Монгол улс импортын дарангуйлалд орчихсон юм биш үү
Хоёр жилийн өмнө Монголын сүү үйлдвэрлэгчдийн холбоо гэж төрийн бус байгууллагын тэргүүн О.Амарцэнгэл гэдэг залуу монголчууд хэрэгцээт сүүнийхээ 70 орчим хувийг гаднаас импортолдог гэж ярьсан нь санаанд үлджээ. 80 сая малтай монголчууд сүүнийхээ хэрэгцээг бусдаас бадар барьж байна гэхээр итгэхэд бэрх. Гэсэн хэрнээ үүний нөгөө талд бид хэрэгцээт сүүгээ дотооддоо хангах бүрэн боломж нь бас байж байдаг гэнэ.
Гутлын жижиг үйлдвэрийн эзэн залуутай уулзлаа. Эх орныхоо ориг арьс ширээр гутал үйлдвэрлэдэг юм байна. Хийц загвар сайтай, эдэлгээ даахуйц шаахай өрөөстэй байна. Ихэнхдээ гар ажиллагаагаар хийдэг гэлээ. Дэлхийд бол гараар хийсэн ийм “hand made” бүтээгдэхүүн өндөр үнэ хүрдэг. Харин манайд эсрэгээрээ гэж байна. Эдний шаахайнууд харагдах өнгө, хийц чанар, материал түүхий эдийн ориг байдлаараа Италийн импортын гутлаас ялгагдах юм алга. Дээр нь үнэ хямд. Харин борлуулалт талдаа хэцүү. Өвлийн үс ноостой гуталнууд л эзнээ амархан олдог аж. Яагаад гэвэл ийм жинхэнэ ориг үстэй гутал импортоор орж ирэх нь бага гэнэ. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “манай улс Хятадаас жилд зургаан сая гутал импортолж байгаа” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Ерөнхийлөгч хүчний байгууллагынхныг дотоодын үйлдвэрлэгчдээс гутлынхаа хэрэгцээг хангахыг үүрэг болгож байсан. Тэр хэр биелж байгаа бол…
Монголд Хятадынх байтугай өөрсдийнхөө тарьж ургуулсан төмсийг шингээх газаргүй тэвдэж байхад урд хөршийн төмс зэрэгцээд зах зээл дээр “суудал хуваалцаад сууж” байдаг.
2018 он гарсаар валютын ханш байнга өөдөө чиглэв. Монголбанкны толгойны өвчин болж байгаа ханшийн энэ өсөлт ногоон мөнгөний эрэлт ихэсснийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэрээр импорт нэмэгдэж байна гэсэн үг. Статистикийн мэдээ сэлтээс харвал 2017 онд 4.3 тэрбум ам.долларыг импортонд “хаяжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар импорт өмнөх оны мөн үеэсээ 1.2 тэрбум ам.доллараар өссөн нь валютын эрэлтийг нэмэгдүүлж ханшийг өсгөв. Эмгэнэлтэй нь үүний нөгөө талд үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, иргэдийн олдог хэдэн бор төгрөгөөс сэм “хулгайлж” байна.
Монголчууд хэрэглээнийхээ 70 орчим хувийг гаднаас царайчилдаг. Импортын хэрэглээ ихтэй болохоор юань, долларын ханшийг өдөөж, үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэхээс өөр гарцыг бий болгож чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл бид импортын дарангуйлалд орчихсон юм биш үү. Эх орны бус Эрээний эдийн засгийг идэвхжүүлэх хүчин зүйлийн нэг нь лавтайяа Монголын импорт байж таарна. Америк гэсэн тодотголтой тахианы мах нийтийн хоолны салбарт моод болж байна. Хэдийд хэн, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй энэ тахианы махыг гуриланд өнхөрүүлж, тосонд хөлбөрүүлээд л тансаг хэмээн өргөмжилж байна. Хоол ч болдог юм уу, хор ч болдог юмуу бүү мэд. ОХУ-д тахианы хөлдүү маханд насжилтын шинжилгээ хийсэн чинь 36 жилийн турш хөлдүү байсан гэсэн хариу гарсан байх юм.
Монголчууд ихэнх хүнсээ гаднаас импортолдог болсон гэх юм. Сүүгээр жишээлж бодоход үнэн юм шиг байна.
Монголд архинд хордож үхжээ гэж дуулддаг болохоос бус хүн өлсөж үхэж гэнэ гэж хэзээ ч сонсогдож байгаагүй юм даг. Энэ хэдэн мал монголчуудыг баян тарган болгож балгалзуулаагүй ч хоосон хонуулаагүй, экологийн цэвэр хоол хүсний эх сурвалж байсаар ирсэн.
Үе үеийн эрх баригчид жижиг дунд үйлдвэр гэж ярьсаар ирлээ. Уг нь их сайхан сэдэв. Гэтэл энэ зээлээс жирийнхэн нь жижгүүдтэйгээ хамт мултарч үлддэгийн бэлээхэн жишээ Хүрэлсүхийн Засгийг ганхуулахад хүрээд байна.
Нэгэн цагт монголын өрх бүр үйлдвэрлэгчид байжээ. Тэд улаан, цагаан идээ боловсруулах гайхалтай цэвэр технологийг бий болгож чадсан ард түмэн болохыг гадаадынхан гайхан биширсэн нь бий. Судлаачдын багцаагаар Монголын нэг малчин өрх 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх юм билээ. Тухайлбал, Монгол цавууг айл бүр хийдэг байв. Ийм цавуугаар наасан эдлэлийг 100 жилийн настай хэмээн ярилцдаг байжээ. Энэ мэтээр чаддагаа чадахаа байж, эсвэл гээж орхигдуулж, гаднаас авахаа илүүд үздэг болсон нь импортын хараат болоход хөтөлж байна.
Үе үеийн эрх баригчид жижиг дунд үйлдвэр гэж ярьсаар ирлээ. Уг нь их сайхан сэдэв. Тэднийг дэмжиж байна гээд жил бүр хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөдөг. Гэтэл энэ зээлээс жирийнхэн нь жижгүүдтэйгээ хамт мултарч үлддэгийн бэлээхэн жишээ Хүрэлсүхийн Засгийг ганхуулахад хүрээд байна.
Монголчууд айлаас эрэхээр авдраа уудла хэмээн ярьдаг. Энэ бол өөрдсийн чадахаа өрөөлөөс бүү гуй гэсэн санаа юм. Хийж чадаж байгаагаа гаднаас импортлох нь өөрсдийнхөө улаан голыг гогдож байгаагаас нэг их өөрцгүй санагдана. Монголд үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд хориг тавих, үгүй ядахнаа үүнийг хил гаалийн татварын бодлогоор зохицуулах боломж бий. Үндэсний үйлдвэрлэл бол бидний бас л нэг бахархал, аюулгүй байдлын батлагааны нэг хэсэг байх учиртай.
П.Булган
URL: