“Ээж” киноны Мелекийн дүр тоглосон Берен Гёкйылдыз
Бидний орой бүр үзэх дуртай Туркийн олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гёкйылдызийг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.
Берен Гёкйылдыз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охин жүжигчний хувьд насандаа баймгүй их амжилтад хүрсэн тул ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын цаг, орлого зэргийг нь зохицуулдаг нэг ёсны менежерийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Анх таван настай байхдаа зар сурталчилгаануудад болон “Миний гэр бүл” хэмээх уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр түүний жүжигчний карьер эхэлжээ. Дөнгөж таван настай байсан ч Берен охин “Миний гэр бүл” кинонд Пелин гэх охины дүрийг маш чадварлаг, өөртөө итгэлтэйгээр бүтээж чадсанаар олон хүний магтаал, хайр хүндэтгэлийг хүлээжээ. Үүний дараа “Ээж кинонд 2016 онд, долоон настайдаа тоглож эхэлсэн байна.
Нийт 133 ангитай тус кино нь Туркийн телевизээр цацагдсан даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан төдийгүй олон хэл дээр орчуулагдаж, дэлхийн гуч гаруй орны дэлгэцээр гарчээ. Тус киног Японы “Ээж” гэх киноноос сэдэвлэн бүтээсэн ажээ.
Берен Гёкйылдызийн тоглосон уран бүтээлүүдээс дурдвал:
2014-2015 онд Миний гэр бүл, Пелин охин буюу туслах дүр
2016 онд “Гулдуй Гулдуй” театрын жүжиг
2016 онд “Ээж”олон ангит кинонд Мелекийн дүрийг
2017 онд “Зөгийн бал” хүүхдийн кино
2018 онд “Бидний түүх”, “Миний охин”зэрэг кинонуудад гол дүр бүтээж байгаа юм.
Анхны тоглосон киногоороо Истанбулын Гелисин их сургуулийн урлагийн наадмаас “хамгийн хүндтэй хүүхэд”, 2016 онд “Алтан эрвээхэй” кино наадмаас “шилдэг жүжигчин хүүхэд” шагналыг хүртжээ.
URL: