. Бас хэр зэрэг олуулаа вэ гэдгээ ч харуулсан.
Тэгвэл АН-ын хагарал ч ил болоод ирлээ. АН-ын албан ёсны фракцууд “албан ёсоор” С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцдэг болсон. Ийм явдал С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш далдуур үргэлжилж байгаа. Харин С.Эрдэнэ ийм нөхдүүдэд сануулга өгч, даргын эрх мэдлийн бярыг үзүүлэхээр заримаас нь “барьж авч” эхэллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаагаар АН-аас хөөх тушаалыг гаргасан. Яг үнэндээ өнөөх Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллахдаа 2016 оноос хойш болсон УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудаар намдаа ялалт авч үлдсэн цөөхөн даргын нэг гэдэг. Харин өөрийг нь эсэргүүцдэг, гэхдээ ардаа том татаасгүй учраас Д.Пүрэвдаваад арга хэмжээ авч эхэлсэн гэж АН-ынхан ярьж байна.
Үргэлжлүүлээд энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Т.Батцогт, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг намаас хөөсөн тушаалыг тус дүүргийн АН-ын дарга Д.Нүрзэдээр гаргуулжээ.
Тэднээс Т.Батцогт НИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, .Ихцэнгэл нь АН-ын ахмад гишүүн бөгөөд АН-ын үүрийн дарга юм байна.
Ийн АН дахь хагарлыг С.Эрдэнэ дарга өөрийн гараар эхлүүллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: