Төрийн албыг дампууруулж буй Д.Зүмбэрэллхамыг сольё
Төрийн албаны тухай хуулийн 35.1.2-д “Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах, хугацаатай үүрэг өгөх гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхтэй” гэж хуульчилж өгсөн байдаг.
Гэтэл Төрийн албаны зөвлөл энэ бүрэн эрхээ хэтрүүлж, өнгөрсөн онд л гэхэд төрийн байгууллагуудын сул орон тоог хэрхэн хангаж байгааг шалгах нэрийн дор нийслэлийн дүүргүүд, түүний харьяа байгууллагуудын 115 иргэн, яам агентлагийн 60-аад ажилтанг томилсон шийдвэрийг шууд хүчингүй болгожээ.
Энэ нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 48.3-д заасанчлан “Ерөнхий менежер хүний нөөцийн асуудлаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн албаны төв байгууллага хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн ноцтой үйлдэл болжээ.
ТАЗ энэ хууль зөрчсөн шийдвэрийг гаргахдаа ТАТХ-ийн 39-ийн 5 дахь заалтыг үндэслэсэн байна. Гэтэл энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагч гомдол гаргасан тохиолдолд ТАЗ шалгаад, хууль ёсны эрхийг албан тушаалтан зөрчсөн тохиолдолд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох ёстой юм. Ийм байхад ТАЗ эрх мэдлээ хэтрүүлэн ажилласныг юу гэж ойлгох вэ.
Ер нь ч сүүлийн үед ТАЗ-тэй холбоотой асуудал нэлээн дэгдэх болсон. Ажлаа хийж чаддаггүй, нам, улстөрийн захиалгаар дарга нарыг томилдог, улстөрийн хараат болсон гээд л Д.Зүмбэрэллхамын талаарх таагүй яриа урсаж байна.
ТАЗ хэн нэгний мэдээллээр төрийн байгууллага, албан тушаалтанг шалгаад мөн энэ заалтыг урвуулан ашигладаг тухай ч сонсогддог. Тухайлбал Стандартчилал хэмжил зүйн газрыг дахин дахин шалгаж, хүссэнээрээ аашилж байна гэх.
Өнөөдөр эрх бүхий төрийн удирдах албан тушаалтан хүнээ өөрөө сонгож, томилоод, хийсэн ажлынхаа үр дүнгийн хариуцлагыг хүлээдэг зарчим үйлчилж байна. Гэтэл 2008 онд Д.Зүмбэрэллхам Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ТАТХ-д өөрчлөлт оруулснаар ТАЗ нэг хүнийг сонгон шалгаруулсан нэрийн дор аливаа байгууллагад шахдаг зарчимтай болжээ. Үүний үр дүнд өдгөө ТАЗ-өөс өгсөн хүнийг томилохгүй бол “Та нарын шийдвэрийг хүчингүй болгоно” хэмээн олгогдоогүй эрх мэдлээр бүхнийг гартаа авахаар улайрч байна.
Цаашилбал энэ эрх мэдлээ өргөсгөж, канадуудтай хүртэл хуйвалдах болсон гэнэ. Ямар зорилготойг нь мэдэхгүй ч ТАЗ бүх байгууллагын албан хаагчийг томилох эрхтэй хэмээн цээжээ дэлдэж яваа сурагтай.
Монгол Улс эрх зүйт төрийн системийг Үндсэн хуулиараа тунхагласан орон. Гэтэл энэ хүнд хууль дээдлэх зарчим үйлчилдэггүй аж. Тэгсэн атлаа бусдыг хууль дээдлэх ёстой хэмээн байнга дарамталж, хэтрүүлсэн эрх мэдлээрээ хүчийг үзүүлдэг болсоор гурван жилийг үдэж байна.
Харин ийм хүнийг төрийн албаны төв байгууллагын даргаар ажиллуулж байгаа нь УИХ болон төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүйтэй холбоотой биз ээ. Үүнээс гадна ТАЗ Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн шийдвэрүүдийг ч гаргаж, иргэдийн эрхэнд халддаг асуудал олон бий гэнэ.
Тухайлбал төрийн албаны шалгалт нэртэй дуулиантайхан өрнөдөг сонгон шалгаруулалтын шалгалтын материал аль хэдийнэ тараагдсан байдаг гэх юм билээ. Сонгон шалгаруулалтаар шигшигдсэн хүмүүс биш харин ТАЗ-ийн зүгээс болон эрх мэдэлтнүүдийн захиалсан хүмүүс ажилтай болдог гэх нь бий. Тэгэхээр хэл ам татлахаас өөр дорвитой хийсэн ажилгүй өнөөдрийг хүрсэн энэ байгууллагыг татан буулгах эсвэл дарга Д.Зүмбэрэллхамыг нь солих цаг болжээ.
Төрийн албанд шударга ёсны зарчим үйлчлэхэд нөлөөлөх ёстой Төрийн албаны зөвлөл харин ч эсрэгээрээ, будлиан, маргааны үүр уурхай болоод байна. Дарга, нам, улстөрийн хараат, гар хөл болсон Д.Зүмбэрэллхам төрийн албыг хангалттай буруу замаар будаа тээлгэлээ шүү дээ.
URL: