Цэрэг С.Батбаярын зодуулж нас барсан нь батлагдлаа
Ц.Нямдорж сайд аа эгэл жирийн ардын хүүхэд цэргийн алба хаахаар эх орондоо тангараг өргөж ирээд үхдэл болсон тухай удаа дараа бид мэдээлж байна. Эр цэрэгт явснаас эрлэгт очоогүй миний хүү гэж эхийн нулимс урссаар байгааг эрхэм сайд та мэдэж байгаа болов уу.
Өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар эрх мэдэлтнүүдийн дунд замхархана нь ээ.
Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа хал цэргүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, нас барсан талийгаач С.Батбаярыг сүрьеэгийн менингит өвчний улмаас амиа алдсан гэсэн дүгнэлтийг хуулийн байгууллага, шүүх эмнэлгийнхэн гаргасан.
Гэвч энэхүү дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хийсэн эрэн сурвалжлах үйл ажиллагааны үр дүнд ч дээрх дүгнэлт эргэлзээтэй болох нь ажиглагдсан билээ.
Талийгаач С.Батбаяр бие муу байх үедээ олон эмнэлгээр үзлэг шинжилгээ хийлгэсэн ч орон нутгийн харьяалалтай хэмээн улсын эмнэлгүүд хүлээж аваагүй юм билээ. Арга ядаж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч дээрдэхгүй байсаар эмнэлгээс гарчээ.
Тархиндаа хүнд гэмтэл авсан тэрээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан байна. Энэ эмнэлэгт ирэхэд эмчлэгч эмчээр С.Байгалмаа хүлээж авчээ.
Талийгаач энэ оны наймдугаар сарын 10-нд хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгт хэвтснийх нь маргааш цус болон шээсний шинжилгээ авахад сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй аж. Иймээс СЭМҮТ-д тархины өөрчлөлт, уналтыг багасгах болон тайвшруулах эмчилгээ хийгдсэн байна. Гэхдээ энэ эмнэлгийнхэний зүгээс талийгаач С.Батбаярыг Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзээд, наймдугаар сарын 15-ны өдөр яаралтайгаар шилжүүлжээ. Тэгэхдээ эмчлэгч эмч С.Байгалмаа нь өөрийн биеэр хүргэж очсон байна.
Бид тухайн үед талийгаач С.Батбаярын эмчлэгч эмч байсан, СЭМҮТ-ийн хурцын тасгийн их эмч С.Байгалмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Талийгаачийн шинжилгээнээс сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй
-Тархиндаа хүнд гэмтэл авсан С.Батбаяр танай эмнэлэгт эмчлүүлж байсан гэсэн. Биеийн байдал нь ямаршуухан ирсэн бэ?
-Наймдугаар сарын 10-нд манай эмнэлэгт ирж хэвтсэн. Биеийн байдал нь их хүнд байсан. Анх ирэхэд нь шээс, цусны шинжилгээ авахад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар цэргүүддээ зодуулсны улмаас бие нь муудаж, ухаан алдаж унадаг болсон гэсэн. Тэр өдрөө эмчилгээ хийлгээд гайгүй байсан ч хэд хоногийн дараагаар өндөр халуурч, бие нь муудсан.
Манайх хурцын тасаг. Сэтгэцийн нэлээд хүнд өөрчлөлтэй хүмүүс эмчлүүлдэг. Гэтэл С.Батбаяр манай эмнэлэгт эмчлүүлэх өвчтөн биш байсан юм. Тиймээс Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд шилжүүлсэн.
-Ар гэрийнхнийх нь хэлснээр нэгдүгээр эмнэлэгт очсон өдөр нь хүлээж аваагүй гэж байсан?
-С.Батбаярыг нэгдүгээр эмнэлэгт хэвтэхээр очсон өдөр нь амралтын өдөр байсан. Тиймээс жижүүрт гарч байсан эмч нь рентегений эмч байхгүй гээд хүлээж аваагүй. Тэр өдрөө буцаж манай эмнэлэгт ирж хэвтсэн. Маргааш өглөө нь эрт очиж хэвтүүлсэн. Ер нь ямар ч эмнэлэгт хэвтсэн заавал рентегенд оруулах шаардлагатай.
-Өвчтөнийг сүрьеэгийн менингит гэсэн оноштойгоор нас барсан гэсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Танай эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэж байсан юм?
-Сүрьеэгийн шинж тэмдэг байхгүй байсан. Цус, шээсний анхны шинжилгээнээс шууд л харагдана. Өвчтөн уналтын үед гардаг шинж тэмдэгтэй ирсэн.
-Танай эмнэлгээс ямар оноштойгоор нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн юм бэ?
-Хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик гэсэн онош гаргаад нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн.
-С.Батбаяр хэд хоног танай эмнэлэгт хэвтсэн бэ?
-Тав хоног хэвтэж эмчлүүлээд нэгдүгээр эмнэлэг рүү шилжсэн.
-Наймдугаар сарын 10-15 хүртэл хэвтсэн гэлээ. Энэ үедээ танай тасагт эмчлүүлдэг өвчтөнөөс ялгаатай байсан уу?
-Манай тасагт сэтгэцэд нь гүн өөрчлөлт орсон хүмүүс эмчлүүлдэг. С.Батбаяр тийм биш. Уналтын үед гардаг шинж тэмдэгтэй байсан.Ээж нь ярихдаа жагсаал дээрээ ухаан алдаж унадаг байсан гэж байсан шүү дээ. Миний мэдэхийн сүрьеэгийн шинж тэмдэг байгаагүй.
Наймдугаар сарын 10-15-ны хооронд таван хоног талийгаач С.Батбаярыг эмчилж байсан С.Байгалмаа эмч ийн ярьсан юм. Түүний хэлж байгаагаар сүрьеэгийн шинж тэмдэг хамгийн энгийн гэгддэг цусны шинжилгээгээр ч илэрдэг гэнэ лээ.
Харин 805-р ангийн цэрэг С.Батбаярыг 2011 оны наймдугаар сарын 17-нд нас барсных нь дараа буюу амьд байснаас нь хоёр хоногийн дараа шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулахад сүрьеэгийн менингит өвчнөөр нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна.
21 настай залуу нэгдүгээр эмнэлэгт ирээд хоёрхон хоногийн дараа хорвоог орхисон юм. Хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол эмчлэгч эмч С.Байгалмаагийн тавьсан онош наймдугаар сарын 17-нд нас барсных нь дараа задлан шинжилгээгээр гарсан сүрьеэгийн менигит гэсэн хариутай зөрж байна. Хэрэг нэгэнт илэрхий болчихоод байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь Ц.Нямдорж сайд таны доорх албатууд ажилдаа дэндүү хайнга, ард түмнээсээ хол ажилладгийг илтгэж байгаа юм биш үү. Эгэл жирийн ардын хүүхэд эх орондоо тангараг өргөж ирээд үхдэл болоод явсан цэрэг С.Батбаярын зодуулж нас барсаныг эрх мэдэлтнүүд үгүйсгэсээр байгааг эрхэм сайд та анхааралдаа авахыг дахин сануулж байна.
URL: