100 АЙЛ ОРЧИМД ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМ БАРИНА

olloo_mn_1541583925_nithСүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн  барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө  үзүүлж, үйл ажиллагаа явуулж байсан барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, орчиндоо агаар хөрсний бохирдол учруулдаг барилгын материалын ил задгай худалдааг хориглон, ил задгай хоол хүнс, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгажээ.

100 айл дах барилгын материалын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:

Бизнес эрхлэгч бид Зуун айлд дахин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна. Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа” гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ”Юуны өмнө бид 100 айл орчимд агаар хөрсний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс  100 айл орчмыг  НГА, НХТЕГТ-тай хамтран тохижуулах,  400 автомашины зогсоол, явган хүний зам, дугуйн зам бүхий дөрвөн эгнээ иж бүрэн авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ. Авто замын зураг төслийн ажил хийгдэж дууссан. Харин  барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тухайд би Налайх руу нүүлгэх асуудлыг урьдал болгохгүй гэдгийг өмнө нь ч хэлж ярьж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад ажил эхлэхтэй зэрэгцэн дараа дараагийн ажлуудын төлөвлөгөө гарч ажиллана. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүйгээр та бүхэн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байж болно” гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байгаа” гэдгийг мэдээлэв.

Зуун айлд төвлөрч байсан барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр  гарсан.  Уг ажлын хүрээнд төв замаас Налайхын үйлдвэр технологийн парк  хүртэлх 4.6 км хүнд даацын автомашин явахад зориулсан автозамын барилгын зургийн ажлыг дуусгаж, эхний санхүүжилт болох 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн авто замын барилгын ажлыг эхлүүлжээ. Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр бий болж, барилгын материалын зах, тээвэр ложистик  төв бий болох давуу талтай юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


URL:

Сэтгэгдэл бичих