ИРГЭДЭД ШАХСАН “МСS”-ИЙН ЗУУХ ДАХИН ДЭЛБЭРЛЭЭ

Нийслэлийн утааг бууруулах үүднээс иргэдэд утаагүй зуух тарааж эхэлсэн. Уг зуухыг хямдралтай үнээр тарааж байгаа ч үүнээс болж иргэд угаартах явдал гарсаар байна. Хэд хоногийн өмнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн Д.Доржмаагийн байшиндаа суурилуулсан утаагүй зуух дэлбэрч, ханан пийшин нь задарсан хэрэг гарч байлаа. Энэ явдал ганц нэг айлд ч тохиолдож байгаа асуудал биш бололтой. Саяхан мөн дүүргийн 10 дугаар хорооны Усан сангийн нэгдүгээр гудамжны зургаан тоотод оршин суух айлын зуухнаас гал гарч тухайн айлд багагүй хохирол учруулсан байна. Оршин суугч Н.Пүүжээ ийн гомдоллож байна.
-Танай зуух яг хэзээ дэлбэрсэн юм бэ?
-Одоогоос 14 хоногийн өмнө төслөөр авсан зуух тавьсан юм. Зуухыг 14:00 цагийн үед тавьсан. Тэгээд 20:00 цагийн үед зуухнаас гал гарч байшингийн дээвэр шатаж эхэлсэн. Хэрэв бид тухайн үед унтчихсан байсан бол аюул болох байлаа.
-Ханан пийшинд угсрахаар ийм асуудал үүсээд байна гэж байсан. Танайх зуухаа яаж суурилуулсан юм бэ?
-Манайх зориулалтынх нь янданг хийж тавьсан. Төслийн хүмүүс ямар шаардлага тавьж байна түүнийг хийсэн. Галын дуудлагаар ирсэн гал хамгаалагчид хэлж байсан. Энэ төслийн зуухаас болж ассан гал дийлдэхгүй боллоо. Бидэнд 10 гаруй дуудлага ирсэн хэмээж байсан. Тэгэхээр энэ төслийн зуух ер нь аюултай эд бололтой.
-Танайд хэр хэмжээний хохирол учирсан бэ?
-Би хороондоо мэдэгдээд л өнгөрсөн. Зуухыг хариуцаж байгаа төслийнхөн ч тэр, бусад албаныхан ч тэр энэ асуудлыг ер авч хэлэлцдэггүй юм билээ. Эхлээд тавихдаа л их сурталчлаад байсан. Манайх нийт сая орчим төгрөгийн хохирол амссан. Ядаж байхад хуучин зуухыг маань хорооноос ирээд аваад явчихсан. Түүнийгээ тавья гэтэл хорооныхон төмрөнд тушаачихсан гээд өгөхгүй байх юм. Ингээд бид хөхөө өвлөөр галгүй болоод сууж байна. Хамаатан садан багатай айл бол хэцүүдэх юм билээ.

Д.Сүхбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих