МАН гишүүнээ хамгаалж, АН гишүүдээ хасч, лаагаар ч улс төржиж чаддагаа харуулав

Untitled-6ЖДҮХСангийн зээлийн мөнгийг гишүүд, өндөр албан тушаалтнууд авсан баримтууд хөвөрч, ичих булчирхайгаа гээгсэд эхнээсээ уучлалт гуйсан дүр эсгэж, хаврын синдром намраар үргэлжилж хувцастай, хувцасгүй жагсаал өрнөсөн бас ч үгүй адал явдалтай, ярих сонин ихтэй долоо хоногийг үдэж байна. Монголын бахархал Эзэн Чингисийн мэндэлсэн өдөр тохиогоогүй бол мишээх хүн олдохооргүй л дуулиан дунд амьдарч байна. Дөрвөн өдөр үргэлжлэн амрах нь хөгжих гэж ядаж яваа орны хувьд цаг үрсэн залхуурлын шалтаг гэж шүүмжлэх хэсэг байвч, зай завсаргүй барилга, машин, гэр хороолол, завгүй амьдралын бачуурлаас хором ч гэсэн холдож агаарт амрахыг хүссэн бусдад нь харин завшаан болж, мишээх боломж гарч байх шиг.

Нүцгэлээд ч түшээдийн нүдэнд тороогүй жагсаал

Энэ долоо хоногт ажлын өдрүүд цөөн байсан ч олон үйл явдал өрнөөд амжлаа. Үнийн дарамтад өдрөөс өдөрт өндийх чадвараа алдаж, доройтож байгаа ард түмний шатахууны үнийн эсрэг тэмцэл хувцастай, дээр нь машинтай жагсаалаар эхэлсэн бол тэдэнтэй хувцасгүй эр “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозон барин нэгдэж, Засгийн газрын ордныг тойрон гороолов.

45613271_2205564623059899_6957154211230384128_n-810x489 МАН гишүүнээ хамгаалж, АН гишүүдээ хасч, лаагаар ч улс төржиж чаддагаа харуулав

Үүнийг харсан хэн бэ гуай ч хасах хэмийн хүйтэнд нүцгэн алхахаас ч илүү амьдрал хүндэрч, туйлдаа хүрч байна гэдгийг ойлгохоор байлаа. Харин эрхэм түшээдэд зориулсан энэ үйлдлүүдийг тэд хэрхэн хүлээн авч байгаа бол гэдэг нь тухайн үед сонин байв. Гэвч гишүүдэд “өөрсдөд” нь түүнээс ч чухал асуудлууд байсан тул ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Харин өнөөх л МАН, АН-ын манаргасан будлиан ордон дотор, олон нийтийн сүлжээнд үргэлжлэн хөврөв.

Хариуцлагын талаар хүчтэй ярьж, зөөлөн буулгасан МАНамын нөхөд

ЖДҮХСангаас авсан хүмүүсийн нэрс тодорсон асуудал нь жингийн цуваа ирж л байдаг, буцаж л байдаг гэдэг шиг дуулиан болж нэг дэгдээд дугтарч нэг эрчтэй өрнөөд, дуугүйхэн алсран одох вий гэж анхааралтай ажин суух хүн олон болж. Гэхдээ л МАН ганц сайдын суудлаараа тахил өргөөд өнгөрөх янзтай. Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Харин эрх баригчид Б.Батзориг гишүүнийг сайдаас буулгасан ч парламентын сэнтийг нь хадгалаад үлдэв. УИХ-ын ээлжит бус чуулганаар биесээ сүрдүүлсэн, зандралцсан өнгө аяс нэлээд үзэгдэв. Ямартай ч өнгөрсөн зунаас хойш Засгийн газрын хоёр ч сайд сөрөг хүчнийхээ нөлөөгүйгээр ажлаа өгч огцорлоо. Харин хариуцлагын механизм цаашид хэрхэн өрнөхийг харъя.

namiin-bulguud МАН гишүүнээ хамгаалж, АН гишүүдээ хасч, лаагаар ч улс төржиж чаддагаа харуулав

Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийгээгүй гишүүдээ АН-чид хөөв

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан дэгдэж байхад АН-аас УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн төдийгөөр л өнгөрлөө. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх асуудал яригдах үеэр нийгмийн даатгалын асуудал хөндөгдөж залуучууд нь С.Эрдэнэ даргыгаа намын даргаа өгөхийг шаарджээ. Ийнхүү АН-ын дотор ахиад л явган хэрүүл дэгдэж, гурав, дөрвөн нам болж хуваагдах дээрээ хүрэв. АН-ын Баянзүрх дүүргийн хорооны дарга П.Нүрзэдийн тушаалаар Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Т.Батцогт нарыг АН-ын Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1 заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн үзэж гишүүнээс хасчээ. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн гишүүнчлэлийг дөрвөн жилээр хасч сахилгын шийтгэл хүртээв.

Шударга ёс шаардах гэсэн биш амаа асуулгаж, ард түмний нүдэн дээр загнуулав

olloo_mn_1423802252_ggg МАН гишүүнээ хамгаалж, АН гишүүдээ хасч, лаагаар ч улс төржиж чаддагаа харуулав

Хариуцлага гэдэг үг зарим томчуудад хатуу санагддаггүй байх. Та нарын л баталсан хууль ийм гээд түшээдийг загнаж суугаа Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг “үнэнийг нь хэлчихлээ” гэж олон хүн дэмжиж байна. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэж хүмүүс ярьдаг. Чуулганы хуралдаанаар Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцэх үеэр УЕП-оос асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүний асуултад ширүүхэн өгсөн хариултдаа “Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал биш ээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу.” гэсэн юм. Энэ бол олон жил бугшсан томоохон асуудал, хэргүүд яагаад шийдвэрлэгдэхгүй удаж байгаа талаар, шударга ёсны хүрээнд асуусан асуултын хариулт. Нэг танхимд суугаад, зөвлөлдөөд, зөвшилцөөд, тохиролцоод хамтаараа ард түмэнд молиго үмхүүлдэг төрийн мяндагтнууд зөвхөн өөрөө гэмгүй, буруугүй гэх дүр эсгэж, бусдыгаа баалж суух нь өнөөдөр олон нийтэд сонин биш болсон.

Тэгэхээр баталсан хуулийг хэн даган мөрдөж, хэнд үйлчилдэг вэ гэдгийг УЕП-ын дээрх хэдхэн өгүүлбэр тодорхой хэлчих шиг болов.

Юугаар ч улс төржиж болдогийн жишээ виферон лаа

Энэ их улс төржилт эрүүл мэндийн салбарыг энэ долоо хоногт бас зүгээр орхисонгүй. Виферон лаа нь анхнаасаа ОХУ-д 50 жилийн өмнөөс үйлдвэрлэгдэж сүүлийн 20 жил практикт өргөн хэрэглэгдэж ирсэн бөгөөд ямар нэгэн сөрөг үр дүн илэрч байгаагүй гэж тус лааг импортлогч компани мэдэгдэж буй. Харин асуудал яагаад үүсэв? Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл виферон лааг хүүхдэд хэрэглэвэл 1-2 жилийн дараа ямар ч дархлаагүй болгодог, Азийн хөгжлийн банкаас гарч ажилласан баг хэрэглэж болохгүй гэдгийг тогтоосон тухай тайлбарласан байгаа юм. Тэгэхээр ДОХ-оос ялгаагүй байдлаар өвчилж таарах гээд байна. Харин үгүй бол ЭНТО компанийн мэдэгдсэнчлэн салбарын сайд маань бүхэл бүтэн ОХУ-ын ОХУ-ын Шинжлэх ухааны салбарыг үгүйсгэсэн үйлдэл болох нь.

161975-300x179 МАН гишүүнээ хамгаалж, АН гишүүдээ хасч, лаагаар ч улс төржиж чаддагаа харуулав

Мэдэгдлүүдийг ажиглавал эмчилгээний үр дүнгээс илүүтэй мөнгөний үр дүн ч цухалзаад байх шиг.

Вирусийн эсрэг үйлдэлтэй гэх энэ лаа нь тэгвэл улс төрчдийн эсрэг ямар үйлдэл үзүүлэв гээд харахаар ердөө л үнийн хөнгөлөлт буюу даатгалаас хассан явдал ба 80 хувийн хөнгөлөлтөд оруулах гэсэн оролдлого гэсэн хоёр талын байр суурь л байж. Тэгэхээр үнэн хэрэгтээ асуудал үйлчилгээндээ бус үнэ өртөгтөө байж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа биз. Ямартай ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тайлбарласан шиг Азийн хөгжлийн банкны багаас зөвлөмж гаргасан гэдэг нь худал гэдгийг тус банкнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Энэ асуудлаар Эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл, хүүхдийн эмч нар ТББ, ЭМЯ, АХБ-ны төлөөлөл хуралдаад Виферон лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгдсэн гэнэ. Тэгэхээр тэр нотолгоог нь хүлээх үү, тэрэнтэй тэрэнгүй эмийн сангуудаар зарагдаж байгаа юм чинь үр дүнд нь итгэж хэрэглэх үү гэдэг нь бидний л сонголт.

Товчхондоо онцлох үйл явдал ийм байдалтай өрнөлөө. Виферон вирусийн эсрэг үйлдэлтэй гэнэ. Тэгвэл вирусийг увайгүй улс төрчид гээд авч үзвэл виферон бол хариуцлага гэж хэлж болох юм. Харин үр дүн нь хоёулаа одоо тодорхойгүй болчихоод байна.

Ийнхүү бахархам түүхт монголчуудын бахархал болсон эзэн Чингисийн өдрүүдээр тохиосон амралтын хоёр өдөр болон долоо хоног бүрийн амралтын хоёр өдөр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул түгжрэл ихтэй байсныг эс тооцвол хүмүүс хотоос гарч агаарт сайхан амарсан биз ээ.

https://updown.mn/63179.html


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих