УИХ тарвал МАН-ын “концерт” дуусч, улстөрөөс арчигдана

cd68bd8ee147a792b6dd75d6a9bd59dba2a13661“ЖДҮ” Монголын улстөрд төдийгүй нийгэмд бөөн түймэр дэгдээж орхилоо. Сөрөг хүчин бухимдсан олны дэмжлэгтэйгээр эрх баригчдын алдаан дээр чадмаг тоглож байгаа нь Засгийн газрыг ганхуулах түвшинд хэдийнэ хүрчихлээ. Энэ нь УИХ  тарж мэдэх хор уршигтай сигнал ч байж мэднэ. Угаасаа тодорхой эрх ашиг бодлогоор тийм нөхцөл байдал руу чирээд байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэрвээ шинэчлэл хийж чадахгүй бол, шударга бус үзэгдлийг зогсоож дийлэхгүй  бол УИХ, Засгийн газар тарсан нь дээр” гэх ухааны үг хэлнэ лээ. Нэмээд “харанхуйг эс гийгүүлвээс” би өөрөө огцрох болно гэж шуудхан мэдэгдээд авсан. Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын лидер хүн бодлогогүй, болчимгүй үг унагана гэж байхгүй нь лав.

Гэхдээ энэ Их хурал тарвал МАН 100 насныхаа ой дээр улстөрийн тавцангаас арчигдлаа л гэсэн үг. Сонгуулиар 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан цаг саяхан шүү дээ. Нэг ёсондоо одоогийн УИХ бол МАН-ын парламент.  Гэтэл ийм богинохон хугацаанд УИХ тарах асуудал хөндөгдөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Буруутан нь ердөө л балагт “ЖДҮ” гэвэл дэндүү явцуу дүгнэлт болох биз. Энэ бол зүгээр л шалтаг. 1990 оноос хойш Монголд “ЖДҮ”-ээс өөр булхай луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гарч байгаагүй гэвэл ёстой нар баруунаас гарах байлгүй.
1992-1996 оны хооронд засагласан МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл буюу одооны АН-ын үед алт дилерын хэрэг, өмч хувьчлал, банкны реформ, Эрдэнэт үйлдвэрийг тойрсон будлиан, казиногийн хэрэг гээд хэл ам таталсан олон асуудлыг сөрөг хүчин гаргаж тавьж, тэр хэрээр нийгэм бухимдан асч байлаа. Сүүлд нэрт сэтгүүлч Жа. Пүрэв гуай АН-ынхан эрх мэдэлтэй байхдаа хэрхэн идэж, ууж дураараа аашилж байсан утгатай “Хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн 4 жил” гэдэг ном хэвлүүлж байсан юм. Дараахан нь АН сөргүүлээд МАН-ынхны авлигдаж байсныг харуулах зорилгоор “Авлигын толь” гэдэг ном гаргаж билээ. Өөрөөр хэлбэл, тэд нэг нэгнийхээ булхайг ээлжлэн дэлгэсэн гэсэн үг. Одоо ч гэсэн МАН-ын албан тушаалтай эрхмүүд олон сая, тэрбумын зээлийн асуудалд ороогдоод эхлэхээр сөргүүлээд Чингис бонд, АСЕМ-ийг луйвартай холбож тавьж байх жишээтэй. Ер нь МАН, АН ээлжлэн  төр барихдаа ч, хамтран засаглаж байхдаа ч тендерээс эхлээд олон хууль бус ажиллагааг ил далд хийж хэрэгжүүлсэн гэж судлаачид, иргэний хөдөлгөөнүүд, улстөрчид өөрсдөө ч ярьж хэлж, бичиж байгаа нь нийгэмд нөлөөлөөд байна.
МАН ардчилсан Монголын түүхэнд 3 удаа том ялалт байгуулж байлаа. 1992 онд болсон УИХ-ын анхны сонгуульд 70 суудал авч эрх мэдэлд даацтайхан хүрсэн. Тэр үед МАН үнэхээр данагар байлаа. Сөрөг хүчин П.Жасрайн Засгийн газрыг огцруулахыг шаардаж Сүхбаатарын болоод Ялалтын талбай дээр хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж, жагсаал хийж байсан ч эрх баригчид танхимаа огцруулах нь бүү хэл хатуу ширүүнээр дайрч шүүмжилж байгаагүй.
2000 онд МАН-ын 76 нэр дэвшигчээс дөрвөөс бусад нь сонгогдож хоёрдахь түүхэн ялалтаа байгуулж, намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тухайн үед хэл ам таталдаг хүн танхимын гишүүдийн дунд байсан. Тэглээ гээд сайд нараасаа сугалах талаар ганц үг ган хийдэг хүн үнэмлэхүй олонх дотор бараг байдаггүй байв. Бүх эрх мэдэл намын даргад төвлөрч байсан болохоор ёстой л атгасан гар шиг байсан гэхэд болно.  Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтныг огцруулж, хариуцлага тооцно гэхээсээ аль болох асуудлыг чимээгүйхэн мартагнуулахыг хичээж байсан гэдэг. Намынхаа ирээдүйг бодвол нэр хүндийг нь сэвтээж болохгүй гэдэг философи тухайн үед ноёлож байсан болохоор аргагүй л дээ.
Гуравдахь цэвэр ялалтаа байгуулах мөч нь 2016 онд тохиох хувьтай байжээ.
Сөрөг хүчин яаж ч зүтгээд Засгийн газрыг унагааж чадахгүй. Харин эрх баригч МАН өөрсдөө засгаа солих нь тэр. Хэрэв энэ үйл явцыг 1992, 2000 оны уур амьсгал, сэтгэлгээгээр харвал МАН-ын хувьд ёстой л зүүдэнд ч орохооргүй үзэгдэл юм.
Үзэл санаа, хандлага өөрчлөгдөхийг цаг үе шаардсан ч байж мэднэ. 65-уулаа байж Засгийн газраа огцруулсан шалтгаан нь 60 тэрбум, 800 тэрбумын концессийн “хулгай”. “Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв” гэж тухайн үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл бөөн хэл ам болоод байсан асуудлууд өнөөдөр шийдэгдсэн нь хаа байна?  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тааруухан ажиллаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж огцруулсан мөртлөө дараагийн танхимын гишүүд нь яагаад нэр хичээж, журмын нөхдийнхөө алдааг давтахгүйн төлөө ажиллаж болсонгүй вэ? Өөрчилнө, өнгийг нь хувиргана гэж Засгийн газрыг огцруулдаг биз дээ?
60 тэрбум МАН-ыг Ерөнхийлөгчийн  сонгуулиар “хорлосон” бол өнөөдөр гол дүрд  гялалзтал тоглож буй ЖДҮ-ийн зээлийн хэрэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг, МАН-ыг бүхэлд нь  баллуурдахаар хичээж байна. “ЖДҮ”-ээр эрх баригчдыг боомилох гэсэн ашиг сонирхол өдрөөс өдөрт үерийн ус шиг давалгаалж, үүндээ сошиалыг чадмаг ашиглаж байгаа нь илэрхий. Ямартаа ч УИХ тарвал МАН 100 насныхаа босгон дээр зурагныхаа өмнө зулаа өргүүлж, улстөрийн тавцангаас арчигдах тун магадлалтай. Ганц МАН ч биш АН ч олон түмний итгэлийг хүлээгээд цаашаа явахад хэцүү. “Энэ хоёр намд ээлжлэн итгэл хүлээлгэж ирлээ. Улс орон, ард түмний байдал дээшилсэнгүй. Өнгөн дээрээ өрсөлдөгч намын дүрд тогловч ар хударгаараа алив баялгийг нэгэн хөнжил дор сорж ирсэн нь өдрөөс өдөрт ил болж байна” гэдэг пиар нийгмийн сэтгэлзүйг залаад байна шүү дээ.
“Хэрэв маргааш сонгууль болбол ямар намд итгэл хүлээлгэх вэ?” гэдэг судалгаа сошиалаар явж байна лээ. Дийлэнх нь ХҮН-д санал өгнө гэж. МАХН ч  тодорхой дэмжлэгтэй байгаа нь судалгааны дүнгээс харагдсан. Харин МАН, АН-ын авсан саналын хувьд үнэнч гишүүд, дэмжигчдийнх л “хайрын илэрхийлэл” болов уу. Уг судалгаа хэдийгээр албан бус ч гэлээ ард түмний бараг 99 хувь нь сошиалд “амьдарч” байгаа гэдэг утгаараа ямар ч байсан олны санаа бодол бодитой харагдана. Үүнээс харвал монголчууд шинэ хүчнийг, шинэ бодлогыг, шинэ амьдралыг хүсээд байна. Яагаад ийм хандлага давамгайлах болов? Хариулт нь маш энгийн. Ард түмний, сонгогчдын итгэл найдвар эмзэг болоод л тэр.
Дажсүрэнгийн Лхагвадорж  
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/96919

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих